05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

МОНГОЛ: ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН НҮҮДЭЛЧИД

Монголын тал нутагт уламжлалт амьдралын хэв маягийг хадгалан үлдэхэд шинэ технологи тусалж байна.
Монголын өргөн уудам тал нутаг нь дэлхийн нүүдэлчдийн соёлыг хадгалж үлдсэн цөөн хэдэн газрын нэг юм. Орос, Хятадын хооронд оршдог Монголын тал бараг бүрэн бүтэн хэвээр, нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь үеэс үед бараг өөрчлөгдөөгүй. Мал аж ахуйн соёл нь Чингис хааны өмнөх үеэс ч өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн.

Гэхдээ боловсрол эзэмшиж, ажилд орж, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэхийн тулд нүүдэлчид олноороо хот суурин бараадах болсонтой холбоотойгоор тал нутгийн үзэсгэлэнт байгаль аажим аажмаар өөрчлөгдөж байна. Орчин үеийн соёл хот руу нүүсэн монголчуудыг татсан төдийгүй нүүдлийн амьдралын хэв маягаа хадгалан авч үлдэж буй хүмүүсийг ч татаж байна.

Өнөөдөр тал нутагтаа үлдсэн нүүдэлчид хуучны уламжлалаа орчин үеийн техник хэрэгсэлтэй хослуулж байна. Тэд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч гэсэн амьдралын хэв маягаа үргэлжлүүлсээр байгаа ч олонх нь мал сүргээ мотоциклиор хариулж байна.

Үхэр тэргээр бус ачааны машинаар нүүж байна. Мотоцикл болон ачааны машины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутагт шатахуун түгээх станц олноороо баригдаж эхэлжээ. Монгол гэрт нэмэгдсэн өөр нэг зүйл бол нарны зай хураагуур. Үүний ачаар зөвхөн нэг газарт баригдалгүйгээр нүүдэлчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна. Нүүдэлчид нарны эрчим хүч ашиглан телевиз үздэг бол, эцэг эхчүүдийн хувьд хотод сургуулийн дотуур байранд суудаг хүүхдүүдтэйгээ холбогдох ганц арга зам нь гар утас юм.

Технологи хүртээмжтэй болохын хэрээр амьдралын хэв маягт өөрчлөлт гарах нь гарцаагүй. Гэхдээ эдгээр өөрчлөлт эртний уламжлалаа хөгжүүлэн цэцэглүүлэхэд мөн тусалж байна. Тал нутгийн амьдралаа орхихоос илүүтэйгээр Монголын нүүдэлчид энэ маягаар орчин үеийн соёлтой дасан зохицож байна. Монголчууд шилжилтийн энэ соёлын ачаар орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлж, эртний бөгөөд гайхалтай амьдралын хэв маягаа хадгалан авч үлдэж байна гэж Токио хотод төвтэй “The Diplomat” цахим сэтгүүлийн гэрэл зургийн сэтгүүлч Ханна Рейис бичжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.