04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Бие Хүний Тэнгэрлэг Хүч Чадал

Гадаадад амьдарч буй Монголчууд дунд "Монголоо яаж өөд нь татах вэ? Яаж хөгжүүлэх вэ? ядахдаа энэ улс оронд байгаа ийм нэг зүйлийг Монголдоо буй болгочих юмсан" гэж  боддоггүй хүн ховор бизээ. Тэгвэл тэр зорилгоо хэрэгжүүлэх арга зам байна гэдэг санааг та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Сонсогтун! Ухаан санаандаа тунгаагтун!

Монголд  Хүч Чадалтай  хүмүүс хэрэгтэй байна! Болж өгвөл Мөнх Тэнгэрийн хүчийг олсон мэт Хүч Чадалтай хүмүүс хэрэгтэй байна. Тэгээд юу гэж! таарсан хүн болгоныг цохиж унагаад явах ёстой болж байна уу?! хэмээн зарим бэртэгчин асууж болох л доо.
Тиймээ! цохиж унагаад л байх чадалтай тийм Тэнгэрлэг Хүч чадалтанууд, тийм Мастерууд бидэнд хэрэгтэй байна!.

Домгийг авч  шиддэг Түвшинбаярүүд, өрсөлдөгчөө ялан дийлчихээд Олимпийн дэвжээн дээрээс шүлэг уншидаг Бадар Ууганууд, буугий нь гацаагаад байхад ч онож л байдаг Гүндэгмаанууд, хөлийнх нь цус шүүрч байхад нумаа агшааж, сумаа тавин  10 дээр зоож байдаг Баатаржавууд, Лондон, Манчестерийн мэргэжлийн боксын рингэн дээр чонын арьсан малгайтай гарч ирээд Монгол Дайчин! нэрээр цоллуулан өрсөлдөгч нараа нам цохиж унагаадаг Цэвээнпүрэвүүд, Японы сумод хаанчилсан их аваргууд, өрөөсөн мөр нь гэмтчихээд байхад "Би тулалдах ёстой!" хэмээн олимпийн рингэнд гарч өрсөлдөгчөөсөө оноо авч байдаг Сэрдамбууд, баг нь ялагдсан ч гэсэн ганцаараа Дэлхийн аварга болж чаддаг Цагаанбаатарууд, өрсөлдөгчөө аянга ниргэх мэт өшиглөж унагадаг Амарбаясгалангууд бидэнд хэрэгтэй байна.
Манай бизнесменүүд өрсөлдөгч кампаниа цохиж унагаагаад л байх хэрэгтэй байна.

Бидэнд ихэрхэж, бидэнд зааж зааварлаж явдаг Америкчууд, Япончуудад эрдэм ном зааж явдаг Гомбожав Хангин,  Саруул Эрдэнэ, Ш Баатар, Чимэгбаатар нар шиг хүмүүс бидэнд хэрэгтэй байна.  Майкрософтод вийндоус-ыг бүтээлцэж суудаг тэр залуучууд шиг хүмүүс хэрэгтэй байна.
Би ийм хүмүүсийг өөрсдийн Амьдралын Мастер болсон хүмүүс хэмээн бахархаж явдаг.  Ийм Мастерууд Монгол оршихуйн утга учир байх болно гэдэгт би эргэлздэггүй. Чухамдаа тэд л Монголыг гэрэлтүүлэх аянга цахилгаан байх болно.
Тэд Бие, Сэтгэл, Оюуны хүчээрээ өөрсдийн хувь заяаны эзэд болсон хүмүүс! Тэд, өөрийгөө ялан дийлэх зүрх зориг бол сайн сайхан зүйл хэмээн хөдөлбөргүй итгэсэн Эх Оронч хүмүүс!  Би энд урлагаар барууныг байлдан дагуулж яваа даралтад хөгжимчин Чинбат мэтийн хүмүүсийг ярих юм бол уншиж дуусахгүй юм болно гэдгийг мэдэж байна.
Өнөөгийн хүн төрөлхтөн аймшигийн зүйл болж хувирчихаад байгаа билээ. Энэ нь Монголд ч нөлөөлж байгааг бид харсаар байна. Хүн төрөлхтний ёс суртахуун, үнэт зүйлийн тухай ойлголт сүйрэн доройтсоор байгаа энэ үед бид юуны өмнө Бурхны тухай бодлоосоо салж Хүч чадалд, Бие Хүний Бие, Сэтгэл, Оюуны хүч чадалд шүтэх хэрэтэй болоод байна.
Жалгаар нэг Христосын сүм хийд, довоор нэг Буддын суврага босгож хөрөнгө мөнгө завшиж, үрэн таран хийж явахын оронд сургууль, цэцэрлэг, шинжлэх ухаан технологийн төвүүд, спортын байгууламжуудыг босгох хэрэгтэй.
Энэ чинь л Бурханлиг үйлс! энэ чинь л Бурханд үйлчилж, сайн сайхан "үйлийн үрийг" Монголчууд бидэнд авчирах болно.

Бурханы тухай, Будда-гийн тухай хийсвэр төсөөллөө бид булшилах хэрэгтэй юм. Эвлэрч болохгүй юмтайгаа бид дээр дурдагдсан дурьдагдаагүй манай өнөө үеийн баатарууд шиг эвлэрэхгүй л байх хэрэгтэй!  Өнөө цагийн Монголчууд бид бүх чиглэлд, бүх төвшинд жинхэнэ дайн явуулах хэрэгтэй байгаа юм. Монголчууд байгал орчин маань цөлжиж байна гэж ярьдаг, Гэтэл бидний Оюун Санаа цөлжиж байгаа нь харамсаад барахгүй зүйл билээ. Нэг ёсондоо оюун санааны сүйрэл нүүрлээд байна.  Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн гэх  хүнлэг ёс, либерал соёл, бүх нийтийн сайн сайхан, ардчилал гэх мэтийг бид ёс суртахууны дээд үнэлэмж гэж шууд хүлээж авсан нь одоо утгаа алдаад байгаа билээ. Бидний дайснууд эдгээр ойлголтыг биднийг шулан мөлжих, цөлмөх, сул дорой байлгах арга хэрэгсэл болгож хувиргаад байна.
Гэтэл миний бахархан дуулаад байгаа баатарууд маань огт өөр ёс суртахуунаар амьдарч байгаад л би туйлын баяртай байгаа юм. Тэд ардчилал эрх чөлөө нэрийн дор хариуцлага алдаж, дур зоргоороо авирлаж, ажил амьдралгүй тэнэсэнгүй. Харин өөрийн хатуу сахилга баттай байж, өөрсдийн сул талыг ялан дийлж амжилтанд хүрч болдогийг өөрсдийн амьдралаар үзүүлж байна. Ийм хүмүүсээ л бид "гэгээнтэн", "санваартан", "хамба", "лам хуваргын" дайд үзэх ёстой юм.
Намаас биш, ламаас биш яг бодит баатаруудаас бид суралцах ёстой юм. Тэд элдэв ардчилал, элдэв <изм> ярьсангүй.

Би хэн бэ? хаашаа явж байна? гэх мэт меланхолик, бурхны нэрээр халхавчилсан метафизик асуулт тавьж суусангүй.

Тэд зөвхөн хөлсөө урсган хөдөлмөрлөсөн. Элдэв худал үнэн ёс суртахуун, номлол бол амьдралын хар садаа, үнэний дайсан гэдгийг тэд хөлснийхөө амтнаас л мэдэрсэн хүмүүс.  Хүмүүн төрөхтөн угаасаа Мастерууд, Малнууд хоёроос тогтддог болохыг Германы их философич Фридрих Ницше 19 дүгээр зуунд олж нээжээ.  Мастер, Мал хоёрын хооронд эвлэрэх юм юу ч байхгүй.  Гэхдээ энд би ардчилсан хувьсгалын үр дүнд гарч ирсэн илүү их хүнд сурталтай, илүү их идэж уусан, үрэн таран хийсэн цатгалан царайтай Орвелийн гахай - түшмэлүүдийг мастер гэж хэлж байгаа юм биш шүү!
Жинхэнэ мастерууд бол хувь заяаныхаа эзэн болж чаддаг, өөрийгөө хүндэлдэг, зөвхөн өөрийн хүчинд итгэдэг бие хүмүүс байдаг.  Тэд элдэв сүрэгт очиж нэгдэн амиа тээхийн оронд өөрөө өөртэйгөө ажиллаж,  амьдралынхаа мастер болсон, арчаагүй, ажил амьдралгүй сул дорой хүмүүст дургүй хүмүүс.
Тэд бол хүчирхэг бие хүмүүс.  Тэд амар амгалан хэвтэхийг хүсдэггүй, сэрүүн зүүдэлж чаддаггүй хүмүүс.

Тэд үнэнийг амьдралаараа шалгаж явдаг, үнэн л юм бол тэр нь амьдралаар харагдах ёстой гэж үздэг хүмүүс.

Харин нөгөө төрлийн хүмүүс нь илүү бурхан ярих дуртай, ёс суртахууны элдэв норм хэм хэмжээ, юуг хийж болох, юуг хийж болохгүйг сурталдсан сургасан, тэгсэн мөртлөө өөрсдөө түүнийгээ нэг их баримталдаггүй хүмүүс билээ. Энэ утгаараа тэд малтай нилээд төстэй.  Учир нь тэд хоосон үзэл сурталд илүү их дөрлүүлсэн байдаг. Ийм хүмүүс сайн санаа, уян зөөлөн сэтгэл, тав тухтай орчин, аюлгүй байдал, соёлтой байдал гэх мэтийн үг яриагаар өөрсдийн сул дорой байдлыг өнгөлөн далдалж, халхавчилахдаа ихээхэн гаршисан байдаг .
Ийм хүмүүсийг өөрсдийн хөлс хүчээр амьдарч байгаа хүмүүсээс чанарын хувьд "доод арьстан" гэж хэлж болохоор хүмүүс юм.  Өнөө цагийн Монгол ийм хүмүүсийн гарт орсон учираас л бүх талаар сульдан доройтсоор байна!.
Гэхдээ шинэ хүмүүс, шинэ баатарууд төрөн гарсаар байгаад би баяртай байна. Тэд бол шинэ ёс суртахууныг, шинэ аж төрөх ёсыг, шинэ амьдрал, амжилт ялалтыг авчирагсад.  Тэд бол Шинэ Зууны Монгол хүний Ёс суртахуун болох Үндэсний Эрх Ашгийг өөрсдийн хөлс, "цус", сэтгэл зүрх, зориг тэвчээр, цаг наргүй хөдөлмөр, тэмцэл, хичээл зүтгэлээрээ дархлагчид!  Тэд бол Бурханд биш, Тэнгэрлэг Хүч Чадалд шүтэгчид!

Мөнх Тэнгэрийн Хүч Тэнгэрлэг Хүвгүүд, Охидыг маань ивээх болтугай!

З.Эрдэнбат (Germany) 2009.09.02


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.