05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

“Sewol”-ын ослоос амьд үлдсэн сурагчид мэдүүлэг өгч байна

СӨҮЛ. /ВВС/. Өмнөд Солонгосын живсэн хөлөг онгоцны ослоос амьд гарсан сурагчид хөлөг онгоцны багийн гишүүдийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгч эхэллээ.

 

Шүүх хурал тус улсын Гванжу хотод болж байна. Харин сурагчид гэрийнхээ ойролцоох дүүргийн шүүхээс дүрс бичлэгийн холбоосоор дамжуулан мэдүүлэг өгч байгаа ажээ.

“Sewol” хөлөг онгоц энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд живсэн юм. Үүний улмаас 304 хүн амиа алдсан билээ. Тэдний олонх нь өсвөр насны хүүхдүүд байсан.

Хөлөг онгоцны багийн гишүүдийг хайнга хандан хариуцлага алдсан, зорчигчдыг авралгүйгээр хөлөг онгоцыг орхин явсан зэрэг хэргээр шүүж байгаа юм. Харин хөлөг онгоцны ахмад болон багийн гурван гишүүнийг “санаатайгаар хайнга хандан хүний аминд хүрсэн” хэргээр шүүж байна.

Тус хөлөг онгоц хууль бусаар илүү зорчигч, ачаа тээж явсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн билээ.

Гэхдээ хөлөг онгоц живж байхад ахмад болон багийн гишүүдийн өгсөн заавар, тухайлбал, кабинаасаа гарч болохгүй гэж зорчигчдод хэлсэн нь илүү олон хүн амиа алдахад нөлөөлсөн гэж прокурорууд үзэж байгаа юм.

Нийт 476 хүнтэй “Sewol” хөлөг онгоц нь Чэжү арал руу явж байхдаа Жиндо арлын усанд живсэн билээ. Зорчигчдын 325 нь нэг ахлах сургуулийн сурагчид байсан юм. Тэдний ердөө 75 нь л амьд үлдсэн.

Зургадугаар сарын 12-нд олдсон цогцос уг ослоос хойш эрэн сурвалжлагдаж байсан, “Sewol”-ын оператор “Chonghaejin Marine” компанийн захирал Ю Бюн Ыных болохыг энэ сарын эхээр цагдаа нар тогтоосон юм.

Түүний хүү Ю Дэ Кюн өнгөрсөн баасан гарагт баривчлагджээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.