11 сарын 30, Даваа
°C
USD 2,849.51
USD 2,849.51
EUR 3,398.90
JPY 27.38
GBP 3,809.37
RUB 37.56
CNY 432.91
KRW 2.58

Боолын хөдөлмөрийн төлөөх ядарсан монголчуудын алалцаан

2007.05.18 Ардын эрх

 

-Иргэдийгээ ингэж мал адгуус шиг байдалд оруулж, элэг доог болгож байгаадаа өнөөдөр Монголын төр ичих ёстой. Хоёрхон сая хүнийг ажилтай амьдралтай байлгаж чадахгүй байгаадаа тэр “дээр” байдаг баяжиж язарч үхэхээ шахаж байгаа, эрх дархтай хэдэн хүн ичих ёстой-

Төв цэнгэлдэх хүрээлэнд хүн машин багшран яг л наадам болж байгаа юм шиг бужигналдаж байна, монголчууд. Гэхдээ энэ баяр наадам биш. Өмнөд Солонгос руу төрийн байгууллагын тусламжтайгаар хуулийн дагуу боолын хөдөлмөр эрхлэхээр зүтгэж байгаа хүмүүс тэнд тэмцэлдэж байгаа юм. Төрийн байгууллага ч гэж дээ. Тэр нь ч бас үйл ажиллагааг түдгэлзүүлчихсэн, бас хууль ёсны гэж хэлэхэд хэцүү л юм билээ.

Гэхдээ л хөөрхий ядарсан монголчууд ямар ч байсан тэнд л бүртгүүлж, “амьдралынхаа алтан виз”-ийг авахаар тэмцэлдэж алалцахад ч бэлэн байна. Бүр гурав хоног өнжин хонож байгаа хүмүүс үүрээр аяга цай ууж дотроо бүлээсгээд л, өдөр нь халуун наранд шарагдан, урдуур хойгуураа хүн оруулчихгүй гэж хялалзаж цэхэлзэн хэрэлдэцгээнэ. Хоёр ч удаа жижигхэн хэмжээний зодоон болсон гэсэн. Халаасны хулгай энэ тэрийг яриад ч юүхэв. Ойлгомжтой их байгаа биз. Бас хэдэн зуун цагдаа хөлхөлдөж байна лээ. Маргааш энд юу ч болох юм билээ. Олон хүн чихэлдэж, дайраад осол гэмтэл ч гарч болох юм. Үндэсний баяр наадмаа тэмдэглэдэг цэнгэлдэх хүрээлэндээ нармайгаа нээлцэх шахаж байна даа. Энд ч хүмүүс хэрэлдэж хэлэлцэж, тэнд нэг согтуу нөхөр гуйвж дайван оочерын урдуур дайрч ч байх шиг. Бас эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаж, өөр өөр хаалгаар оруулаад байгаа юм аа. Солонгосчуудын гарын үзүүрээр хүмүүс ийш тийш ханарч гүйлдээд л. Манай өнөөгийн Монголын эмгэнэлт дүр төрх тэр чигээрээ энд харагдана. Боолуудыг стадионд хашиж оруулаад хооронд л алалцуулдаг зугаа цэнгэлийн үзвэр байсан даа, эртний Ромд. Яг л тэрэн шиг. Дарга нар бол хажуугаар нь өнгөрөхдөө “Солонгост очиж махаа идэхийн төлөө ингэж үхэлдээд байх даа яадаг юм бэ” гэж хямсалзаж магадгүй л дээ. Гэтэл яг үнэндээ Солонгост очиж махаа идэхийн тулд л иргэд маань ингэж алалцаж байна. Бүр ичмээр… Мэдээж хэрэг амьдралаа сайжруулахын тулд ийнхүү үхэн хатан зүтгэж байгаа тэр эгэл жирийн хүмүүсийг ичиг гэж байгаа юм биш шүү. Ичих биш харин ч тэднээр бахархмаар байна. Тэртэй тэргүй төрсөн эх нутагтаа хүн шиг ажиллаад хүн шиг амьдрах боломж байхгүй юм чинь. Харин хүний нутагт очиж боол болохоос өөр аргагүй байдалд хүргэчихээд бас ч гэж эвтэйхэн гэгч нь хүний ёсоор явуулчихаж чадахгүй ингэж махыг нь идэж, циркийн үзвэрийн амьтад шиг элдэвлүүлж байх ч гэж дээ гэж бодохоос бүр төр, засгийнхан өөрсдөөсөө ичмээр хилэгнэмээр… Иргэдийгээ ингэж мал адгуус шиг байдалд оруулж, элэг доог болгож байгаадаа өнөөдөр Монголын төр ичих ёстой. Хоёрхон сая хүнийг ажилтай амьдралтай байлгаж чадахгүй байгаадаа тэр “дээр” байдаг баяжиж язарч үхэхээ шахаж байгаа, эрх дархтай хэдэн хүн ичих ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та на Их тэнгэрт орших харшдаа ирэх очих замдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа энэ дажинг хараад ичихгүй байна уу? Эсвэл “Муу сайн юмнууд ингэж л байх ёстой. Сэг булаацалдаж байгаа ноход шиг гэж бодож байна уу?”. Эсвэл “Бид нар харин ч их хичээж ажилласны хүчинд өдий дайны хүн явуулахаар боллоо” гэж тэнэгтэх гэж байна уу? Магадгүй шүү. Солонгос хэлний шалгалтын сургаар иргэддээ боолын хөдөлмөрөөр хангахад их хувь нэмэр оруулсан гэж сонгуулийн сурталчилгаагаа хийх гэж байгаа хүмүүс олширч байгаа гэсэн. Уг нь өмнө нь хэл ам ихтэй ч гэсэн Өмнөд Солонгос руу хүмүүсээ явуулаад л байсан хувийн шахуу байгууллагын ажлыг төр гэнэт булааж аваад хэрэлдэж, хэлцэж, хагас жилийг өнгөрөөгөөд одоо нэг юм хүмүүсээ шалгалтад оруулах гэж байгаа царай нь энэ шүү дээ. Шалгалт нь ч гэсэндээ нэг сонин ямар нэгэн улсын Элчин сайдын яам нь хэлний шалгалт авч бужигнуулаад л байж болдог эсэхийг мэдэхгүй. Лав л АНУ-ын ЭСЯ тофелийн шалгалт авч мөнгө хурааж байна гэж сонсоогүй. Өмнөд Солонгосын элчингийнхэн өөрсдөө мөнгө хурааж авч монголчуудыг мал адгуус шиг төв цэнгэлдэх хүрээлэнд хашиж байгаад шалгалт авч л бөндөгнүүлж байна гэж бодохоор нэг л тиймэрхүү. Ингэхэд ер нь гадаад орны ЭСЯ аливаа улсын дотоод хэрэгт орж, мөнгө төгрөг хурааж, ашгийн ч гэмээр үйл ажиллагаа явуулж болдог гэж үү? Энэ удаагийн шалгалт гэхээр зүйл нь монголчуудыг бага буурай улс гэж тохуурхаад ч байгаа юм шиг. 15 мянган хүнийг хоёр өдөрт бүртгэнэ гэж яаж ч тооцоолсон юм бэ? Тэгээд ч ингэж мал адгуус шиг алалцуулж байхаар өнөөдөр орчин үед ч онлайнаар бүртгэл хийх боломж байгаа л шүү дээ. Монголчууд дунд сургуулийн төгсөгчдийн шалгалтын бүртгэлийг интернэтээр хийж, төлбөр мөнгийг нь ч авч чадаад байгаа юм чинь. Захын интернэт кафед ороод л бүртгүүлчихнэ. Бүр Хөвсгөл, Ховдоос ч гэсэн бүртгүүлэх гэж хүмүүс ирсэн байна лээ. Мэдээж хэрэг авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэхчилэнгээр манайхан Өмнөд Солонгосын аль хэлсэн болгоныгл гүйцэлдүүлэхээс өөр аргагүй байгаа биз. Ядаж бэйхад өөрсдөө баахан будилуулчихсан юм чинь… Гэтэл үнэндээ энэ нь ингэж их хөөрцөглөөд хүнд хэлээд байхаар зүйл мөн үү, биш үү? Монголчууд нутагтаа амьдрах аргагүй болоод Өмнөд Солонгос руу боол болохоор ингэж их тэмүүлж, төр засаг нь хүртэл хамжиж дэмжээд дийлэхгүй байна аа гэж… Бүр төрөөс нь бодлого болгоод нас зүсийг нь зааж үзлэг шинжилгээнд оруулж байгаад хэдэн зуу, мянгаар нь банз, дүнз шиг багцалж байгаад гадагш экспортлодог. Төрийн түшээд ч Монголд хүн үнэн цагаанаараа ажиллаад сайхан амьдрах боломж огт байхгүйг батлан “Тэгж ярих юм бол би тэдэн хүн Солонгос руу явуулсан, мундаг. Одоо төдийг явуулах гэж байгаа” гэж үнэн бахархалтайгаар мэдэгдэх. Бүр байчихаад эрхэм гишүүдийн туслахууд Солонгост очиж ажиллан амьдралаа сайжруулах гэсэн хөөрхий монголчуудын итгэл сэтгэл дээр тоглон залилангийн хэрэг ч хийдэг болов. Бүр бодохоор гайхмаар. Ухаантайхан шиг төрийн түшээ бол манай тэдэн хүн гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг гэж хэлэхээсээ ичмээр л юм. Гэтэл манайд яг эсрэгээрээ. Үүний цаана бүр ч илүү эмзэг асуудал байгаа. Гурван жилийн өмнө анх Зуучлах товчоо монголчуудыг өмнөд Солонгос руу гаргах тзр өдөр яг дайнд ханиа, хүүгээ, ааваа үдэж байгаа юм шиг нулимс дуслуулан зогсоо хүмүүсийг хараад гадаадынхан хачин их гайхаж байж билээ. Танай нутагт гамшиг болсон юм уу гэж. Тэнд байсан хэний ч зүрх шимшрэм байсан даа. Өмнөд Солонгос руу явах гэж байгаа ид насны 100 гаруй залуус ээждээ үнсүүлж, хүүхдээ үнэрлээд л нүдэнд нь нулимс цийлэгнэн хилийн дээс давж байсан. Төрөөд дөнгөж cap ч хүрээгүй манцуйтай нялх үрээ үнэрлээд явах залуухан эцэг… Ээжийнхээ хормойд уйлах ч эрхгүйгээр зүүгдэн зогсох дэрсхэн хүүхдүүдээ “Аав нь зөндөө мөнгө олоод гоё юм аваад хүрээд ирнэ…” гэж аргадах залуу гээд л… Өлгийдээ үнэгчилж байсан тэр жаал өнөөдөр танихгүй “ахын” зургийг хараад “Аав аа” гэж хэл нь эвлэхгүй бүлтэгнэж зогсоо л байх. Хэчнээн хүүхэд энэ мэтчилэн “өнчин” өсч байгаа билээ. Хэчнээн эх шөнө болгон давхийтэл цочин сэрж, хүүгээ зүгээр л байгаа даа гэж зурхэндээ хурайлан айдсаа үргээдэг билээ. Хэчнээн бүсгүй өнчин дэрэн дээр ганцаардан хэвтэж байгаа билээ. Хэчнээн хүүхэд эцэг эх нь амьд сэрүүн атал сайн дураараар цөллөгөнд өсч, хагас бүтэн өнчин мэт өсч, амьдын хагацал үзэж байгаа билээ. Ерөөсөө л өнөөдрийн Монголыг харахад дайны ар талын фронт шиг л дүр зураг харагдахаар. Хамаг л ид насны эрүүл саруул, магадгүй амьдралын төлөө зүтгэлтэй эрчүүд нь гадагш мөнгө олохоор явчихсан…Дээр үеийн “Хөх даалимбан тэрлэг” хэмээх алдарт зохиолын мөр шад шууд сэтгэлдд буугаад ч ирэх шиг…
Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад авсан
Цээжин дотор хагацал төрүүлсээр
Цэнхэр уулсыг давааё явчихсан юм
… Орон гэртээ зайгаа үлдээгээд
Одтой адилхан харваад явчихсан юм
Манайхан тэд өдөн мянган хүн гадаадад амьдарч байгаа гээд бахархаад ч байгаа юм шиг баримжаа муутай тоо хэлдэг. Ингэхэд бид өнгөрсөн зууны түүхэнд гарсан хамгийн том дайн болох Халхын голын тулалдаанд хэдэн хүүгээ үдэж байсан бол? Яаж ч бодсон 30 мянга л лав биш. Тэр жилийн дайнд Монголоос 300 гаруй цэрэг дайчин амиа алдсан гэдэг юм билээ. Харин өдгөө Өмнөд Солонгост ч юм уу ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөгсдийн тоо хэд байгаа бол? За тэгээд сайнаар бодоход тэд маань овоо мөнгө олоод нутагтаа ирэх л юм биз, хэдэн жилийн дараа. Шалгалтад тэнцээгүй зарим нь өөрийгөө “Зөвхөн Монголдоо” зовж байх азгүй амьтан гэж бараг хараана биз. Тэгээд хууль бусаар ч болохноо хилийн дээс алхах гэж хулхидуулан барин зүтгэхээс өөр аргагүй. Ямар ч хамаагүй аргаар л Өмнөд Солонгос руу явч чадвал болох нь тэр… Уг нь бид Монголдоо л сайхан амьдармаар л байдаг… Эх орондоо элэг бүтэн, жирийн л сайхан амьдрах боломж байдаггүй, бид ямар гээчийн азгүй улс вэ?

А.Алтантуяа

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
10/18/2020
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.