03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

АВСТРАЛИД КАРТНЫ ЛУЙВАР ХИЙСЭН РУМЫНЧҮҮДИЙГ БАРИВЧЛАВ

  Румыны Мөрдөн байцаах газар тус улсын 7 иргэнийг олон улсын гэмт хэргийн бүлэглэлд багтдаг гэж сэжиглэн баривчлаад байгаа тухай Австралийн цагдаагийн газар мэдээллээ. Эдгээр хүмүүсийг Австрали улсын банкны картны мэдээллийг хулгайлсан хэргээр шалгаж байгаа гэнэ. Тэдний дотор "Карпатын баавгай" хочтой, сонгомол бөхийн хүнд жингийн аварга Георге Игнат саатуулагдаад байгаа гэнэ.

Тэд "Лино үйл ажиллагаа" нэрийн дор нэлээд хэдэн жилийн туршид 14 улсын нутаг дэвсгэрт хуурамч кредит картаар 31 сая долларын гүйлгээ хийсэн байна. Гэмт хэргийн бүлэглэл Австралид гэхэд хагас сая долларын гүйлгээ хийсэн ажээ. "Банкнаас бидэнд кредит картны хууль бус гүйлгээ хийгдэж байж болохыг анхааруулсан, хэргийн сэжүүр Румын руу биднийг хөтөлсөн. Бид тус улсын цагдаагийн газарт эд мөрийн баримтыг өгснөөр мөрдөн шалгалт үргэлжилсэн" хэмээн Австралийн цагдаагийн газрын төлөөлөгч ярилаа.

Хохирогсдын ихэнх нь жижиг бизнес эрхлэгчид, үйлчилгээний газар, шатахуун түгээх станц, мухлаг зэрэг төлбөр тооцооны аюулгүй байдал төдийлөн сайн хангагдаагүй газрууд байна.

"Австралид хэрэглэгчийн эрхийг маш чанд хамгаалдаг тул 30 сая долларыг банкуудад тараан, картын эздэд олгосноор хохирлыг барагдуулсан. Хамгийн гол нь банкны систем аюул учраагүй" гэж Австралийн Банкуудын холбоо мэдэгдэв.

2011 онд Австралид банкны картны залилангийн нэг сая шахам хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн цахим ертөнцөд үүсэх хувь хүний мэдээллийг хуурамчаар үйлдэх, залилан зэрэг гэмт хэргийн өссөөр байгаа аж.
Л.Урангуа

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.