04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Хятадууд одоо ч хоригдлуудаа тоглоомын бизнест ашиглаж буйг үгүйсгэсэнгүй

Английн The Guardian сонины сайтад Хятадын нэгэн шоронд хоригдож байсан Лю Дали (нэрийг нь өөрчилсөн аж.Орч) гэгчтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Тэрбээр Хятадын шоронгийн удирдлагуудыг шөнө бүр хоригдлуудаа хүчээр онлайн тоглоом тоглуулдаг байсан тухай ярьсан байна.

Лю Дали нь өөрийнхөө хотод газар аваад байсан авлигын эсрэг “хууль бус арга” хэрэглэсэн гэж буруутгагдан 2004 оноос гурван жилийн хугацаатай ял эдэлжээ. Шоронд байхдаа шүдний чигчлүүр, савх, автомашины суудлын бүрээс зэргийг хийдэг байж. Хоригдлуудыг өдрийн үүрэгт ажлаа дуусгахад коммунист үзэл суртал нэвт шингэсэн зохиолуудыг цээжлүүлсний дараа унтрахыг мэдэхгүй компьютерүүдийн ард хүчээр суулгадаг байсан гэнэ. Шоронгийн хуягууд хоригдлуудаар “World of Warcraft”-ыг тоглуулж цуглуулсан оноонуудыг нь бэлэн мөнгөөр борлуулдаг байсан ажээ. Онлайн тоглоомуудад цуглуулсан оноо, бонус урамшуулал, хийсвэр мөнгөн дэвсгэртүүдийг бодит мөнгө болгох нь тоглоомын ертөнцөд мөнгө олох хамгийн их дэлгэрсэн арга юм. Үүнийг “голд-фарминг” эсвэл зүгээр л “фарминг” гэж нэрлэдэг. Цугларсан оноо, бонус гэх мэтийг гол төлөв АНУ, Европын тоглоомчид худалдан авдаг.

Хоригдлуудаар мангасуудыг устгуулж, гоблинчуудтай тулалдуулах нь биеийн хүчний хөдөлмөр хийлгэхээс ч илүү орлого авчирч болохыг шоронгийн удирдлагууд ойлгожээ. Хуягууд өдөртөө 5-6 мянган юань буюу 700-900 ам.доллар олдог байсан бөгөөд энэ бүх мөнгөө дарга нартаа тушаадаг байсан гэнэ. Мөнгө олох энэхүү ажилд ойролцоогоор 300 орчим хоригдлыг хамруулдаг байсан аж. Тэгээд нормоо биелүүлээгүй тохиолдолд зохих ёсны шийтгэлийг нь ч хүлээлгэдэг байсан бололтой. “Намайг гараа өргөж зогсохыг шаарддаг байсан. Тэгээд камер руу явах замд хуванцар хоолойгоор зоддог байлаа” хэмээн Лю Дали дурсан ярьжээ.

Хямд ажиллах хүчин олонтой, хурдны интернет болон хямд үнэтэй компьютер бий болсон гэх хүчин зүйлүүд гуравдагч ертөнцийн орнуудад тоглоомын бизнес цэцэглэх бүх боломжийг бүрдүүлж өгчээ. Судлаачид “фарминг”-ийн хагас хууль бус зах зээлийг жилдээ 1.5 тэрбум доллараар үнэлдэг ба энэ бизнес Хятадад хамгийн их дэлгэрсэн төдийгүй бүх “фарминг”-ийн 85 хувийг нь хятадууд эзэлдэг аж.

Хятадын тоглоомчингуудын олонх нь онлайн тоглоомуудын хүчинд амьжиргаагаа залгуулдаг байна. Мэргэжлийн тоглоомчингууд нь гэртээ эсвэл кафед компьютерийн дэлгэцийн өмнө хэд хоногоор ч хамаагүй сууцгаадаг гэнэ. Ер нь “фармерууд” бусад оронд ч бий. Тухайлбал, Мексик, Индонези, СНГ буюу Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд багтдаг орнууд болон Филиппин зэрэг улсад бас байдаг ч тоогоороо Хятадын фармеруудын хаана нь ч хүрэхгүй. Хятадын интернет төвийн судалгаанаас харахад, 40 сая хэрэглэгчийн 100 мянга нь онлайн тоглоомоор орлогынхоо эх үүсвэрийг олдог байна.

2009 онд худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас бусдад нь “фарминг”-ийг хориглосон юм. Гэсэн ч Лю Дали өнөөг хүртэл шоронгийн удирдлагууд хоригдлуудаа хүчээр онлайн тоглоом тоглуулж байгаа гэдэгт итгэж байгаа аж.

http://www.guardian.co.uk

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.