05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Цаг хугацаа ба залуу нас: Миний мэдэх Австрали орон

Австрали залуу хүн дэлхий дээрхи бусад залуучуудын нэгэн адил Ipod сонсож, notebook барьж, гар утсаараа клип үзэн, email-аа шалгаж, хүссэн машинаа унан, хайрттайгаа тансаг ресторанд хоол идэж, дуртай үедээ найзуудтайгаа зугаацан, хаус авахад хүрэлцээтэй мөнгө хураах ажил хийхийг хүсдэг. Энэ хүслээрээ ч ихэвчлэн амьдарч чаддаг юм шиг байна лээ. Хүсэл мөрөөдөлдөө зөвхөн өөрөө л хүрэхийг хичээдэг, ийм ч учраас гэрээсээ сургууль төгсөөд л ихэвчлэн явна.

Австрали залуусыг ахмад насныхан нь их шүүмжлэх дуртай юм шиг. Бидний үед ийм юм ийм байгаагүй, тийм юм тийм байгаагүй, ёс сутрахуунгүй байна, энээ тэрээ гээд л…. Энэ бол ер нь хүний нийгмийн хөгжлийн энгийн процесс явагдаж байгаагын нэг шинж юм болов уу даа.

Амьдрал одоо л эхэлж байна

Хүүхэд байхдаа бушуухан шиг “том хүн” болье гэсэн мөрөөдөлдөө ингээд хүрч байгаа юм. Гэхдээ Австралид согтууруулах ундааг 21 нас хүрсэн хүнд л худалдаалдаг. Австрали залуус ч 21 дэх насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэдэг.

Австрали залуучууд дунд сургууль төгссөнийхээ дараа ихэвчлэн 1-2 жил дотооддоо эсхүл гадаадад “биеийн хүчний ажил” хийдэг. Энэ хугацаанд тэд цаашдын алхамаа ерөнхийдөө тодорхойлж эхэлнэ. Зарим нь их сургууль, коллеж руу, зарим нь ажил хийх замыг сонгодог. Ер нь ихэнхи залуучууд нь боловсрол эзэшихээр яардаггүй.

Боловсролоо үргэлжлүүлэхгүй байх нэлээд шалтгаан бий:

Боловсрол нь нэлээд өндөр үнэтэй, элсэлтийн шалгалт амаргүй, ажил хийвэл тэр нь амьдралд нь хангалттай хүрдэг. Хамгийн наад зах нь Австрали ямар ч залуу хийж чадах ачигч, зөөгч, цэвэрлэгч, туслах тогооч гэх мэт ажлууд гэхэд л сардаа $3000 цалин өгдөг. Иймэрхүү ажлыг дандаа залуучууд л хийнэ. Тийм ч болохоор тэд хөнгөн ажил бага хугацаагаар хийж ямар нэгэн юмандаа илүү санаа зовохгүйгээр залуу насаа зугаа, цэнгэлд зарцуулахыг зорьдог. Гэхдээ цалингаасаа тэд хуримтлуулсаар байгаад 10-15 жилийн дараа гэхэд хаус-ынхаа зээлийг төлж дууссан байдаг. Энд ер нь сайн ажилтай бол бүх юмаа зээлээр авдаг.

Ажил, зээл – цаг бол алт

Австралийн эдийн засаг тэр чигтээ “зээл” дээр тогтдог гэж хэлж болно. Notebook $20 гэсэн байвал гайхах хэрэггүй. Чи хорин доллароо төлөөд л тэр компьютерийг ав, гэхдээ 2 жилийн хугацаанд сард $50 төлчөөд байгаарай. Сард хамгийн багадаа $3000 доллар авч байгаа хүнд энэ бол нэг их дарамт биш.

Энд ажиллаж байгаа Монголчуудын хувьд цагт доод тал нь $15 авдаг. Монголд цагт ₮500 авдаг байсан хүмүүс ийм цалингаар хар ажил хийж байсан ч гэсэн өөрийнх нь хөдөлмөрийг үнэлээд эхлэхээр цагандаа харамч болж эхэлдэг. Нэг өдөр ажиллахгүй байхад л хамгийн багадаа $100 доллар алдаж байгаа болохоор тэр. Тэгэхээр энд байгаа хүмүүсийн хувьд “цаг хугацаа” үнэхээр үнэтэй байдаг.

Эндхийн иргэн болсон, эсхүл байнгын оршин суугч болсон тогтмол ажил хийдэг Монголчууд Банкнаас “орон сууцны зээл” авах эрхтэй, энэ эрхээ ч эдэлдэг. Ийм зээлийн дундаж хэмжээ 500 сая төгрөг, маш бага зээлийн хүүтэй. Монголд банкны дүрмийн сан 8 тэрбум төгрөг гэж бодохоор үндсэндээ ийм 20 залуу нийлээд л Банк байгуулчихаж болмоор харагдаж байгаа биз.

Боловсрол ба залуучууд

Австрали залуучуудын нэлээд хэсэг нь дээд боловсрол эзэмшиж, нарийн мэргэшилтэй болж, өндөр албан тушаалд хүрэн их цалин авч баяжихыг хүсдэг. Эдгээр залуучууд ихэвчлэн 2 дээд боловсрол эзэмшихийг зорьдог. Өөр өөр мэргэшлээр дээд боловсрол, эсхүл нэг мэргэшлээрээ бакалавр, магистрын зэргийг эзэмшдэг. Жишээ нь: мэдээллийн технологи, эрх зүйн дээд боловсрол эсхүл эдийн засгаараа бакалавр, мастерын зэрэгтэй байна гэсэн үг юм.

Бакалаврын боловсролыг эзэмшихийн тулд 100 гаруй мянган доллар, магистрын зэргийг эзэмшихийн тулд 30-аад мянган доллар төлдөг болохоор ийм боловсролтой хүн бас нэлээд өндөр цалин авна. Ер нь залуу хүмүүс мөнгө цуглуулж, шаргуу ажиллаж байгаа гол зорилго нь хаустай болж, “ирээдүйгээ найдвартай болгох”, сайхан гэр бүлтэй болох юм.

Гэр бүл, хайр сэтгэл – Залуу нас

Австрали залуучуудын дийлэнхи олонхи нь ганц бие буюу гэрлээгүй хүмүүс. Ямар сайндаа л энд Монголчууд олноороо ажилладаг нэг газар Монгол эмэгтэйчүүд 30 хүрээгүй хэрнээсээ дандаа л гэрлэсэн, хүүхэд гаргасан байх юмаа гэж ажил олгогч нь хэлсэн байна лээ.

Австрали залуучууд гэр бүл болоход санхүүгийн хувьд шаардлагатай бүх зүйлээ бэлэн болгосны дараа “хурим”-ын тухай боддог. Тийм ч учраас энд найз охин, найз залуу гэдэг ойлголт нь нэлээд түгээмэл.

Залуучууд нь гадаад үзэмж, эрүүл мэнд, биеэ авч явах байдал зэрэг материаллаг зүйлд нэлээд анхаарал хандуулдаг. Хэдийгээр хүмүүсийг гадаад үзэмжээр нь шууд дүгнэхийн аргагүй ч ёс суртахууны хувьд яг хувь хүн дээр энэ бол нэлээд том хэмжүүр болж ирдэг.

Залуучууд ч спортоор их хичээллэж, эрүүл мэнддээ нэлээд анхаарч загвар, модыг ихээхэн дагаж амьдардаг. Тийм болохоор зар сурталчилгаа залуучууд руу гол анхаарлаа хандуулдаг.

Зар сурталчилгаа, хэвлэл мэдээлэл ба Залуус

Дэлхий даяарчлагдаж буйн нэг томоохон хүчин зүйл болсон зар сурталчилгааны гол цөм үндсэндээ “Залуус” руу чиглэсэн байдаг. Учир нь энэ хүмүүс л шинэ зүйлийг сонирхож, түүнийг худалдан авч “гол хэрэглэгч” болж байгаа.

Мадонна, Майкл Жордан, Еминем, Брэд Питт, Николь Кидман зэрэг одуудыг дуйрайн залуус хувцаслаж, нууцлагхан тэд нар шиг болохыг хүсч байдаг. Энэ бол ганц Австраличуудын хандлага биш болов уу. Олон Монгол залуус Камертон, Киви шиг хувцаслахсан, тэд шиг Од болох юмсан гэж боддог байх.

Монгол дахь залуусын амьдрал

Арван жилээ төгссөний дараа ямар ч хамаагүй дээд сургуульд орж дээд боловсрол эзэмшихийг залуучууд хүсдэг, дээд боловсролтой ч болдог. Харамсалтай нь эндээс сурсан мэдлэг, чадвар бага байдаг.

Монголд $100 долларын цалин авч байхаас гээд Солонгос, Америк, Израйль, Чех, Герман хаашаа ч хамаагүй яваад, ямар ч хамаагүй ажил хийгээд 3-5 жил ажилласны эцэст байр, машины мөнгө хийхийг мөрөөддөг.

Ингээд ирснийх нь дараа найз охин, найз залуу, эсхүл эхнэр, нөхөр нь хамаг мөнгийг нь үрсэн, эсхүл салсан байх нь цөөнгүй. Хадгаламж, зээлийн хоршооны дуулианаар Солонгост ажилласан олон залуусын мөнгө Солонгосын казинод очсон гээ биз дээ.

Ажил хийдэг залуус нь өдөржингөө yahoo-messengert available статустайгаар ажлаа хийнэ. Орой бүр Монголын баар, цэнгээний газар дүүрэн. Австралид бол зөвхөн тав дахь өдөр л ийм зүйл тохиолддог.

Гэхдээ бас….

Өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж, тэндээ нэлээд олон жил мэргэжлээрээ ажилласан олон залуус Монголдоо ирээд ажиллаж эхэлсэн байна. Тэд өнөөдөр Монголд хувьцаа, франчайзинг, лизинг, оутсорсинг, бизнесийн нууц мэдээлэл, бизнес ёс суртахуун гэдгийг дэлгэх гэж үзэж байна.

Зөвхөн эдгээр залуус л Rio Tinto, BHP зэрэг компанитай боломжийн гэрээ, хэлэлцээр хийж чадна. Эдгээр томоохон компанийн зөвлөхүүд цагт доод тал нь $200 авч байгаа шүү дээ. Тэгэхэд Монголын талаас оролцож буй яамны мэргэжилтэн сард ийм цалин авч чадахгүй байна.

Монголын залуус бас эх орон руугаа мөнгө, хөрөнгө оруулалт авчирч байна. Солонгосын 20.000, Америкийн 20.000, Европын 10.000, Японы 10.000 Монголчууд сардаа хэдэн арван сая доллар Монгол руу явуулж байна.

Австралид байгаа 500 гаруй Монгол ч сард Монгол руу хагас сая долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Хувийн туршлага

Миний хувьд Залуу насандаа 2-3 жил үнэхээр сайн зүтгэх юм бол дараагийн амьдралын 20-30 жилийг “найдвартай” болгоно гэж боддог.

Хэдийгээр би Монголдоо нэлээд нэр хүндтэй ажил хийж байсан ч цалин маань миний амьдралын хаана ч хурдэггүй байлаа. Тэгээд би байдлыг яаж өөрчилж болох талаар олон олон удаа бодсоны эцэст “сайн боловсрол-сайн ирээдүй” гэсэн зарчмыг баримталж эхэлсэн. Хэдийгээр тухайн үед өөрөө Москвад улаан дипломтой төгссөн байсан ч энэ нь Монголд ажиллахад надад найдвартай ирээдүйг амлаагүй юм. Тиймээс Оросод мастерт үнэгүй сурах эрхээс татгалзсан. Ингээд би өндөр хөгжилтэй оронд суралцахаар “англи хэл” үзэж эхэллээ.

Ажлын хажуугаар англи хэл бие дааж сурна гэдэг амаргүй байсан. Заримдаа бүр ажлаа хаяад нэг жил зөвхөн гадаад хэл сурдаг юм уу, мөнгө олоод Сингапур, Малайзад 1 жил сурдаг юм уу гэж бодож байлаа. Харин аз болж ажлаасаа 1 жилийн туршид хэл сурах боломж олгож, тэгснийхээ дараа IELTS шалгалт өгөөд Австрали нутагт Засгийн газрынх нь зардлаар сурч эхэлсэн.

Энэ тэтгэлэг 1,5 жилийн хугацаанд надад үндсэндээ $100,000 өгч байгаа юм. Би Монголдоо ажиллаад ийм хэмжээний мөнгө хураагаад, сургалтын төлбөрөө хувиараа төлнө гэж байхгүй л болов уу. Үүний төлөө л би 2-3 жил жаахан гүрийсэн.

Нэгэнт одоо би Австралид “мастер” хамгаалсан байхад Монголдоо амьдралдаа хүрэлцээтэй цалинтай ажил хийгээд байж болох байх. Ийм л учраас Залуу насны цаг хугацаа гэдэг үнэндээ юутай ч зүйрлэшгүй үнэтэй зүйл.

Хүүхэд байхдаа хурдан том болох юмсан гэж цаг хугацааг хүлээдэг байсан бол одоо чи цаг хугацааны “алтан боломж”-ыг ашигла.

Залуу насны цаг хугацаа бол амьдралаа “өөрчлөх” боломж.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Австрали улс, Мельбурн хот

2007 оны 9 дүгээр сар 7

http://mandakhbat.wordpress.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.