04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ВЕНА-АМЬДРАХАД ХАМГИЙН ТААТАЙ ХОТ

Австрийн нийслэл Вена хот олон улсын зөвлөгөө өгөгч "Мерсер" /Mercer/ компаниас гаргадаг амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.

Дэлхийн улс орнуудын 221 хот багтсан жагсаалтын хоёрдугаарт, Швейцарийн Цюрих, гуравдугаарт, Шинэ Зеландын Окленд хот орсон байна. Дараагаар нь Мюнхен, Ванкувер, Дюссельдорф, Франкфурт, Женева, Копенгаген, Берн хот бичигджээ. Үүнээс харахад эхний арван байрыг үндсэндээ Герман, Швейцарийн хотууд "хуваасан" байна.

Жагсаалтын эхний байруудад үндсэндээ Европын хотууд оржээ. "Хэдийгээр эдийн засгийн хямралд автаж, улс төрийн байдал тогтворгүй, ажилгүйдлын түвшин өндөр байгаа боловч Европын хотууд амьдрахад таатай нөхцөлийг хадгалсан хэвээр байна" гэж "Мерсер" компанийн төлөөлөгч дурдсан байна. Харин Баруун Европын хотуудаас Афин өрийн хямралд автсаны улмаас 83 дугаарт оржээ. Европын нийт хотуудаас Тбилиси хамгийн сүүлд буюу 213 дугаарт бичигдсэн байна.

Америкийн хотуудаас нэг нь ч жагсаалтын шилдэг 25-д багтаж чадаагүй байна. Тус улсын хувьд амьдрахад хамгийн таатай хот нь жагсаалтын 28 дугаарт бичигдсэн Хавай муж улсын нийсэл Гонолулу юм. Түүний араас Сан-Франциско /29 дүгээрт/ болон Бостон хот /35 дугаарт/ оржээ. Харин АНУ-ын нийслэл Вашингтон хот 43 дугаарт бичигдсэн бол томоохон хот болох Нью-Йорк 44 дүгээрт орсон байна.

Латин Америкийн хотуудаас амьдрахад хамгийн таатай хотоор Пуэнт-а-Питр хот шалгарчээ. Энэ хот Францын далайн чанадын бүс нутаг болох Гваделупа арал дээр оршдог байна. Уг хот хэдийгээр Карибын тэнгисээр хүрээлэгдсэн боловч Францын засгийн захиргааны бүрэлдэхүүнд багтдаг ажээ. Пуэнт-а-Питр хот "Мерсер"-ийн жагсаалтад хангалттай дээгүүр буюу 63 дугаарт орсон бол түүний дараа жагсаалтын 72 дугаарт бичигдсэн Пуэрто-Рикогийн нийслэл Сан-Хуан орж байна. Дашрамд дурдахад, Сан-Хуан нь Америкийн нутаг дэвсгэрт харьяалагддаг. Учир нь Пуэрто-Рико улс нь "АНУ-д чөлөөтэйгөөр нэгдсэн улс" гэдэг статустай юм.

Жагсаалтын сүүлийг Иракийн нийслэл Багдад хот мушгисан байна. Энэ нь Иракийн улс төрийн байдал тодорхойгүй, улс орны аюулгүй байдал хамгийн доод түвшинд байгаатай холбоотой. Иракийн нийслэл хотоос гадна Банги /Төв Африкийн Бүгд Найрамдах Улс/ болон Порт-о-Пренс /Гаити/ хот амьдрахад хамгийн таагүй хотуудын тоонд багтжээ.

"Мерсер" компани арван бүлэгт хуваасан 39 төрлийн хүчин зүйл дээр тулгуурлан амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг гаргадаг байна. Тухайлбал, улс төрийн тогтвортой байдал, хувь хүний аюулгүй байдлын үзүүлэлт, эрүүл мэнд, боловсрол, тээврийн тогтолцоог харгалзан үздэг ажээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.