04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Бидэнд Хятадаас сурах юм бий юу

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтао саяхан ОХУ болон Украинд албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Украины сэтгүүлч Анна Варавва, Евгений Довбуш нар “Чему нас научит Китай” нэртэй нийтлэл бичсэн байна. Энэхүү нийтлэлд Хятадын өнөөгийн дүр төрхийг баримт түшиглэн өгүүлжээ.

Украин улс Хятадаас томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн найдаж байгаа. Үүнээс гадна төр засгийн удирдлагууд хятадуудын авлигатай тэмцэж буй арга туршлагыг нь нэвтрүүлэх, мөн Олимпд бэлдэж байсан туршлагыг нь судалж Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах ЕВРО-2012 тэмцээнийг явуулахад ашиглах гэнэ. Олонх хүн Хятадыг энэ бүхний үлгэр дууриал гэж үздэг тул тус улсыг илүү гүнзгий харах нь зүйтэй гэж үзлээ.

Хятад улс-дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр

Хятад улс ирээдүйд дэлхийн эдийн засгийг тодорхойлно хэмээн их ярих болж. Тус улс өөрийн үйлдвэрлэсэн бараануудаараа дэлхийн бүх дэлгүүрийн лангууг дүүргэж чаджээ. ДНБ-ийнхээ үзүүлэлтээр Японыг ардаа орхин АНУ-ын дараа хоёрт бичигдэх боллоо. Дэлхийн геополитикийн төв ч ойрын хэдэн арван жилийн дотор Хятад руу шилжинэ гэж олонх шинжээч зөгнөж байна.

Гэсэн хэдий ч Хятадын нийгэм зөрчилдөөнтэй, олонх нь ядуу амьдралтай гэдгийг төдийлөн анхаарахгүй байна. БНХАУ-ын Статистикийн хорооны мэдээллээс үзвэл тус улсад 150 орчим сая хүн буюу хүн амынх нь 10 хувь нь хоногт 1 доллараас ч бага орлоготой аж. НҮБ-ын үнэлэмжээр бол ядуу гэсэн ангилалд багтана. Тэгвэл нэг хүнд ногдох ДНБ-ийн үзүүлэлтээр тус орны иргэдийн амьжиргааны түвшин илүү бодитоор харагдана. Уг үзүүлэлтээрээ Дэлхийн банкнаас гаргасан жагсаалтад Хятад улс Босни Герцеговина, Белиз, Албани болон Сальвадор улсуудтай зэрэгцээд 93 дугаарт бичигдсэн байна. Харин АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийг үндэслэвэл бүр ч дор, Алжир, Туркменистан улсуудын дараа орох юм.

Үүний зэрэгцээ Хятад улс бусад улс оронд хөрөнгө оруулалт хийх идэвхтэй бодлого явуулж байгаа агаад Европын орнуудын өрийн бичгийг худалдан авсаар байна. БНХАУ-ын Мөнгөний хяналтыг удирдах газрын мэдээллээр тус улс Испанийн хэдэн арван жилийн хугацаанд хуримтлагдсан 1 тэрбум еврогийн өрийн бичгийг хэдийнэ худалдаж авчээ. Испанийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тооцож үзвэл эдгээр өрийн бичгийг худалдан авах нь үр ашиггүй зүйл хэмээн Се Тянь профессор үзэж байгаа талаар “The Epoch Times” мэдээлсэн юм. Мөддөө төлөгдөх найдвар бага тул ийм төрлийн хөрөнгө оруулалт хийх нь ашиггүй зүйл гэнэ. Иймээс үүнийг улс төрийн зорилготой хийсэн хөрөнгө оруулалт гэж нэрлэж болно. Се Тянь профессорын үзэж буйгаар, Хятадын коммунист Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөө ашиглан Европт лобби бүлэглэл байгуулахыг чармайж байгаа аж. Лобби бүлэглэл үүсгэсний ачаар Бээжин Европын холбооноос зэвсэг худалдан авах эрхтэй болохын сацуу бүлэглэлийн гишүүн орнуудыг ч Хятадад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа тал дээр амаа хамхиж суухаас аргагүйд хүргэх юм.

Лондонгийн Legatum хүрээлэнгээс 2010 онд хамгийн сайн цэцэглэн хөгжсөн орнуудын жагсаалтыг гаргахад Хятад улс нийгмийн аюулгүй байдал болон хувь хүний эрх чөлөөний үзүүлэлтээрээ сүүлийн хэдэн байруудын нэгд орсон билээ.

Авлигатай тэмцэх “хятад” арга

Сүүлийн хэдэн арван жилийн турш хятадууд авлигатай тэмцэж байгаагаа зарласаар ирсэн. Энэ талаар сонсох бүрийд Хятад авлига гээч юм нэг бол огт байдаггүй, нэг бол туйлын газар авсан үзэгдэл юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ бид эсрэг дүр зургийг олж харах болно.

Дарангуйллын дэглэмтэй засаг, бурханд үл итгэсэн хүмүүжил нь Хятад улсыг яваандаа юунд ч хязгаарлагддаггүй эрх мэдэлтэй болгож орхив. Тухайлбал, Хятадын коммунист намд өрсөлдөгч гэж байхгүй, тэгэхээр хяналт тогтоож, шалгалт явуулах хараат бус байгууллага гэж байхгүй байж таарна. Нам юу гэж л өөрөө өөрийгөө шийтгэж гишүүдээ аятай, ашигтай нөхцөлөөс нь салгах вэ дээ.

Саяхан олон нийтэд дэлгэгдсэн албан бус мэдээнд дурдсанаар, тус улсад илчлэгдсэн авлигачдын тоо 2009 онд 2.5 хувиар өсч үүнд нь нийтдээ 106 мянган намын ажилтан багтсан гэх. Мөн саяхан Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2009 онд төрийн өндөр албан тушаалтнууд нь 150-200 сая юанийг буюу 21.4-28.5 сая долларыг албан унаандаа зарцуулсан байсан талаар мэдээлсэн юм. Хэрэв үүн дээр тэдгээр дарга нарын гадаадын томилолт, хүлээн авалтын зардалд зарцуулсан төсвийн мөнгийг нэмбэл тус улсын жилийн нийт зардлын 30 гаруй хувийг нь эзлэх юм байна. Хятадын Сангийн яамнаас гаргасан мэдээг үндэслэвэл тус улсад тогтоосон хэмжээнээс 50 хувиар илүү тооны автомашин албаны хэрэгцээнд ашиглагдаж байгаа аж. Түүнчлэн World Luxury Association компанийн статистикийн мэдээнээс харахад, 2007 онд Хятад улс тансаг хэрэглээнд зарцуулсан мөнгөн дүнгээрээ дэлхийд 3 дугаар байранд орж байжээ. Тэдгээрийг гол төлөв намын ажилтнууд худалдан авсан байдаг байна.

Тэгвэл авлигын талаар мэдээлсэн иргэдийг харьяа удирдлагуудын нь зүгээс хорих, зодох, сэтгэцийн эмнэлэгт хатаах, заналхийлэх болон бусад аргаар дарамтлахыг оролдож байсан тохиолдол олон бий.

Францын “Мариан” сонины сэтгүүлчид 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны дугаартаа Хятад улсад Европын стандартаар баригдсан, авлигачдад зориулсан тусгай шорон байдаг талаар нийтэлж байсан юм. Энэ шорон ажлын олон өрөөтэй, тагтнуудтайгаас гадна хүлээн авалтын танхимуудтай гэнэ. Шоронгийн эргэн тойронд биеийн тамирын болон теннисний талбай, хиймэл нуур, гоёмсог цэцэрлэгт хүрээлэн зэргийг олноор нь барьж байгуулсан байдаг аж. Шүүхийн тогтоолыг хүлээж суугаа албан тушаалтнуудын олонхи нь энэ л шоронд өрөөгөө хэдийнэ захиалчихжээ.

Хятадын баячууд эх орноо орхин гардаг

Forbes-ын энэ онд гаргасан үнэлгээгээр, Хятадад долларын 115 тэрбумтан амьдардаг гэх. Үүнээс гадна тус улсад 1 сая орчим саятан бий. Харин Хятадын хүн амын 65 хувь нь тариачин ард бөгөөд тэд хүнс болон байрны түрээсээ арай ядан болгож яваа.

Гэсэн хэдий ч Хятадын баячуудад эх орондоо амьдрах нь тийм ч сайхан биш байдаг бололтой. Сүүлийн жилүүдэд хилийн чанадыг зорих баян хятадуудын тоо асар хурдтай өсч байна. Энэ оны дөрөвдүгээр сард хууль зүйн Bain & Company компани China Merchants Bank хэмээх банктай хамтран санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүнгээс үзвэл Хятадын саятнуудын тэн хагасаас илүү хувь нь нэг бол хэдийнэ цагаачлаад гарчихсан эсвэл эх орноо орхин гарахаар сэтгэл шулуудсан байгаа нь илэрчээ. Ингэх болсон гол шалтгаан нь боловсролын түвшин муу, энэ орны улс төрийн байдал тогтворгүй байгаатай холбоотой ажээ.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн дагуу АНУ-д цагаачилсан хятад иргэдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд 73 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ хөтөлбөрт хамрагдан Америкийн визийг авахын тулд багаар бодоход 500 мянган доллар төлдөг хэмээн Нью-Йорк Таймс мэдээлжээ.

Хятадын баячууд өнөө үед үйлчилж буй улс төрийн системээс болж өөрсдийгөө аюулгүй орчинд байгаа гэж үзэж чадахгүй байна хэмээн шинжээчид үздэг. Өөрсдөд нь хэрэггүй гэж үзсэн хэнийг ч болов төр засаг нь амархан дөнгөчихнө. Улс төрийн дээгүүр албан тушаалтнуудын дунд танилгүй л бол хэзээ л бол хэзээ хөрөнгөөсөө салах аюултайгаас гадна шоронд ч суух магадлал өндөр.

Ойрын нэг тод жишээ нь Хуан Гуаньюй гэгчид тохиолдсон явдал. Тэрбээр ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэдэг GOME хэмээх Хятадын томоохон компанийг үүсгэн байгуулсан хүн. Өнгөрөгч оны тавдугаар сард түүнийг авлига, эдийн засгийн гэмт хэрэгт буруутган 14 жилийн хорих ялаар шийтгэсэн төдийгүй 88 сая ам.долларын торгууль ногдуулсан юм. 2008 онд түүний компани 6.3 тэрбум доллараар үнэлэгддэг байлаа.

Бас нэг жишээ. Энэ онд Шаньдун, Чжэцзян мужуудын хоёр саятан амиа хорлов. Ер нь сүүлийн жилүүдэд нийтдээ 9 саятан амиа хорлосон юм. Энэ явдал Хятадад томоохон бизнесменүүд сэтгэл санааны хүнд дарамтанд амьдардагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Үргэлжлэл бий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.