05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

МОНГОЛ ХҮҮ ЦЭЭЖ БОДОЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

    Энэ оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд ХБНГУ-ын Гизен хотод “Цээж бодолт”-ын Дэлхийн Аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн боллоо.

     Эцсийн шалгаруулалтад 150 хүнээс шалгарсан 20 орны 40 тамирчид олон оронтой тооны нийлбэр, олон оронтой тооны үржвэр, хүн хуанли, зургаан оронтой тооноос квадрат болон куб язгуур олох /таслалаас хойш 6 оронг цээжээр олох/ зэрэг нийт таван төрөлд оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдлөө.

    Манай улсаас Монголын Оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын ОУ-ын мастер Х.Хатанбаатар, Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Мягмарсүрэн нар өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарч Х.Хатанбаатар багш зургадугаар байрт орж түүний шавь Т.Мягмарсүрэн цээж бодолтын Дэлхийн аварга боллоо.

    Анх хэзээ энэ спортоор хичээллэсэн, аль орны тамирчид хүчтэй байна гэсэн сэтгүүлчийн асуултад Х.Хатанбаатар багш “Япон, Герман, Кубын тамирчид үнэхээр хурдтай бодож байна. Тэднээс чамгүй туршлага судаллаа. Миний хувьд анх 2010 оны цээж бодолтын дэлхийн аваргад оролцож 11 дүгээр байрт орж байсан. Энэ жил амжилтаа ахиуллаа. Анх энэ тэмцээнд оролцоод төрсөн сэтгэгдэл бол Монгол хүүхэд, залууст цээж бодолтын арга техник нь тархи хөгжүүлэх хамгийн чухал дасгал болохоос гадна удахгүй оюуны спортын дэлхийн аварга төрнө дөө гэж бодож байсан маань ганцхан жилийн дараа богино хугацаанд биеллээ олно гэж төсөөлж ч байсангүй. Үнэхээр их баяртай байна. Оюун ухааны академийн хувьд өнгөрсөн жил ой тогтоолтын сургалтаас гадна цээж бодлогын сургалтаа идэвхитэй явуулж эхэлсэн.

Т.Мягмарсүрэнгийн хувьд өнгөрсөн есдүгээр сард Турк Улсын Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд хамт амжилттай оролцож хоёулаа тус бүр 6 нийт 12 медаль авсан. Богино хугацаанд өөрийгөө нээж, хөгжүүлж байгаа чадварлаг сурагчдын нэг. Мөн энэ өдрүүдтэй зэрэгцээд Шведийн Готтенбург хотод Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд ОУ-ын Их мастер хоёр шавь С.Акжол, С.Цогбадрах нар маань амжилттай оролцож хоёр алт нэг хүрэл медаль хүртлээ. Давхар давхар баярт мөч тохиогоод байна. Ирэх сарын 23-27-ны хооронд 4 жилд нэг удаа болдог “Оюуны олимп”-доо одоо бэлдэж эхэлнэ" гэлээ.

    Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд амжилттай гаргасан оюуны спортын тамирчид маань энэ сарын 4-ний өглөө эх орондоо ирэх юм байна.
Д.Догсмаа

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.