04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫ ХОЛБООТНУУД

ОДООГООС 70 ЖИЛИЙН ӨМНӨ 1941 ОНЫ 6-Р САРЫН 22-НД ЭХ ОРНЫ ИХ ДАЙН ЭХЭЛСЭН. ЭНЭ ДАЙНД МАНАЙ УЛС ЗХУ-ЫН ХОЛБООТОН БАЙСАН. ХАРИН ДАЙСНЫ ТАЛД ХЭН, ХЭН БАЙВ?
ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫ ХОЛБООТНУУД
1945 оны эхээр Германы зэвсэгт хүчинд 9,4 сая хүн алба хааж байснаас тал хагасаас их хувь нь буюу 5,4 сая нь байлдааны талбарт байв. Армиас гадна бас СС-ийн цэрэгт гэхэд л гадны бараг хагас сая хүн алба хааж байжээ. Эдгээр тоо баримтыг тавьсан АНУ-д хэвлэдэг Оросын Russian Town сонинд СС нийт хэчнээн хүн хүчтэй байсныг дурдаагүй нь харамсалтай. Гадныхан СС-д алба хааж байсан гэдэг баримт эрхгүй сонирхол татаж байгаа бөгөөд  үүнд:
-    Дундад Азийнхан – 70 мянга
-    40 мянган азербайжан
-    30 мянган умарт кавказынхан
-    25 мянган гүрж


-    22 мянган татар
-    20 мянган армян
-    50 мянган голланд
-    30 мянган казах
-    25 мянган латви
-    23 мянган фламанд
-    22 мянган украин
-    20 мянган босни
-    15 мянган эстон
-    11 мянган дани
-    10 мянган орос ба белорус
-    7 мянган норвеги
-    7 мянган франц
-    5 мянган албани
-    4 мянган швед хүн хүчний бие бүрэлдэхүүн зөвхөн СС-ийн албанд зүтгэж байсан аж.

Мөн тэд цэрэг дайны ач холбогдлоороо ч харилцан адилгүй байсан нь мэдээж. Албаничуудаас бүрдсэн СС-ийн “Скандербег” дивиз анхны цалин хангамжаа авангуутаа тарж бутарч оргож бултаж алга болсон байхад Рейхстагийн сүүлчийн хамгаалагч нар нь францын “Шарлемань” дивиз, латвийн 15-р явган дивизийнхэн байжээ.  Оросын Чөлөөлөх Арми гэгдэж байсан урвагч генерал Власовын 1-р дивизийн 16 мянган цэрэг дээрх тоонд орохгүй, учир нь тэд СС-ийнх бус. Цаашилбал СС-ийн бус ч Дэлхийн 2-р дайнд Гитлерийн Германы холбоотон байсан улс орнуудыг хүн хүчээр нь авч үзвэл:
-    Словак. Германы дагуул орон байсныхаа хувьд энэ улс  ЗХУ-д нэн тэргүүнд   дайн зарласан. 36 мянган хүнтэй 2 дивиз нь Украин, Кавказ, Крымд Улаан Армитай үзэлцэж байв. 1941 оны 6-р сараас (6-р сарын 22-нд Эх Орны Их Дайн эхэлсэн гээд бодохоор дайн эхэлснээс хойг 7 хонов уу үгүй юү, Словак Зөвлөлтийн эсрэг дайнд орсон байна) 1944 оны 9-р сар хүртэлх хугацаанд 3 мянга арай хүрэхгүй словак цэрэг үрэгдэж, 27 мянга нь бууж өгч олзлогджээ.

-    Унгар. Гитлерийн Германы хамгийн үнэнч холбоотон байсан энэ улс 1941 оны 6-р сарын 27-нд ЗХУ-ын эсрэг дайнд орж 1945 оны 4-р сарын 12 хүртэл үхэлдэн тэмцэлджээ. Зөвлөлт-Германы фронт дээрх “Карпатын бүлэгт” багтсан Унгарын 2-р арми ба нисэх хүчинд 205 мянган мажар хүн Улаан Армийн эсрэг тэмцэлдэж байсан бол Их Дайн Унгарын нутагт орж ирэх үед даруй 150 мянган хүнээр хүчээ сэлбэжээ.  Дэлхийн 2-р дайнд Унгар улс 300 мянган хүнээ алджээ.
-    Румын. Унгараас ч илүү их гарз хохирол амссан улс. 220 мянган явган цэрэг, 400 гаруй онгоц, 126 танктай Румыны арми Молдав, Украин, Крым, Кубанид Улаан Армитай тулалдаж, Одессийг эзлэх болоод Сталинградыг авах тулалдаанд идэвхтэй оролцжээ. Нийт хохирол нь Улаан Армийн эсрэг дайнд 350 мянган цэргээ алдсан бол 1944 онд Германы эсрэг Холбоотны талд ороод герман, унгаруудтай хийсэн дайнд 170 мянган хүнээ нэмж алдсан гээд бодохоор Их Дайны явцад нэмж зөндөө их цэргээ оролцуулсан болж таарч байна.
-    Хорват. 369-р хүч нэмэгдүүлсэн хороо, моторжуулсан бригад, нисэх эскадрил, нийт 20 мянган хүнтэй арми нь Гитлерийн Германд хүч хавсрав. Хагас нь буюу 10 мянга нь Сталингардын дэргэд амиа тавьж бас олзлогджээ. 10 мянгын хэд нь үрэгдэж, хэд нь олзлогдсон нарийн тоо баримтыг Russian Town сонин дурдсангүй.

-    Итали. 1941 онд Дүчегийн дэглэм Зөвлөлт-Германы фронтод 3 дивизээс бүрдэх 60 мянган хүнтэй корпус илгээгээд дараа, дараачийн жилүүдэд  нэмж 374 мянган хүн хүч бүхий 11 дивизээ явуулжээ. Оросод 94 мянган итали хүн дайнд үрэгдэж, бас 23 мянга нь Зөвлөлтийн цэргийн олзонд байхдаа үхжээ. 2-р ба 35-р корпус нь Сталинградын дэргэд немцүүд ялагдсаны нэг шалтгаан болжээ гэснийг уншаад “Италичууд шиг муухан дайчид ч гэсэн хэрэгтэй л болж байна даа” гэж  Юрий Дольд Михайликийн “Ганц дайчин ганцаардахгүй” романд дурдсан байдгийг саналаа.
-    Испани. 250-р явган дивиз 1941-1943 онд Зөвлөлт-Германы фронт дээр байлдаж байв. Энэ хугацаанд  40-50 мянган испани цэрэг фронт дээр байсан байна. Тус дивиз Ленинград ба Новгородын дэргэд байлдаж байсан бөгөөд Новгородын Ариун Софийн сүмийн загалмайг “щёткодчихсон” (хулгайлсан) улс бол тэд юм. 5 мянга нь алагдаж, 8 мянга нь шархаджээ.
-    Финланд. 1941 оны 6-р сарын сүүлээр (бас лЭх Орны Их Дайн эхлээд  7 хоноод л гэсэн үг) дайнд орсон энэ улс “Өвлийн дайнд” алдсан бараг бүх нутгаа ЗХУ-аас буцааж авч энэ тэр эхэндээ их л “даналзжээ”. “1940 онд ялагдашгүй Улаан Арми цагаан финчүүдийн довтолгоог бут цохилоо” гэж олон жилийн өмнө “ЗХУ” сэтгүүлээс уншиж  байснаа санаж байна. “Өвлийн дайн” гэдэг нь 1940 онд болжээ. Халх гол, Хасан нуур, цагаан Фин гээд Орос ах нар ч бас их дайнд бэлдээд байжээ дээ, янз нь. 400 мянган хүнтэй фин арми Ленинград, Карел, Колымын хойгт Зөвлөлтийн эсрэг үзэлцэж 55 мянган хүнээ алджээ. 1944 оны 9-р сард Энхийн гэрээ байгуулж тэр аймшигт дайнаас гарч “сэргэлэнджээ”.

Үүнийг би дээр нэр дурдсан сониноос зүгээр л орчуулан тавьсан бөгөөд жишээ нь “Унгар улс  300 мянган хүнээ алджээ” гэдэг нь орос эхдээ “Общие потери – 300 тыс. чел.” гэж байгаа юм. Яг нарийндаа Унгар улс ч юмуу, Унгарын арми нь ч юмуу, сайн мэдсэнгүй гэдгээ шударгаар хэлэх нь зүйтэй.  Бас нэг анзаарсан юм гэвэл эдгээр тоо баримт нь дээрх улс зөвхөн ЗХУ-ын эсрэг хэрхэн байлдаж ямар хохирол амссан тухай бололтой юм. ЗХУ-ын холбоотон Англи, Америк, Франц зэрэг  гүрний эсрэг тэд бас байлдсан уу, байлдсан бол хэрхэн яаж, хэр хохирол үзсэн зэрэг нь бас бүү мэд ээ. Худлаа нэрэлхээд юүххэв, би бэлэн материалыг зүгээр орчуулсан болохоос нөгөө “судлаач Ганхуяг” гэдэг шиг мөрөөр нь мөшгиж судалж сүйд болоогүй юм шүү. Уучлаарай. Бас нэг зүйлийг хэлэхэд Та бүхэн ч бас сайтар анзаарсан байх, энэ дайн гэдэгт орон зай, цаг хугацаа, стратегийн ач холбогдол, улс орны болоод армийнх нь удирдлага, за аягүй бол улс ард түмний төөрөг тавилан нь ч бас нөлөөлдөг биз, зарим улс, жишээ нь Унгар, Румын аймаар их хохирсон байхад Итали хүн амтай нь ч харьцуулсан, бүр анхнаасаа Герман-Итали-Япон гэсэн том гурвалын нэг байсныг нь ч бодсон, харьцангуй бага хохирсон байх юм. Хорват, Словак Испани гурвыг бол бараг “азтай Багинууд” гэж хэлсэн ч болохоор байгаа биз.

Л.БАТБАЯР

2 – 7 – 2011.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.