04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Япон улс бидний түнш мөн үү

Биднийг алгассан хөрөнгө оруулалт-хөгжил
Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний байруудад зиндаархдаг, Монголоос газар нутгаараа 4 дахин бага, хүн амаараа 49 дахин илүү Япон Улсын нэг хүнд ногдох бодит орлого 34 мян ам доллар юм. Хөгжлийн ийм өндөр түвшинд хүрсэн тэд эрчим хүчнийхээ хэрэглээгээр АНУ, Хятадын дараа гуравт ордог.

Нефтийн хэрэгцээнийхээ бараг 90 хувийг Ойрхи Дорнодын орнууд тэр дундаа Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Оман, Катар, Бахрейнаас түлхүү авч эрчим хүчний хэрэгцээнийхээ дөнгөж 4 хувийг өөрийн түүхий эдээрээ хангаж байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй болон өрсөлдөгч бусад улсуудтай харьцуулахад Японы хувьд сэтгэл эмзэглүүлсэн асуудал болжээ. Японы томоохон өрсөлдөгч Хятад л гэхэд нефтийн нийт хэрэгцээнийхээ 40 хувийг, Энэтхэг улс 70 хувийг импортоор бүрдүүлдэг. Эрчим хүчээр өөрийгөө тогтвортой, найдвартай хангах нь Японы хувьд аюулгүй байдлаа хамгалаахтай утга нэг үздэг аж. Япон улс "сэтгэлийн зовлон"-гоо арилгахын тулд эрчим хүчний стратегидаа өөрчлөлт оруулсаар байна.

Эхлэл...

Холын Японтой ойртох эртний хүсэл
Номхон далай, Япон тэнгис, Охотскийн тэнгисээр хүрээлэгдсэн эртний түүхт Япон улстай Монголчуудын харилцаж байсан түүхийн олон баримт бий. Тухайлбал,

-Японтой эвийн гэрээг байгуулахыг нэлээд чармайсан ч тусыг эс олсон Хубилай хаан 1274 онд анх удаа, 2 дахь удаагаа 1281 онд халдан довтолсон  ч Камиказе (аюулт шуурга, дайрлага)-д өртөн эзэлж чадаагүй гэдэг. Эх газраас ирж буй зохион байгуулалттай тэр аюулт хүч нэгэн өглөө ул мөргүй алга болжээ. Японыг эзлэх Монголчуудын түрэмгийлэл ийнхүү зогссон гэдэг.

-Богд Жавзандамба  хутагтаас харилцаа тогтоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой захидлыг Япон Улсын эзэн хаанд хаяглан илгээсэн талаар судлаачид бичиж байна. Захидал эзэндээ очсон эсэх талаар ч эдүгээ маргалддаг.

Манай өвөг дээдэс Их Наран улстай харилцаа тогтоох, бэхжүүлэх олон оролдлого тэр бүр бүтэлтэй болж байсангүй.

Улс төрийн хоёр өөр системийн орнууд хүйтэн дайны ирмэгт тулах хүртлээ туйлшран тэмцэлдэж байхад ч хоёр улсын харилцаа сайнгүй байв. Үзэл суртлын ялгаа, дайны нөхөн төлбөртэй холбоотой асуудал дипломат харилцаа тогтооход бэрхшээл учруулж байсан юм.

Халх голын дайн-тулаан манай хоёр улсыг нэг хэсэгтээ л заагласан юм.

Монгол, япончууд хөх толботой төрдөг, хэлний адил төстэй байдал зэргээ л дурсан ярихаас хэтрэхгүй харилцаа өнгөрсөн зууны сүүлчээр урьд гарч байгаагүй түвшинд хүрсэн гэж хэлж болно.

Дөнгөж 1973 онд л Японы Элчин сайдын яам Улаанбаатарт төвхнөв. Хөндий байсан харилцаа аажмаар өөрчлөгдлөө.

Япончууд сайны эхлэл болгон ноолуурын Говь комбинатыг барьж Монголчуудад бэлэглэв.

Монгол-Японы дипломат харилцаа тогтосноос хойш 37 шахам жил өнгөрч, Японы үндэсний соёлын нэг болох сумо бөхийн дэвжээнд монгол хөвгүүд ид хаваа гайхуулах хүртэл хөгжжээ. Их аварга  Асашёрү, Хакухо нарын хүчтэнүүдийн эх нутгаар Монголыг төсөөлөх япончууд хамтын ажиллагаагаа иж бүрэн түншлэл болгох санаачлага 1996 онд гарган амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй өдгөө Монгол Улсын хамгийн том хандивлагч (шууд болон шууд бус хандив, тусламж нь нийт тусламжийн 30  хувиас илүү) орон болжээ.

Хүйтэн дайны жилүүдэд машины дугуй, олгой хаймар зэргийг л Их Наран Улсаас импортолж байсан  Монголд тэд Говь үйлдвэр, Төмөрлөгийн үйлдвэр, Хархорин дахь буудайн элеватор шинээр барьж, Сүүний үйлдвэр, Улаанбаатарын 4-р цахилгаан станцын модернизацийг хэрэгжүүлэхэд дэмжлэгээ сэтгэл харамгүй зориулсан юм.

Монголд эдүгээ баригдах олон улсын нисэх онгоцны буудлын хөрөнгөний асуудлыг шийдвэрлэхдээ ч тэд гар татсангүй.

Биднийг алгассан хөрөнгө оруулалт-хөгжил
Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний байруудад зиндаархдаг, Монголоос газар нутгаараа 4 дахин бага, хүн амаараа 49 дахин илүү Япон Улсын нэг хүнд ногдох бодит орлого 34 мян ам доллар юм. Хөгжлийн ийм өндөр түвшинд хүрсэн тэд эрчим хүчнийхээ хэрэглээгээр АНУ, Хятадын дараа гуравт ордог.

Нефтийн хэрэгцээнийхээ бараг 90 хувийг Ойрхи Дорнодын орнууд тэр дундаа Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Оман, Катар, Бахрейнаас түлхүү авч эрчим хүчний хэрэгцээнийхээ дөнгөж 4 хувийг өөрийн түүхий эдээрээ хангаж байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй болон өрсөлдөгч бусад улсуудтай харьцуулахад Японы хувьд сэтгэл эмзэглүүлсэн асуудал болжээ. Японы томоохон өрсөлдөгч Хятад л гэхэд нефтийн нийт хэрэгцээнийхээ 40 хувийг, Энэтхэг улс 70 хувийг импортоор бүрдүүлдэг.

Эрчим хүчээр өөрийгөө тогтвортой, найдвартай хангах нь Японы хувьд аюулгүй байдлаа хамгалаахтай утга нэг үздэг аж.

Япон улс "сэтгэлийн зовлон"-гоо арилгахын тулд эрчим хүчний стратегидаа өөрчлөлт оруулсаар байна.

1973 онд нийт эрчим хүчинд нефть 71,4 хувь, нүүрс 4,7 хувь, байгалийн хий 2,4 хувь, цөмийн энерги 2,6 хувь эзэлж байсан бол 2005 оны байдлаар нефть 4,7 хувь, нүүрс 25,7 хувь, байгалийн хий 23,8 хувь, цөмийн эрчим хүч 31 хувь болж өөрчлөгдсөн байна.

Цөмийн эрчим хүч л "сэтгэлийн зовлон"-г арилгах нь. Эдүгээ атомын 56 цахилгаан станц ажиллуулж, түлш болох уранаа Австрали, Канад улсаас голлон авч байна. Жилдээ 10 мянга гаруй тонн уран хэрэглэж байгаа нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 20 гаруй хувьтай тэнцэж байна гэсэн үг.

2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 40 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилго тавьжээ.

Атомын эрчим хүчний хэрэглээгээрээ АНУ, Францын дараа ордог Япончууд цөмийн зэвсэггүй орнуудаас ганцаараа цацраг идэвхит хаягдлыг дахин боловсруулах байгууламж ажиллуулж байна. Ийм байгууламж нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хамгийн ойр технологи учраас Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг хяналт шалгалтынхаа зардлын багагүй хувийг зарж байна.

Эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөлтөө хангахад түүхий эдээр цөөн улсаас хараат биш, ижил зиндааны түншүүдтэй хамтрахыг Япон чухалчилж байна.

Австрали, Канадаас ихэнх уранаа авч, Ойрхи Дорнодоос нефтээр үндсэндээ хангагддаг энэ улс гуравдагч түншүүд хайж, хамтарч эхэллээ. Эдгээрийн жишээ бол ураны нөөцөөрөө дэлхийд Австралийн дараа орох Казахстан Улс юм.

Одоогоор Японы импортын хэмжээ энэ бүс нутгаас маш бага, хэрэгцээнийх нь дөнгөж 1 хувьтай тэнцэхээр байна. Ураны импортоор Австралиас 33 хувь, Канадаас 27 хувь хараат Япончууд ирээдүйд Казахстаны нөлөөг 30-40 хувьд хүргэхээр шамдаж байна.

Кансай Электрик болон Сумитома компаниуд Японы Казахстанд хөрөнгө оруулагч анхдагчид болсон бол Марубени компани Казахстаны төрийн өмчийн Казатомпром-той хамтарч энэ улсын өмнөд хэсэгт Харассаны ураны уурхайд ажиллахаар тогтжээ.

Иточу корпораци Казахстанаас ураны концентратыг удаан хугацаанд импортлох гэрээнд гарын үсэг зурлаа. 10 жилийн турш жил бүр 3 мян тонныг импортлохоор тохирсон байна.

Тошиба корпораци атомын цахилгаан станц барьж өгөхөөр боллоо.

"Kansai Electric Power", "Nuclear Fuel Industries" болон "Sumitomo Corporation" нь зөвлөлтийн үед цөмийн түлшний үйлдвэрлэлийн сүлжээнд хамрагдаж байгаад түр хаагдсан Ульбины заводыг нь ашиглахаар болж.

Манайд уран байна танайд технологи нь байна хамтаръя гэсэн Казахстаны Ерөнхийлөгчийн саналыг Япон ийнхүү хүлээн авлаа.

Холыг ойртуулах шинэ үеийнхний боломж

Тэнгэрийн металл-ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд эхний 13-т, болзошгүй нөөцөөрөө Австрали, Казахстантай эн зэрэгцэхүйц Монголд хөрөнгө оруулах сонирхол Японд байна уу?

Тэд оройхон гарсан ч ширүүхэн ажиллаж эхэлсэн байна.

Казахстаны ураны уурхайд шангаа татсан "Марубени" корпораци Монголын ураны орд газарт хэлэлцээрт орох давуу эрхийг Канадын компаниудтай өмнө байгуулсан Санамж бичгийг үндэслэн олж авсан талаараа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдлээ.

2009 онд гэхэд ураны ашиглалтын лицензтэй болохыг тэд зорьж байгаа ба 2012 оноос олборлолт эхлэхээр төлөвлөж буй.

"Марубени" корпораци Дорнод аймгийн Мардай, Гурванбулаг зэрэг гурван газарт үйл ажиллагаа явуулахаар сонирхож байна  Энэ хэсгийн ураны нөөцийг 62 мянган тн хэмээн тооцоолсон бөгөөд Японы атомын цахилгаан станцуудын бүтэн долоон жилийн хэрэгцээнд хүрэлцэхүйц нөөц юм.

Эдгээр орд газрыг ашиглах капитал зардлын тооцоо гарч, Гурванбулаг дахь орд газарт Марубени эхний ээлжинд 150 сая ам доллар, Дорнод орд газарт 280 сая ам доллар буюу нийтдээ 430 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буй.

Иточу корпораци ч Монголыг сонирхож байна.

Мицуй ОХУ-ын Техснабэкспорт компанитай (уран, цөмийн эрчим хүчний чиглэлээр дагнан ажиллах Оросын төрийн өмчит компани) хамтран ажиллаж байгаа нь оросууд манай зах зээлд үйл ажиллагаа явуулахад хамтрагч болох итгэл найдвар төрүүлж байна.

Атомын цахилгаан станцын найдвартай ажиллагааны нэг гол шалгуур болох сул зогсолт ихэнх оронд 20 хувиас доогуур байдаг бол Японд энэ үзүүлэлт 28,1 хувь байна. АНУ-д л гэхэд сул зогсолт 11 хувь байгаа нь цөмийн эрчим хүчний технологи, аюулгүйн ажиллагааны түвшин Японд хамаагүй өндөр байгааг харуулж байна.

Тэдэнд цөмийн эрчим хүчний өндөр технологи энэ салбарт тэргүүлсэн туршлага, мөнгө нь байна, бидэнд тэнгэрийн металл болох уран байна.

Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтийг эсэргүүцсэн олон улсын их хуралд 1957 онд эх орноо төлөөлөн анх оролцсон зохиолч Ц.Дамдинсүрэн нарын монголчуудын гаргасан зам мөр үргэлжилсээр эдүгээ энхийн зорилгод цөмийн эрчим хүчийг ашиглахад Японтой хамтран ажиллах сайн цаг тохиож байна.

Монгол хөгжихийг хүсч байна. Бусадтай адилхан сайхан амьдрахыг хүсч байна. Өндөр хөгжсөн нэгнээсээ цаг үргэлж тусламж гуйн амьдрах чөтгөрийн тойргоос гарахыг хүсч байна. Хамтын ажиллагааг харилцан ашигтай, ижил тэнцүү байлгахыг хүсч байна.

Цэрэндоржийн Ганхуяг /ХХАА-н сайд асан/

Эх сурвалж: gogo.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.