04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ХОНКОНГТ МАШИНЫ ЗОГСООЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАВ

 Дэлхийн хамгийн үнэтэй худалдаа, орон сууцны дүүргүүдийн нэг болох Хонконгийн тэнгэр баганадсан өндөр байшингуудын дунд машины зогсоолтой болохын тулд 640 мянган доллар төлөх болж байна. Энэ үнэ залилан мэт сонсогдох авч Азийн санхүүгийн төв энэ хот дэлхийд үл хөдлөх хөрөнгийн үнээрээ тэргүүлдэг гэдгийг дурдах хэрэгтэй.

2010 оны эхэн үетэй харьцуулахад Хонконгт байрны үнэ хоёр дахин өссөн байна. Гэхдээ бидний яриад байгаа энэ тоо зөвхөн автомашины зогсоолын үнэ гэдгийг санах хэрэгтэй.

Ямар ч засвар чимэглэлгүй, моторын тос ханхалсан 2.5x5 метрийн талбайтай бетонон хананы хоорондох зайг 640 мянган доллараар худалдан авах гэнэ.

Энэ газрыг сүүлийн 10 жилийн турш эзэмшин ашиглаж буй Gale Well группын гүйцэтгэх захирал Жасинто Тонг "энэ миний хувьд хамгийн тохиромжтой зогсоол, би хааш хаашаа 20 алхаад л ажилдаа орчихно. Хүмүүс надад илүү үнэ амладаг боловч надад одоогоор зарах хүсэл алга" хэмээн өгүүллээ. Тэрбээр ийм үнэтэй зогсоол хоёрыг эзэмшдэг ажээ.

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн Колиерс Интэрнейшнл компаниас машины зогсоолын ханшинд хийсэн сүүлийн судалгаагаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дотроос хамгийн өндөр үнэтэй зогсоолтой нь Хонконг гэдэг нь тодорхой болжээ. 2011 онд Хонконгт зогсоолын дундаж төлбөрийн хэмжээ 744.72 доллар байв. Харин Токио хот нэг долларын зөрүүгээр удаалжээ.

Хонконгт зогсоолын ханш өндөр байгаагийн учир нь засгийн газраас орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд тавьсан хязгаарлалтаас үүдэлтэй гэнэ. Шинжээчид Хонконгын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг "дэлбэрэх гэж буй бөмбөлөг"-тэй адилтгасан ажээ. Иймээс 2010 оноос эхлэн засгийн газар бөмбөлгийн хийг бага багаар гаргах бодлогыг баримталж байгаа юм. Энэ нь орон сууцны үнийг нэмэх бодлого байв. Уг бодлого үр дүнгээ өгч 23 сарын дотор орон сууцны борлуулалт 31 хувиар буураад байгаа гэнэ.

Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдыг машины зогсоол зэрэг хязгаарлалт хийгдээгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү түлхсэнээр үнийн хөөрөгдөл үүсээд байгаа ажээ. Түүнчлэн зогсоолд оруулсан хөрөнгө 25 хувиар, үйлдвэрлэл болон жижиглэн худалдааны зориулалттай талбайн үнэ 16 хувиар өссөн байна. Үнийн эрс өсөлт болон өндөр түрээс нь хөрөнгө оруулагчдыг уг бизнес руу улам ихээр татаж байгаа гэнэ.

2010 оны 11 дүгээр сард машины зогсоолын борлуулалтын мөнгөн дүн 525 сая доллар байсан бол энэ жил 43 хувиар өсөн 751 сая долларт хүрчээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм
Машины зогсоолд хөрөнгө оруулах нь орон сууцанд хөрөнгө оруулснаас мэдээж эрсдэлтэй. Хэрэв Хонконгийн зах зээл уналтанд орвол хүмүүс машинаа зарж гэртээ амьдрахаас бус гэрээ зарж зогсоолдоо амьдрахгүй нь ойлгомжтой.
Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.