05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Монгол шагай- Европ-2012 Франц

Аргын тооллын 9 сарын 15, 16-ний өдрүүд буюу билгийн тооллын17-р жарны усан луу жилийн намрын эхэн шар бич сарын билгийн 29, 30 -ны билэгт сайн өдрүүдэд Франц улсын La Cheppe хотын дэргэд байрлах Xүннүгийн их Аттила хааны түүхэн улбаат цэргийн сууринд Европад амьдардаг Монголчуудын гурав дахь удаагийн шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн амжилттай сайхан болж өнгөрлөө. Мөн Франц Улсад суух Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ш.Алтангэрэлийн санаачлагаар босгосон овоо тахилгын албан ёсны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энд болов.

Элчин сайд Ш.Алтангэрэл, Европийн Монгол Шагайн Харвааны Холбооны тэргүүн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Батсүхийн Баатарбат болон тэнд хуран цугласан монголчууд овоондоо хүндэтгэл үзүүлэн сум тавьцгаалаа. Овоогоо хүндэтгэн харвасан харваачдын сум мэргэн, хараа хурц, уухай цээл байсан нь Европд амьдарч байгаа Монголчуудын хийморийн босоо цагаан сүлд үргэлж мөнхөд бадамлаж байхын өлзий ерөөл гэлтэй.

Европийн Монголчуудын шагайн харвааны аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнд Франц, Бельги, Чех, Англи, Холланд улсуудаас нийт 8 баг хүрэлцэн ирж оноо цэц авхаалж самбаагаа сорьцгоосноос:

1-р байр. Франц улс Tours хотын В.Ганзориг ахлагчтай Монголчуудын баг
2-р байр. Франц улс Парис хотын П.Эрдэнэжаргал ахлагчтай Монголчуудын баг
3-р байр. Чех улс SKIFSPOL компаний Э.Хүрэлцоож ахлагчтай Монголчуудын баг эхний гурван байрыг эзэлж тэнд хуран цугласан наадамчин олноо баясгав.

Цуваа харваанд 21 харваач оноо цэцээ сорьсоноос:
1-р байр. Европийн Монгол Шагайн Харвааны Холбооны гоц мэргэн Д.Чинзүрх/ Дорноговь аймаг Даланжаргалан сум/. Франц улс
2-р байр. Монгол Улсын дэд мэргэн Л.Баяраа /Булган аймгийн харьяат Монгол Улсын Харьшгүй мэргэн Лувсанбадамын хүү/ SKIFSPOL компани / Чех улс
3-р байр. залуу харваач Э.Хүрэлцоож / SKIFSPOL компани / Чех улс

Хүүхдийн цуваа харваа:
1-р байр. Мөнхбаясгалангийн Одхүү /Бельги улс/
2-р байр. Мөнхбаатарын Төгөлдөр /Бельги улс/
3-р байр. Мөнхбаясгалангийн Баянхүү /Бельги улс/ Төв аймгийн Лүн сумын уугуул олноо Налайхын хэмээн алдаршсан алдарт харваач Дашчоймболын Дашжамц гуайн ачхүү Франц улсад ажиллаж амьдардаг Эрдэнэхуяг Хүүхдийн харвааны бай шагналыг ивээн тэтгэлээ. Уг тэмцээнийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Батсүхийн Баатарбат тэргүүнтэй Европийн Монгол Шагайн Харвааны Холбоо, Франц улсад суугаа Монгол Улсын ЭСЯ болон Бельгийн Монголчуудын шагайн товчоо хамтарч амжилттай сайхан зохион байгууллаа.

Та бүхний уухай цээлхэн, хараа хурц, оноо мэргэн байх болтугай! Монгол улс мандтугай!

Сурвалжлагыг бэлтгэсэн: Баяраагийн Батбаяр /Бельги. Антвэрпэн хот/

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.