03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Ким Жөн Ун цөмийн хүчийг ямар ч үед ашиглахад бэлэн байлгах үүрэг өгчээ

ПХЕНЬЯН. /TASS/. Пхеньянд авсан хориг арга хэмжээг чангатгасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ баталсны хариуд Умард Солонгос олон тусгалтай пуужин харвагч шинэ төхөөрөмж туршлаа. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, туршилтыг Умард Солонгосын Зэвсэгт хүчнийг маршал цолтойгоор удирддаг, тус улсын тэргүүн Ким Жөн Ун удирдан явуулжээ.

Тэрбээр удахгүй болох Америк-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт аюултай шинж чанартай болохыг онцлон тэмдэглээд, улс орон нь “ямар ч үед өөрийгөө батлан хамгаалахын тулд цөмийн цэнэгт хошуу ашиглахад бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч ийм төхөөрөмжүүдийг болон саяхан бүтээсэн цохилтын бусад төхөөрөмжийг “Солонгосын Ардын армийн дээд командлалын үйл ажиллагааны чиглэлд оруулах” тушаал өгчээ.

Энэ оны тавдугаар сарын эхээр болох Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ долдугаар их хурлын өмнө “цөмийн тогтоон барих хүчийг цаашид тоо болон чанарын хувьд бэхжүүлэх арга хэмжээ авахыг” тэрбээр эрдэмтэн, инженерүүдэд уриалсан байна. “Онц ноцтой байдал үүссэн энэ үед  цөмийн чадавхиа бэхжүүлэх нь манай орны тусгаар тогтнолыг хамгаалах цорын ганц арга юм” гэж Ким Жөн Ун хэлснийг “KCNA” агентлаг уламжилжээ. Түүнийг СХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Цой Рён Хе, Ардын зэвсэгт хүчний орлогч сайд хурандаа-генерал Юн, Тон Хён болон бусад цэргийн дарга нар дагалдан явсан байна.

АНУ болон тус улсын холбоотнууд “Умард Солонгосыг цөмийн чадавхиа бэхжүүлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасны дараа болон хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөсний дараа Пхеньянд үзүүлж буй улс төр, эдийн засаг, цэргийн дарамт шахалтаа улам чангатгаж байна” гэж “KCNA” агентлагийн тайлбарт цохон тэмдэглэжээ. Түүнд мөн АНУ тэргүүтэй Умард Солонгост дайсагнагч хүчнүүд “манай оронд урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг баталсныг” онцлон тэмдэглэсэн байна. Ийм нөхцөлд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын армийн цохилтын хүчийг бэхжүүлэх” том калибрын олон тусгалтай пуужин харвагч шинэ төхөөрөмжийн туршилтыг удирдан явуулсан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.