05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Ц.Нямсүрэн: Чехэд ажилгүй болсон иргэд эхнээсээ нутаг буцаж байгаа нь үнэн

Чех улсад манай улсын олон иргэн ажиллаж амьдардаг билээ. Тэд ажилгүй болсон, хаана хандахаа мэдэхгүй хүнд байдалд байгаа, зарим нь мөнгөө төгрөггүй болоод эх орондоо буцах зардалгүй, орох орон ч үгүй байгаа, Прагад буй Элчин сайдын яамны гадаа олон монголчууд цуглаад буй талаар мэдээлэл манайд ирсэн юм. Байдал ямар байгаа талаар Прага дахь Монголын Элчин сайдын яамны зөвлөх Ц.Нямсүрэнтэй өчигдөр утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу та. "Ардын эрх" сониноос ярьж байна. Чехэд манай улсын иргэд хүнд байдалтай байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Манай улсын иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуудал гараад байгаа юм уу?

-Сайн, сайн байна уу. Дэлхий даяараа эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг мөч энд  ч бас нөлөөлж байна.

Томоохон үйлдвэрүүд болон тэр дундаа машины үйлдвэрүүд ажилчдаа олноор нь цомхотгож байгаа. Манай монголчууд ийм үйлдвэрт олноороо ажилладаг юм.

-Ажилгүй болсон иргэд хаана хандахаа мэдэхгүй,  буцах зардал ч үгүй байгаа гэсэн?

-Яг энэ асуудлаар хандсан хүн алга. Ажилгүй болсон иргэд эхнээсээ нутаг буцаж байгаа нь үнэн. Зарим нэг үйлдвэрийн захирлууд сайн ажилладаг хүмүүстээ хоёр сарын цалинг нь өгөөд хүлээхийг хүссэн байсан. Зөвхөн манай монголчуудыг ажлаас халаад байгаа зүйл огт байхгүй  гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Вьетнам, Украин гээд олон орны иргэд үүнд ширвэгдэж байна. Ажилгүй болох хүмүүсийн эхний эгнээнд ажлаа их тасалдаг, чөлөө авдаг, архи уудаг гэх мэт хүмүүс их өртөж байгаа нь анзаарагдаж байна.

-Тэнд манайхаас гэр бүлээрээ амьдарч байгаа иргэд цөөнгүй бий. Иймд хүний эрхийг хамгаалах үүднээс Чехийн талаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаа болов уу?

-Өчигдөрхөн бид холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Чехийн парламентийн гишүүн, Монголд элэгтэй Руброва гэдэг эмэгтэй байдаг юм. Парламентийн гишүүд, хүний эрхийг хамгаалах байгууллага, Нийгмийн хамгаалал болон Дотоод явдлын яамныхан хамтран уулзалт зохион байгууллаа. Манайхан ч энэ уулзалтад оролцож санал бодлоо хуваалцсан. Дэлхийн эдийн засгийн хямрал үйлдвэржсэн улсад илүү мэдрэгдэж байна.

-Яг одоо хэдэн монгол хүн Чехэд ажилладаг юм бэ. Дундаж цалин нь хэд байдаг юм бол?

-Энд цалин тийм өндөр биш шүү дээ. АНУ, Солонгос шиг байдаггүй. 500-600 ам.доллар л байх. Харин нийгмийн халамж сайтай. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхэд үнэгүй сургуульд сурна, өөрсдөө эрүүл мэндийн даатгалд хамрагддаг юм. Нийт 13 мянган хүн бий.

-Манайхан Чех рүү явахаар энд хөөцөлдсөөр байна. Байдал ямар байгаа талаар сэрэмжлүүлэг наашаа явуулж, иргэддээ мэдээлэл өгч  байгаа юу?

-Бид цагийн байдлын талаар Гадаад харилцааны яамны Европын газар руу мэдээлэл өгч байгаа. Сая манай Элчин сайд Монголд байхдаа энэ тухай хангалттай мэдээлэл өгсөн. Наашаа ирэх гэж байгаа монголчуудаа түр азнаач, байдлыг харж байгаад ирэх асуудлаа шийдэх хэрэгтэй байна гэж хэлмээр байна.

Х.Оюунсүрэн

Эх сурвалж: www.news.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.