04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Танихгүй дэвжээний Монголжингоо

Танихгүй дэвжээ гээд эхлэхээр уншигч та гайхаж магад. Энэ бол прорэслинг. Та нар Америкийн кабэлийн сувгаар харж байсан байх. Том том биетэй, гял цал болсон хувцастай улсууд рингэн дээр гарж ирэн, арслан барс мэт архиралдан, цус нөжөө гоожуулан зодолдохыг хараад аа энэ чинь зүгээр л шоу юм билээ хэмээн мэдэмхийрэн ярих нэгэн байхад энэ ч спорт биш гэж оношлох мэргэжилтэн бас цөөнгүй байх аж. Гэтэл сайтар ажиглан, чихээ дэлдийлгэн сонсоод байваас бас нэг тийм амархан эд биш бололтой. Рингэн дээр амиа алдсан тамирчин ч гардаг гэх юм, тахир дутуу болох ч наад зах л гэлцэх юм.

Ямар ч гэсэн хэдэн арван мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрж, фэнүүд тасалбар авахаар өглөөнөөс эхлэн дараалан зогсож байхыг нь хараад энэхүү спортод үзэгчидийг ингэж өөртөө татах ямар нэг юм байгааг мэдрэх бөлгөө. Бөх боксоо л үзэж өссөн бидэнд танихгүй дэвжээ. Гэхдээ магадгүй энэ спорт хүнд байгаа авьяас чадвар, мэх ухааныг бусад ямар ч спортоос илүү гаргаж илрүүлж өгдөг байж мэдэх. Тэгвэл прорэслингийн амтыг мэдрээд дурлаад, Японы мэргэжилтнүүд, фэнүүд дунд өөрийн гэсэн нэр хүнд байр сууриа олчихсон нэгэн монгол охин гялалзаж явна. Цаашдаа ч прорэслингдээ хүч зүтгэн, Монголдоо прорэслинг оруулж,  биднийхээ нүдийг нээх эрхэм бодолтой Монголжингоотой уулзуулья.

Тамирчин Монголжингоо

-    За юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-    Намайг Эрдэнэбилэгийн Болормаа гэдэг. 1985 онд төрсөн. Үхэр жилтэй үхрийн ордных. Ах дүү 6-уулаа. Айлын 3 дахь нь.

-    Тэмцээн харж байхад та бусад тамирчдаас нуруугаар тасархай өндөр харагдаж байна?
-    172 см өндөртэй, 67 кг жинтэй байгаа.

-    Багаасаа л ийм том биетэй хүүхэд байсан уу? Ер нь яаж яваад спортын ам бүлд багтсан талаараа яривал?
-    Багаасаа мод хагалж, ус зөөж өссөн болохоор биеийн хөгжил сайн байсан. Доороо 3 дүүтэй хүн чинь гэрийн ажлыг бол хийж өгнө шүү дээ. Манайд  Эрдэнэбаяр гээд улсын начин ах ирдэг байлаа. Тэр ах л бөхийн нүдээр намайг барилдах хүүхэд гэж олж харсан юм. Би чинь 35 литрийн устай канистр мөрөн дээрээ өргөөд л аваад явчдаг байсан. Эрдэнэбаяр ах ирэх болгондоо чи бөх барилд гэж ятгана. Сүүлдээ бүр ороод ирэхээр нь л за дахиад нөгөө яриагаа эхлэх нь гээд л гараад зугтчихдаг байлаа. 16 нас хүрээд ер нь барилдаад үзье гэж бодоод Эрдэнэбаяр ах намайг Спортын Төв ордонд дагуулж очин Шийрэв багшид хүлээлгэн өгч байсан. Сэкцэнд орж, 7 хоноод л шууд самбо бөхийн өсвөрийн УАШТ-д орж хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. Ялагдчаад шар хөдлөөд за сайхан мэх сурж байгаад заавал ирэх жил медаль авна даа гэж бодсон.

-    Хүчээр шахуу орж байсан хүн өөрөө дуртай болж эхэлж ээ дээ?
-    Харин тийм. Эртхэн орж байсан бол зөндөө тэмцээнд орчихсон, юм сурчихсан байхгүй юу гэж харамсаж байснаа санадаг. Би үеийнхнээсээ чадлаар хамаагүй илүү, гэхдээ 7 л хонож байгаа болохоор мэх ер мэдэхгүй, зүгээр л барьж авч, баглаж хаяад эсвэл дүүгүүрдээд л байдаг байлаа. Бүр Дүүгүүр Болроо гэсэн хочтой болсон байсан.

-    Ирэх жил нь тэгээд даагаа нэхсэн үү?
-    Хүсээд авж чадаагүй хүрэл медалиа авсан. Миний анхны медаль. Жүдо, самбо, сумогоор нилээд олон шагналтай, гэхдээ самбых нь илүү олон байх. Чөлөөт бөх барилдаж үзсэн, стиль дүрэм өөр юм болохоор учраа олоогүй байж байгаад тэнгэр хараад л ялагдчиж байна лээ. Бөхөөс өөр спорт гэвэл сагсан бөмбөг, уулын спортоор бага зэрэг хичээллэсэн.

-    Японы прорэслингэд яагаад орох болсон юм бэ?
-    Манай Ёшида Марико багшийн нэгэн танил нь Монголд хүүхдийн асрамжийн газар байгуулсан, ер нь манайхтай их холбоотой хүн байдаг. Манай сумочид энд сайн барилдаж байгааг хэлэх үү, багшаас Монгол тамирчин авах уу гэж асуусан гэсэн. Ёшида багш их зоригтой хүн. Нэг хүүхэд шалгаруулж авъя гээд тэр дороо шууд Монголд хүрээд ирсэн. СТО-д бэлтгэл дээр видео бичлэг үзүүлээд л. 40-50 хүүхэд  цугласан байсан. Би ажил гараад хоцроод орж иртэл Ёшида багш над дээр хүрж ирээд, сонирхоод харж байснаа Японы прорэслингэд орох уу? Аав ээжээсээ асуугаад хариу хэлээрэй гэж хэлсэн. Аав маань өөрөө л мэд гэж байлаа.

-    Тэр үед  прорэслингийн талаар ямар ойлголттой байв?
-    Зурагтаар Америкийн эрэгтэйчүүдийн тэмцээн л харж байсан болохоос эмэгтэйчүүдийг огт үзээгүй байсан. Багш Японы 2 охины тоглолт үзүүлээд. Сүртэй орилж хашгараад, үсэрж харайгаад л байх юм. Надтай нас ойролцоо охидууд тоглож байсан болохоор за энэ хэврэг японууд чадаж байгаа юм бол би чадна гэж бодсон. Шийрэв багш надад энэ чинь харин чам шиг зан ааштай хүнд яг болох юм биш үү гэж хэлж байлаа.

-    Анхны тэмцээнээ дурсвал?
-    Би 2007 оны 2 сард Японд ирээд 5 сарын 5-нд анхныхаа тэмцээнд орсон. Одоо бичлэгээ үзэхээр техник мэх гээд их дутуу байсан нь мэдэгддэг. Харин биеийн хөгжил бол бусдаасаа дээрд орж байлаа. Хүмүүс өндөр том тамирчины тоглолт үзэх дуртай. Тоглолт нь ч сонирхолтой болдог. Харин жин л багадаад байна. Жингийн ялгаа байхгүй тул том хүнтэй тоглохоор бэртэл гэмтэл авчих гээд байдаг. Багш 70 кг болтол жингээ нэм гэдэг юм.

-    Тоглолт харж байхад та бяраар япон тамирчидаас хавьгүй илүү харагддаг. Унаган бяр гэж боддог уу? Аль эсвэл бэлтгэл дасгалых уу?
-    Унаган бяр. Багаасаа мод түлээ хагалж, ус зөөж өссөн болохоор шөрмөстэй. Жишээ нь гар дээр суниахаар би чаддаггүй. Манайхан болохоор хэд л бол хэд суниагаад л байна. Тэгээд тэмцээн болохоор би бүгдийг нь аваад шидчихнэ бүгд гайхаад л байдаг. Монгол хүн өөр л дөө.

-    Гэмтэл ихтэй спорт юмаа даа?
-    Прорэслингэд юуны өмнө сурах зүйл бол уналтын техник. Унаж сурахгүй бол гэмтэхээс эхлээд амь насаа ч алдаж болно. 10 сард нэг тамирчин унахдаа хүзүүгээ хугалаад өнгөрчихсөн. Сүртэй том булчин хэрэггүй ч хүзүүний булчин сайн байхгүй бол гэмтэх аюултай.

-    Таны дэвжээний нэр Есүй. Өөрөө сонгосон юм уу?
-    Чимгээ гээд багын найз маань олж өгсөн юм. Найздаа, нэр олох хэрэгтэй байна гэж захиад байж байтал нэг өдөр утасдаад чи Монголын нууц Товчооны тэддүгээр хуудас үз дээ. Есүй хатны талаар уншаад үз ямар байна гэж хэлсэн. Уншаад их таалагдсан. Ухаантай, царайлаг. Энэ хатан шиг зөв явах юмсан гэж боддог. Ёшида багшаасаа асуухад утгыг нь тайлбарлуулаад , японоор хэлж үзээд болно гэж зөвшөөрсөн. Урьд нь Хулан гэж нэр авах гэсэн Японд Л үсэг байхгүй Хуран гэж уншаад байхаар нь больсон.

-    Тэмцээн уралдаан хэр олон болдог юм бэ?
-    Токиод болох тэмцээнүүдээс гадна хөдөө орон нутгаар их явж тоглодог. Тэмцээн зохион байгуулагч нар өөрсдөө хэнийг хэнтэй тааруулбал илүү сонирхолтой вэ гэдгээ ярилцаж тохироод авж явах хүнээ шийднэ. Сард 15 тэмцээнд орсон хүн ч байгаа. Үзэгчдийг байлдан дагуулж чаддаг хүнийг тэмцээндээ оролцуулах дуртай байдаг. Сайхан гоё техниктэй тамирчинг үзэгчид хаашаа ч дагаад л явна. Олон жил тоголж байгаа мөртлөө фэнгүй хүн ч бий. Ер нь хүнээсээ л болно доо. Миний хувьд Монголын анхны эмэгтэй прорэс гэдгээрээ фэнүүд их сонирхдог. Тойргийн барилдаанаар Японд харин овоо олон газар яваад үзчихсэн.

-    Дэг журам хатуу биз?
-    Хатуу хатуу. Гэхдээ урьд нь бүр аймаар байсан юм гэнэ лээ. Өөрийнх нь чадахгүй мэхийг хийчихээр уурлаад бас янз янз болно. За тэгээд фэний тоо, ур чадвар гээд даваад яваад өгөхөөр халууд бас л дэглэнэ шүү. Монголд бараг дэг энэ тэр байгаагүй болохоор анх сонин санагддаг байсан.

-    Танаас өөр гадаад тамирчин тоглож байгаа юу?
-    Байнгын гэрээ байгуулсан гадаад тамирчин бол надаас өөр байхгүй. 1-3 сарын гэрээгээр Америк Мексикээс тамирчид ирж тоглодог. Би одоо 1 жилийн гэрээтэй байгаа. Тэгээд сунгаад л яваад байна даа.
Аав ээжийн охин Монголжингоо

-    Хараад байхад нил булчин шөрмөс болсон хүн олон байх юм.
-    Тиймээ. Мэдээж эмэгтэй хүн хойно биеэ хамаагүй эвдлэхгүй юмсан гэж бодож явдаг. Эр эм нь мэдэгдэхгүй гэмээр тамирчин олон байгаа. Тэд нар шиг болохгүйн тулд өөртөө анхаардаг.

-    Жин бага болохоор хэцүү байдаг гэж дээр ярьсан. Жингээ нэмэх бодолтой байдаг уу?
-    Багш нэм гээд л, би болохоор нэг их нэмэхгүй санаатай. Бүр нэг их том сүртэй булчин ч хэрэггүй. Өөртөө таарсан булчинтай байвал боллоо гэж бодоод бэлтгэлээ тохируулж хийдэг.

-    Багаасаа бөх барилдсан хүмүүс чих нь боов болчихсон харагддаг.
-    Ер нь бол муу хүний чих л хугарч боов болдог юм. Нухуулж ноолуулж байж хугарна гэсэн үг. Гэхдээ эмэгтэй хүний чих хичнээн барилдлаа ч гэсэн тийм амархан хугардаггүй.

-    Гоо сайхандаа хэр анхаарал тавьдаг вэ?
-    Нэг их гангалъя гээд будаж шунхдаад байдаггүй. Гэхдээ биеэ цэвэрхэн авж явахгүй бол Монголын ганц прорэс нь гэсэн чинь нэг пөөдийсөн юм гараад ирвэл муухай биз дээ. Тийм болохоор энд эх орноо төлөөлж байгаагаа бодсон ч рингэн дээр гарахдаа золбоотой сэргэлэн байхыг хичээдэг. Хүмүүс чи царай зүс, бие хаа чинь эвдрээд муухай болчино, прорэсээ боль гэж хэлдэг л юм. Гэхдээ надад урдаа тавьсан зорилго байгаа болохоор дөнгөж эхэлж байж юу гэж болих вэ.

-    Прорэслингийн эмэгтэй тамирчидыг оройтож хурим хийдэг гэж ярьдаг.
-    Ихэнх нь 30 хүрж байж л хүнтэй суудаг юм билээ. Гэхдээ болохгүй гэсэн хаалт дүрэм бол байхгүй. Насны залуудаа амжилт гаргах гэж бүгд хичээж байгаа болохоор оройтож байгаа байх. Зарим тамирчид хуримаа хийгээд хүүхэд төрүүлээд, тав зургаан жилийн дараа дахин тоглож эхэлдэг.

-    Япон хэл бол одоо ус цас болоо биз дээ? Анх ирж байхад клубээс чинь багш орчуулагч гаргаж өгсөн үү?
-     Үгүй. Өөрөө л оролдож байж нэг юм ойлголцдог болоод байгаа. Анх ном бариад гүйгээд байдаг байсан бол одоо багштайгаа хов жив яриад суудаг болсон гэхээр анх ирж байснаа бодвол ч овоо л болж байна. Япон ТВ үзэх хэлний сайн хичээл болдог. Тэгээд япон дуу сурж дуулах. Хэлээ сайн сурчвал уг нь Японы ТВ- гээс ярилцлага нэвтрүүлэг хийе гээд л байдаг юм. Сайн сурж байж орохгүй бол хальт мулт яриад байвал муухай гэж бодоод хүлээлгээд байгаа.

-    Дуу хөгжим гэснээс ямар дуу сонсох дуртай вэ? Чөлөөт цагаа яаж өнгөрөөж байна?
-    Прорэслингийхэн гэхээр хүнд рок сонирхдог гэж хүмүүс боддог. Би эсрэгээрээ. Уянгын сайхан аяз сонсох дуртай. Хөгжмийн зохиолч Чинбат, Жанцанноров гуайн хөгжмүүд таалагддаг. Чөлөөт цаг гарвал ном уншиж, өөрийгөө боловсруулахыг хичээдэг. Залуу нас гэдэг харавсан сум шиг л өнгөрнө. Спортоос өөр юм мэдэхгүй хүн болчих вий гэж айдаг гэх үү дээ. К-1 үзэх дуртай. Уран гулгалт, гимнастик сонирхдог.

-    Хүнд тоглолтын дараа яаж амарч, сэргээлт авдаг вэ?
-    Сайхан сүүтэй цайгаа уугаад, монгол хоол идээд унтах. Манай тамирчид тоглолт дуусаад бүгд шар айраг уудаг юм. Би уудаггүй болохоор хүмүүст хийж өгөөд явж байгаад за баяртай гэж хэлээд л гараад явчдаг .

-    Японд ирсээр нилээд удлаа шүү. Дасаж байна уу?
-    Анх Япон гэж ямар орон байдаг бол, очоод яах бол энэ тэр гэж элдэв юм бодолгүй ирсэн болохоор хүнд хэцүү гэж шаналаагүй. Сэтгэлд ч амар юм билээ. Дүрэм журам хатуу, цаг барих гээд л дасахгүй юм байсан. Одоо бол усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр сурж л байна. Анх хог хаа хамаагүй хаях гээд байдаг байсан бол одоо гэртээ авчирж хаяад хүмүүжиж л байна. 

-    Гэр орноо дүү нараа санаж байна уу?
-    Яваандаа ааваа урьж тэмцээн үзүүлэх санаатай байгаа. Би рингэн дээр гарахдаа аав ээжийхээ зургийг зүүгээд гардаг. Энэ хоёр маань миний хувьд бурхан, шүтээн минь юм. Ийм  эрүүл чийрэг бие бялдартай төрүүлж өсгөсөнд нь үгээр илэрхийлэхийн аргагүй баярлаж явдаг. Ач тусыг нь бага ч гэсэн хариулах мөрөөдөлтэй. Энд ирсээр дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үгийг улам сайн ухаардаг болоод байгаа. Японд байгаа монголчууд үргэлж тусалж дэмжиж явдаг болохоор бараг шинэ гэр бүлтэй болчихсон юм шиг л байдаг. Тийм болохоор гэр орноо нэг их санаад байдаггүй. Хэрэв би энд ганцаараа байсан бол аль эрт Монгол харьсан байж ч магад. Олны тус дэмээр л өдий зэрэгтэй явж байна. Рингэнд гарахдаа өмсдөг соёмбо далбаатай нөмрөгийг манай шинэ озэки Харүнафүжи хийж өгсөн. Токиогийн Улаанбаатар рестораны Энхтуяа эгч бол анх ирсэнээс эхлээд тусалж, ивээн тэтгэж байгаа, миний ээж л гэсэн үг. Дашка ах бэлтгэлдээ явахдаа унаж бай гээд мотоцикл бэлэглэж байгаа юм. МИАТ-ын Япон дахь салбар Монгол орох хоёр талын билет өгөөд. Япон дахь монголчууддаа их баярлаж явдаг. Тэмцээн уралдаан болохоор туг далбаагаа бариад, зарим нь хичээл сургууль, ажил төрлөө хүртэл таслаад хүрээд ирдэг.

Монголын охин Монголжингоо

-    Ер нь хэдэн нас хүртэлээ тоглох бодолтой байгаа вэ?

-    Миний хамгийн гол зорилго бол Монголд прорэслинг гэдэг энэ спортоо зөв ойлгуулах. Бүгд ойлгож шимтэж үздэг болох хүртэл зүтгэх юмсан гэж боддог. Одоо манайд нохой зодоон гэж орчуулдаг. Буруу муухай орчуулга. Хүмүүс прорэслингийг Монголд хэзээ ч ойлгохгүй ,хүлээж авахгүй гэж ярьдаг. Би бол ойлгуулах бодолтой байгаа. Угаасаа ойлгохгүй болохгүй бүтэхгүй гээд яваад байвал юу ч байсан бүтэхгүй. Эерэгээр бодож, урагшаа харж явна гэсэн эрмэлзэлтэй. Жүдо самбо гэхээр 100 хувь контакттай спорт. Прорэслингийн 50 хувь нь контакт, 50 хувь нь үзэгч олны нүдийг баясгах шоу. Сайхан гоё мэхнүүд хийж фэнүүдээ баярлуулах.

-    Манайхан энэ сүүлийн 50 хувийг нь хэт анхаараад шоу гээд байх шиг.
-    Харин тийм. Шал худлаа гээд л шүүмжлээд байдаг ч хичнээн их өвддөг, бэртдэг, ямар их бэлтгэл хийж, хөлс цусаа урсгаж байдгийг мэддэггүй. Ойлгоод шимтээд эхлэхээрээ манайхан дурлаж сонирхоно гэж итгэж явдаг. Монголд тэмцээн хийх бодолтой байгаа. Асашёрю аварга ч тусалж дэмжинэ гэж хэлсэн. Гэхдээ өөрөө сайжирч, чангарж байж Монголд тоглохгүй бол сайн сураагүй байж очоод дэмий. Монголын анхны эмэгтэй прорэс гэдэг утгаараа би сайн хичээж, зүтгэхгүй бол болохгүй. Хэрэв би бэлтгэлээс зугтаад шантраад байвал дараа дараагийн монгол тамирчин ирэхэд хэцүү болно. Энэ утгаараа Монгол Япон хоёр орны хооронд гүүр болохсон гэж бодож явдаг. Манай спорт сонирхогчид маань Монголын нэгэн охин энд улсыхаа нэрийг гаргах гэж хамаг чадлаараа зүтгэж явна гэдгийг ойлгоосой.

-    Монголоос тамирчин хэзээ урих төлөвлөгөөтэй байна?
-    Ойрын хугацаанд авчрах бодолтой байгаа. Ёшида багш анх Монголд очиж шалгаруулалт хийх гэж байхад хүмүүс мэдэхгүй, тайлбарлахад хэцүү байсан бол одоо чи байгаа болохоор амар. Чиний сонгосон тамирчинг бид авна гэж хэлсэн. Нуруу туруутай өндөр охин авчрана. Сайн харж байж сонгохгүй бол айлын охиныг харь оронд авчраад гэмтээж бэртээчихвэл яанаа гэж бас айдаг юм. Прорэс үнэхээр их гэмтэлтэй. Манай багш гэхэд хоёр гар нь хугархай, хүзүү нь цуурсан. 6 жилийн өмнө болихгүй бол тахир дутуу болно шүү гэж эмч нарт хэлэгдэж явсан хүн. Удахгүй багш зодог тайлна. Гэхдээ Монголд тэмцээн хийх үед багшаа тоглоосой гэж хүсэж байгаа. Хэдэн жилдээ энд тоглож байгаад прорэслингийн эх нутаг болсон Америк, Мексикт очих мөрөөдөл бий. Тэнд ч Монголыхоо нэрийг гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Энэ ярилцлагын маргааш нь Есүй тэмцээнд оролцсон. Рингэн дээр үзүүлж байгаа түүний ур чадвар, ааг омог, бааварыг энэ удаад дурдаж амжсангүй. Нас залуу цус шингэн байна, оролцох тэмцээний тоо ч олон байна. Олон олон жил Монголыхоо нэрийг дэвжээн дээр цуурайтуулж, дэмжигч биднийгээ баярлуулж явах нь гарцаагүй.

Мягмарын Сугар-Эрдэнэ 

Токио хотоос

Эх сурвалж: dayarmongol.com
 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.