04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Виктория Бекхэм ЮНЭЙДС-ийн сайн дурын элч боллоо

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Их Британийн загвар зохион бүтээгч, “Spice Girls” хамтлагийн дуучин асан Виктория Бекхэм НҮБ-ын ХДХВ болон ДОХ-той тэмцэх байгууллагын /ЮНЭЙДС/ сайн дурын элч болжээ.

 

Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Африкийн Кейптаун хотод очсоныхоо дараа ДОХ-той тэмцэхээр шийдсэн гэж Виктория ярьсан байна.

“Эмэгтэй хүний, эх хүний хувьд үүрэг хариуцлага хүлээж буйгаа дөнгөж 40 насандаа ухаарлаа. Мөн надад хүмүүст хүрэх дуу хоолой бий” гэж тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.

Виктория Бекхэм ХДХВ-ийн халдвартай хүүхдүүд төрөх тохиолдлыг тэг үзүүлэлтэд хүргэхийн тулд мөн ХДХВ-ийн халдвар авсан эмэгтэйчүүдийг зайлшгүй эм хэрэгслээр хангаж, асарч хамгаалахад ЮНЭЙДС-т тусална гэж НҮБ-ын төлөөлөгч хэлсэн байна.

ЮНЭЙДС-ийн мэдээлснээр, ХДХВ-ийн халдвар авагсдын хамгийн олон буюу 24,7 сая нь Сахарын цөлийн өмнөд хэсэгт оршдог Африкийн орнуудад ногдож байгаа ажээ. Тэдний 58 хувь нь эмэгтэйчүүд юм. 2013 онд ХДХВ-ийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийн гуравны нэгд зайлшгүй шаардлагатай эм хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас 240 мянган хүүхдэд вирус халдварлажээ. ХДХВ-ийг 2030 он гэхэд бүрэн устгах зорилтыг НҮБ тавьсан байна.

Наймдугаар сард Бекхэм Африкийн орнуудын ХДХВ-ийн халдвартай эхчүүдэд зориулж хөрөнгө мөнгө цуглуулах зорилгоор 600 орчим хувцсаа буяны интернэт дуудлага худалдаанд тавьжээ.

Викториягийн нөхөр Дэвид Бекхэм НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ сайн дурын элч байсан билээ. Тэд 20 гаруй жилийн турш дуучин Элтон Жоны ДОХ-той тэмцэх санд дэмжлэг үзүүлж байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.