05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Амиа хорлолт, тамхидалтаар БНСУ тэргүүлж байна

СӨҮЛ. /Ёнхап/. Олон улсын худалдааны байгууллагаас (ОУХБ) гаргасан статистик мэдээнээс харвал хүн амын дундах амиа хорлолт, эрүүл мэндийн зардлын нэмэгдэх байдлаар БНСУ хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.

 

Мөн өвчтөнүүдийн эмчлүүлсэн тоо, эмнэлэгт хэвтэх хугацаа зэрэг хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ авах хэмжээгээр БНСУ дэлхийд тэргүүлж байгаа боловч хүн амын тоотой харьцуулсан ажиллах хүчний хэмжээгээр хамгийн муу үзүүлэлттэй орны тоонд багтаж байна. ОУХБ-аас энэ сарын 2-нд тус байгууллагын гишүүн орнуудын эрүүл мэндийн статистик мэдээг гаргасан байна. Уг мэдээнээс харвал, БНСУ-ын хүн амын дундах амиа хорлолтын тоо 2012 онд 100 мянган хүн тутамд 29,1 байсан нь ОУХБ-ын гишүүн 34 орноос хамгийн өндөр үзүүлэлт болжээ (ОУХБ-ын гишүүн орны дундаж 17 байдаг). БНСУ амиа хорлолтын хэмжээгээр сүүлийн арван жил тэргүүлж байгаа билээ. Мөн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тамхидалтын хувь 37,6 хувь байсан нь Грекийн (43,7 хувь) дараа хоёрдугаарт бичигдсэн байна (ОУХБ-ын гишүүн орны дундаж 24,9 хувь). Солонгосчууд хамгийн олон удаа эмнэлэгт үзүүлж мөн удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлдэг ард түмэн болохыг уг статистик мэдээнээс харж болно. Солонгосчууд жилд дунджаар 14,3 удаа эмнэлэгт очиж биеэ үзүүлдэг тоогоор мөн тэргүүлсэн бөгөөд солонгосчууд ОУХБ-ын гишүүдийн дундаж болох 6,9-өөс хоёр дахин олон удаа эмнэлэгт үзүүлдэг байна. Мөн БНСУ-ын иргэдийн нэг жилд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаа ОУХБ-ын гишүүн дундаж 8,4-өөс 1,9 дахин олон буюу 16,1 хоног байдаг аж. Сүүлийн таван жилийн хугацаанд ОУХБ-ын гишүүн орнуудын хүн амын дунд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тоо буурсан бол БНСУ-ынх эсрэгээр өссөн байна.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.