04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ АВСТРИ, УНГАР УЛСАД АЙЛЧИЛНА

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал хийх болжээ.
Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай тус тус албан ёсны уулзалт хийхийн сацуу Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлэх аж.

Харин Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц унших юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Уг хоёр айлчлалын дундуур буюу энэ сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцох аж.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцоно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.