05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАД БАРААЛХАВ

БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр аравдугаар сарын 17-ны өдөр Үндэсний Ассамблейн Монголыг дэмжигч бүлгийн зарим гишүүдтэй уулзаж, Үндэсний Ассамблейн дарга Ким Хен У-д бараалхлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд С.Баяр Монгол орны ардчилал, зах зээлийн системд шилжих жилүүдэд ямагт хамт байж, нөхөр ёсны тусламж дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж, Түншлэлийн төвшинд хүрэхэд БНСУ-ын хууль тогтоох байгууллага ихээхэн чухал хувь нэмэр оруулсныг тэрбээр тэмдэглэв.

"Солонгос, Монголын харилцааг цаашид илүү өргөн хүрээнд, олон салбарт хөгжүүлэх нь хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх бөгөөд энэ үйл хэрэгт Монгол Улсын Засгийн газрын шинэ Тэргүүн Таны айлчлал чухал хувь нэмэр оруулж байна" гэж Үндэсний Ассамблейн дарга, ноён Ким Хен У уулзалтын эхэнд тэмдэглэсэн юм.

"Монгол Улстай хамтран ажиллах чиглэлээр дэвшүүлсэн Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг ойртуулан бэхжүүлэхэд БНСУ-ын парламент үнэтэй хувь нэмэр оруулж байгааг бид өндрөөр үнэлдэг. Хоёр орны харилцааг Дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр батлах асуудлыг айлчлалын үеэр хөндлөө. Энэ удаагийн айлчлалаар бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр баяжуулах, иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, орчин үеийн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг сурган бэлтгэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ. Бүхэлдээ айлчлал амжилттай боллоо" гэж Ерөнхий сайд С.Баяр онцлов.

"Солонгосын ард түмэн монголчуудад ихээхэн найрсаг, хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь монголчуудын ажилсаг хичээнгүй, эрч хүчтэй, оюуны чадвар өндөртэй, сурах онцгой авьяастайгаар бахархахаас гадна угсаа гарваль нэгтэй хэмээн дотносдог сэтгэлийн илэрхийлэл мөн гэж би боддог" гэж ноён Ким Хен У ярилаа.

Тэрбээр Монгол оронд зочлон ирж байсан, хадам аав нь шүдний эмчийн мэргэжлээр Монголд ажиллаж, олон шавьтай болсныг энэ үеэр дурссан юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Баяр, Үндэсний Ассамблейн дарга Ким Хен У нар хоёр орны парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлж, гишүүдийг харилцан айлчлуулах, туршлага солилцох, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй тэмдэглэлээ.

Бараалхалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд С.Батболд, УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Батбаяр, Н.Ганбямба, Д.Дамба-Очир, Э.Мөнх-Очир нар оролцлоо.

http://www.open-government.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.