05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Мельбурны Их Сургууль

Австрали улсад “Их Найм” гэсэн тусгай шилдгийн шилдэг найман их сургууль байдаг. Үүнд: Австралийн Үндэсний Их Сургууль, Сиднейн Их Сургууль, Мельбурны Их Сургууль, Шинэ Өмнөд Вэльсийн Их Сургууль, Монаш Их Сургууль, Квинслэндийн Их Сургууль, Баруун Австралийн Их Сургууль, Флиндэрсийн Их Сургууль гэсэн их сургуулиуд ордог. Засгийн газар болон томоохон корпорациудын захиалгаар өргөн хүрээний, өндөр үнэтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд эдгээрт ихэвчлэн хийгддэг бололтой юм билээ. Сиднейд хоёр, Мельбурнд хоёр, Нийслэл Канберрад нэг, Баруун Австрали, Өмнөд Австрали, Квинслэнд мужид тус бүр нэг ийм их сургууль оногдож байгаа гэсэн үг юм.

Мельбурны нэгэн дүүрэг

Мельбурны Их Сургууль нь хотын төвийн бизнес хэсэгтэйгээ залгаа бүтэн дүүргийг эзэлсэн хотхон байдаг. 150 гаруй жилийн туршид яг л энэ байрандаа байрлаж байгаа юм билээ. Орчин үеийн барилгууд нь 100 гаруй жилийн түүхтэй уран барилгуудтайгаа зэрэгцэн оршсон гайхамшигтай цогцолбор юм. Ерөнхийдөө 10 гаруй факультетууд энэ хэсэгт төвлөрсөн байдаг. Оюутны хоёр том байр, спортын цогцолбор, оюутны холбооны байр, багш нарын байр, мастер докторт суралцагсдын байр, эрүүл мэндийн төв, санхүүгийн тусламжийн газар, байрны үйлчилгээний газар, ажлын байр жуулчлалын газар, хоёр хүүхдийн цэцэрлэг, төв болон факультет бүрийн номын сан, банкны салбар, хоолны газрууд, бар, зочид буудал, дэлгүүрүүд, машин тавих газар гээд бүхий л зүйлүүд энд байдаг.

Сургууль 40 000 гаруй оюутантай бөгөөд тэдний 6000 гаруй нь мастер болон докторт суралцдаг. Мөн 6000 гаруй багш, эрдэмтэн, ажиллагсадтай.

Шинэ технологи

Оюутнаар элссэн эхний өдрөөс сургуулийн хаяг бүхий имэйл хаягтай болох ёстой. Сургуультай холбоотой бүхий л мэдээлэл интернэтээр гол нь дамжиж явагдана. Сургуулийн дүүрэг бараг бүхэлдээ утасгүй интернэтийн сүлжээтэй. Оюутан өөрөө компьютерээ аваад л явбал интернэтийн сүлжээ нээлттэй юм. Номын сангаас бас зөөврийн комьютер зээлж авч болно. Гэхдээ факультет бүр бараг хангалттай компьютер бүхий лаборатортой. Хэвлэх болон хувилахдаа оюутны үнэмлэхээрээ эсхүл банкны карт шиг тусгай картаар хэвлэнэ. Сургуулийн номын сангийн хамгийн гол хэсэг надад электрон номын сан, электрон хайлт юм шиг санагддаг.

Номын Сан

Сургуулийн нэгдсэн төв номын сангийн номын нөөц маш сайн, энд бас хамгийн сүүлийн үеийн ном, сэтгүүл бүх л зүйлийг захиалаад уншиж болно. Факультет бүрийн номын сан нь ихэвчлэн тухайн салбараараа мэргэшсэн ном, сэтгүүл, сурах бичиг зэргийг агуулсан байдаг. Хуулийн сургуулийн номын сан гэхэд л гурван давхар номын сан байдаг бөгөөд энд Автсрали, Канад, Америк, Их Британи, Шинэ Зеландын 100 гаруй жилийн өмнөх шүүхийн шийдвэрүүд, сэтгүүлүүд бүгд хадгалаастай байдаг. Номын сангаас авсан номоо оюутан өөрөө автомат машин дээр шалгаад аваад гараад явж болно. Шалгаж гарахгүй бол дэлгүүрээс юм хулгайлсантай адил дохиолол дуугарна. Номыг бол дунджаар нэг сар зээлэээд уншиж болно.

Үйлчилгээ

Санхүүгийн тусламжын газар нь оюутнуудад сургалтын төлбөр, байрны түрээсний төлбөр, ерөнхий амьжиргааны өртөг зэрэгт нь туслах бөгөөд бас санхүүгийн ерөнхий зөвлөгөө өгдөг. Би л гэхэд эндээс 2000 доллар тусламж хэлбэрээр авсан. Байрны үйлчилгээний газар нь оюутнуудад байр, орон сууц олоход зөвлөгөө өгөх болон энэ талаархи эрх, үүргийг нь таниулж өгдөг. Ажлын байр олоход туслах газар нь оюутан байх хугацаандаа болон сургууль төгссөний дараах нэг жилд оюутанд нээлттэй ба ихэвчлэн мэргэжилтэйгээ холбоотой ажилд хэрхэн орох талаар зөвлөгөө өгч, намтар болон ажил олгогчид өгөх тодорхойлолт зэргийг бичихэд туслалцаа үзүүлдэг. Мэдээж эдгээрийн вэб хуудсууд дээр хамгийн хямд, сургуульд ойрхон байр түрээслэх, хувааж түрээслэх, ажлын янз бүрийн зарууд байрласан байгаа. Сургуулийн эрүүл мэндийн төвд хэд хэдэн эмч нар байдаг. Төвд бас зөвлөгөө өгөх газар ч бий. Оюутнуудболон гэр бүл нь бүгд эрүүл мэндийн даатгалтай тул түүгээрээ энд үнэ төлбөргүй үзүүлчихдэг. Эмчид үзүүлэхдээ утсаар заавал цаг авч байж ирэх ёстой. Оюутны эрүүл мэндийн даатгалд шүд, нүд ордоггүйг бас анхаарах хэрэгтэй. Энэ төвөөс өөр эмнэлэгт бол бүх төлбөрийг оюутан өөрөө төлөх ёстой бөгөөд тэрнийх нь зарим хэсгийг даатгалаас нөхөн төлж өгдөг.

Оюутны гэр бүл

Гэр бүлтэй оюутны гэр бүлийг нь дэмжих нь оюутан амжилттай суралцахын үндэс гэж сургууль үздэг. Тийм ч болоод гадаад оюутны эхнэр, нөхөрт зориулсан англи хэлний бүтэн жилийн хичээл үнэгүй явуулдаг, энэ хичээл дээр хүүхдийг нь хардаг тусгай ажилтан хүртэл бий. Хямдралтай үнэ бүхий хоёр хүүхдийн цэцэрлэгийг ч бас сургууль ажиллуулдаг. Гэр бүлтэй оюутнуудад зориулсан гарын авлагууд төрөл төрлөөрөө байгаа. Сургууль өөрийн гэсэн хэвлэлийн газартай, өөрийн эмблем бүхий янз бүрийн эд зүйлс худалддаг тусгай дэлгүүртэй. Мастер болон докторт суралцагсдад зориулсан барилгад 24 цаг хичээллэж болдог.

Хуулийн Сургууль

Мельбурны хуулийн сургууль нь дэлхийн шилдэг 10 хуулийн сургуулийн нэг юм билээ. Хамгийн орчин үеийн техник технологи бүхий 2005 онд ашиглалтад орсон 10 давхар шилэн барилга тэр чигтээ зөвхөн хуулийн сургууль. Гуравдугаар давхар хүртлээ бакалаврт суралцагсадын хичээлийн танхимууд, амралтын газар, хурлын танхим гэх зэрэг байрладаг. Гурваас таван давхарт номын сан байрладаг. Зургаан давхарт мастер докторт суралцагсдын хичээлийн болон амралтын байрууд бий. Долоогоос арван давхарт багш нар, эрдэмтэд, захиргааны ажилтнууд, мөн том хурлын танхимууд байрладаг. Хичээл орж байх үед цай, кофе, жигнэмэг үнэгүй байдаг. Хичээл эхлэхээс нэг сар гаруйн өмнө 1000 гаруй хуудас материалыг үнэгүй өгдөг. 50 долларын үнэгүй хэвлэх эрх бас өгнө. Мельбурны Их Сургуульд сурч байгаадаа Би баяртай байгаа.

Мельбурны Их Сургууль - www.unimelb.edu.au

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

m.sereenov@pgrad.unimelb.edu.au

Австрали улс, Мельбурн хот

2007 оны 02 дугаар сарын 11

http://gegeen.wordpress.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.