Санаачлагчид нь эсэргүүцлээ зогсоохыг уриалжээ

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн эсэргүүцлийн ажиллагааг санаачлагч нар ардчилсан сонгууль явуулахыг шаардаж буй эсэргүүцэгчдийг хөдөлгөөнөө зогсоохыг уриалжээ.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Хонконгийн эсэргүүцлийн ажиллагааг санаачлагч гурван хүн өөрсдөө лхагва гарагт цагдаагийн газарт очно гэж мэдэгдэв.
Оюутнууд болон бусад эсэргүүцэгч хоёр сарын өмнөөс суулт хийж эхэлсэн. Тэд 2017 онд Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг ардчилсан сонгуулиар сонгохыг уриалсан.
Ням гарагт эсэргүүцэгчид Хонконгийн Засгийн газрын ордныг бүслэхээр оролдож, цагдаа нартай мөргөлдсөний улмаас олон хүн гэмтэж бэртсэн билээ.
Оюутнуудын тавьсан шаардлагыг Хонконгийн Засгийн газар биелүүлэхээс эрс татгалзсан байна.
Гурван санаачлагчийн нэг болох Хонконгийн их сургуулийн дэд профессор Бенни Тай, иргэдийн хүчийг нийгмийн тогтвортой хөдөлгөөнд шилжүүлэх цаг нь болжээ гэж мэдэгджээ.
Удаан үргэлжилсэн эсэргүүцэл оюутнуудыг хүнд байдалд орууллаа. Хөдөлгөөнийг үргэлжлүүлэх арга замыг тэргүүлэгч нар судалж байна. Зарим эсэргүүцэгч өлсгөлөн зарлаж эхэлжээ.
Хонконг дахь манай сэтгүүлч нар оюутнууд ямар хариу үйлдэл үзүүлэхийг хүлээн байна гэж NHK мэдээлжээ.
Д.Нямтулга