05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Арлын Шилдэг Самурай Юу? Талын хүчит Баатар уу?

Япончуудын олон жилийн дотоод өрсөлдөөн, нийгмийн хувьслын дундааас үүссэн эли анги нь самурай нар билээ. Өрнийн ертөнцөд ч одоо тэдний сахилга бат, тулалдах чадвар, оюун билэгийг хүндэлж шүтдэг. Дайтах урлагийг бүрэн төгсжүүлж гардан тулааны дээд зэргийн чадварыг тэд эзэмшсэн байж. Чухам тэдний үхлийг хайрлалгүй тулалдах чадвар, эзэн эх орондоо үнэнч зүтгэх философи нь Япон орныг өрнийн колончлогчдоос хамгаалсан юм. Мэдээж япон орны байрлал, арлын орны онцлог, мэргэн удирдагчид зэрэг нь ч бас Японыг хаалттай байхад нөлөөлсөн. Гэхдээ Японы сүр сүлд болсон самурай соёлын нөлөө хэзээ ч дутуу үнэлэгддэггүй. Самурай соёл нь сонгодог утгаараа улиран халагдаж Япончууд шинэчлэл хийсэн боловч Японы ард түмэн болон лидерүүдийн дунд тэдний төлөөлж байсан санаа нь байсаар байж. Дэлхийн 20-р Дайнд ч тэднийг арлын жижгэвтэр орны хувьд мангас гүрнүүдтэй тулалдаж муугүй амжилттай байлдахад нөлөөлсөн зүйл бол самурай соёл мөн. Тэрхүү дайнд зөвхөн японы элитүүд биш энгийн цэргүүд нь ч өөрсдийгөө самурайд тооцсон байж.

Гэвч хүчирхэг гүрнүүдийг үнэхээр баралгүй өвдөглөсөн Япончууд 1945 оноос хойш тэрхүү соёлоо их хэмжээгээр урсган алджээ.

Олон жилийн түүхд цэргийн уламжлал соёл нь ч бараг алга болохтой зэрэгцээд самурай соёл дурсамж л болон үлдлээ. Соёлын мухардалд орсон Япончууд зэвсгээ хураалгасан ч гэсэн эдийн засгаа хүчирхэгжүүлж дэлхийн толгой баян орнуудын тоонд элслээ. Гэвч тэдний үндэстний бэлэг тэмдэг болсон самурай нар алгаа. Самурай санагалзан дурсаад кино ч хийлээ, мафи шинжтэй бүлгүүд ч байгуулагдлаа. Гэхдээ самурайгаа хайгаад олдоггүй ээ. Консерватив Япончууд тэр үед өөрсдийн түүхт Сумо бөхөө хараад гүн соёл уламжлал нь самурай нарыг нь санагалзуулж байгааг харлаа. Сумо бөхчүүдээс төрсөн шилдгийн шилдэг их аваргууд нь самурай сэлэм зүүж самурай адил биеээ авч явах заншилтай байдгийг ч саналаа. Тийнхүү консерватив үзэлтэй Япончуудын дунд сумо нь эрт үеэ санагалзан үндэстнээрээ бахархах ариун сүм нь болжээ. Сумогийн дэвжээнүүд хоорондоо ширүүн өрсөлдөх бөгөөд өрсөлдөөнд илүүрхэхийн тулд гадаад улсын чадварлаг эрсийг авчрах болж. Хавайн арлаас үлэмж биет аваргууд төрлөө. Тэдэнтэй тулалдах Япон сумочдоо дэмжиж сумогийн үзэгчид эрс нэмэгдэх болов. Самурай ёсыг бүтнээр нь дагахгүй ч гэсэн ядаж бага ч гэсэн элемент нь байдаг болохоор гадаадын бөхчүүдийг самурай адил биеэ авч яван төгс төгөлдөр Япон баатрын зан чанар төлөвийг харуулахыг гадаадуудаас ч шаардах болсон байна. Энэ л үед талын Монголоос бөхийн удамт, авъяаслаг шазруун Дагвадорж хөвүүн ирж түймэр мэт хурдан тэлж сумог байлдан дагууллаа.

Өрсөлдөгч сумочдоо бэлтгэл дээр ч, тулааны дэвжээн дээр ч илэрхий илүүрхэн Японы арлуудыг цунами давалгаа шиг чичрээж эхэллээ. Ядуу Монгол орноо төлөөлөн яваа Дагвадоржийн гол зорилго нь эх орныхоо нэрийг түгээж гавъяаг нь мандуулах байж. Тэрээр сумогийн ягшмал зарчмыг бурхан адил шүтэн, самурай соёлыг Япончуудад сануулан сэвэлзүүлэхэд тийм ч их анхаарал тавьсангүй. Дагвадорж шилжилтийн үед мөлхөн зовсон нутгийн ард иргэддээ сэтгэл моралийн хүч чадал барилдаан ялалтаараа хайрлахад л хамаг анхаарлаа хандуулсан байлаа. Өөрийгөө тэрээр спортод тэмцэж яваа мэргэжлийн тамирчин эр гэж харснаас биш самурай соёлын галыг унтраалгүй хамгаалан баригч гэж харсангүй. Түүний ялалтууд ч зовсон Монгол ардад урам өгч байлаа. Улстөрчид хоосон амлаж хэрэлдэн, улс орноо хөгжүүлэх талаар худлаа ярих завсраар Асашорюу Дагвадорж аварга дэлхий даяар таран суух Монгол түмний магнайг тэнийлгэж урам зоригийнх нь галыг бадрааж байв. Олон улсын түвшинд ийнхүү давамгайлж болдог юм байна гэдгийг Монгол ард иргэд ч харж урам зориг оров. Түүнийг дагаад нутгийн дүү Даваажаргал ч Их Аварга болов. Аварга болж болно, аварга байх ёстой гэсэн философи нь Монголын олимпийн тамирчдад ч нөлөөлсөн нь гарцаагүй.

2008 онд Монголчууд олимпоос хос алтан медал хүртэцгээн баярын нулимс унагаав. Гэвч самурай ёсыг хамгаалахад бус Монголын хөгжлийг түргэтгэхэд анхаарлаа хэт хандуулсан аваргыг Япон консервативууд шүүмжилж эхэллээ. Шар хэвлэлүүд нь гүтгэж Сумогийн Холбоо нь ч хэтрүүлэн шийтгэв. Гэвч Аса аваргыг даран унагасан нь үгүй. Сумог болон Самурайн түүхийг хүндлэвч талын хүчирхэг баатруудыг төлөөлөхөө эрхэмд бодсон Их Аваргын буруу хаана байх билээ? Одоо ч тэрээр Монгол туургатнаа төлөөлөн наадмуудад оролцож, Монгол хүүхдийг тэтгэн ивээн буяны ажил хийж, Монгол болон япон ирээдүйн сумочдыг бэлтгэн төрүүлсээр явна. Ард түмний жинхэнэ төлөөлөл болсон гоц хүн хэдэн жилд нэг төрдөг бол? Үндэстнийг нуруун дээрээ авч яван бардам ялалт байгуулах аварга түүхэнд олон төрсөн юм болов уу? Их аваргын өлмий бат оршиг.

Б. Оргил


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.