05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Монголын соёл, эдийн засгийн төв байгуулагдах хэрэгцээ шаардлага, түүний бүтэц, үйл ажиллагааны чиглэл

Германы Баден-Вюртемберг муж дахь Монгол Академичдын Холбооны хамт олон 2010 оны 10 сарын 29-31-нд “Хамтдаа хүчтэй” уриан дор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан бөгөөд миний бие тус хуралд өөрийн судалгааны чиглэлээр бус харин өөр нэгэн сэдвийг хөндөн, асуудал дэвшүүлэхээр оролцсон юм.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” хэмээх ухаант өвгөд дээдсийн сургаалыг даган өргөн олон та бүхэнээр хэлэлцүүлэх үүднээс мөн толилуулж байна.

20 дугаар зууны эхэн үед Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласанаар олон улсын улс төр, эдийн засгийн харилцаанд татагдан орсон билээ. Ийнхүү монголчууд үндэстнийн хувьд сэргэн мандах боломжийг олж авсан ч түүний хэрээр зайлшгүй шийдвэрлэх олон асуудлуудтай нүүр тулсан байдаг.

Энэ бол монголчуудын хүсэл зоригоос үл шалтгаалах гадаад хүчин зүйл байсан гэж олон хүн хэлэх байх. Гэвч түүнээс дутуугүй хүчин зүйл нь монголчуудын үндэстний дотоод хүчин чадлын асуудал байсан юм. Тухайн үед Гадаад Монголын харьцангуй тусгаар байдлыг дэмжиж байсан Хаант Оросын Засгийн Газар хүртэл чухамхүү энэ асуудалд эргэлзэж байлаа. Тиймээс ч монголчууд төрийн тусгаар тогтнолоо хамгаалах, хүлээн зөвшөөрүүлэх цаашлаад үндэстний хувьд оршин үлдэхийн тулд суурин иргэншлийн ололтыг амьдралын хэв маягтаа нэвтрүүлэх шаардлагатай тулгарсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн байгуулал, худалдаа үйлдвэр, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг өрнийн загвараар үүсгэн байгуулах, өөрчлөн хөгжүүлэх, хүүхэд залуусаа гадаадад сургах шаардлага зүй ёсоор тавигджээ. Ингээд юуны өмнө тэргүүний техник, технологийг худалдан авах, инженер техникийн ажилтныг урьж ажиллуулах зорилгоор Аж Ахуйн яам өөрийн Худалдааны төлөөлөгчийн газрыг, тэрхүү шинээр байгуулагдах боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр аж ахуйн газарт ажиллах үндэсний мэргэжилтэнг сурган бэлтгэх ажлыг зохион байгуулах зорилгоор Герман, Францад суралцахаар очсон сурагчдыг хариуцсан захиргааг Ардыг Гэгээрүүлэх яам Берлин хотноо тус тус нээн ажиллуулах болжээ. Энэ бол гадаад дахь Монголын анхны соёл, эдийн засгийн төв байсан гэж үзэж болох бөгөөд тухайн үеийн нөхцөл байдалд өөрийн үүргийг тун сайн биелүүлж, улс орныхоо хөгжилд зохих хувь нэмэр оруулсан билээ. Гэвч түүхий эд, байгалийн баялаг болон геополитикийн байршлынх нь улмаас Монголын цаашдын хөгжлийн зам нь монголчуудын хүсэл эрмэлзлээс ихээхэн өөрөөр тодорхойлогдох болсноор дээрх ардыг гэгээрүүлэх яам болон аж ахуйн яамны төлөөлөгчийн газрууд цааш өргөжин тэлэх байтугай татан буугдсан байдаг.

Харин социалист системийн задрал, 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс ЗХУ-ын улс төр, эдийн засгийн нөлөөнөөс гарч, тусгаар тогтнол маань бүрэн утгаараа хэрэгжих бололцоотой болсон төдийгүй монголчууд улс төр, эдийн засаг, оюун санааны хувьд жинхэнэ эрх чөлөөтэй болсноор тэртээ 20 дугаар зууны эхэн хагаст үүлэн чөлөөний нар мэт дайраад өнгөрсөн боломж, нөхцөл дахин бүрдээд байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нээлттэй болсноор гадаад харилцаа нь өргөжин тэлж, тэр хэрээр гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд, гэр бүлийн тоо болон Монголыг сонирхох гадаадынхны сонирхол эрс өсөн нэмэгджээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд уул уурхайн зарим түүхий эд, ашигт малтмалын үнэ цэнэ, ач холбогдол өсөн нэмэгдсэнээр тухайн байгалийн баялагаар баян Монгол Улс олон улсын сонирхлыг зүй ёсоор татаж байна. Монгол Улс ч түүхий эд, байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, тэгэхдээ шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэт ололтыг ашиглах, эзэмших, хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ бол Монголын соёл, эдийн засгийн төвийг гадаадад байгуулах эдийн засгийн бодит шаардлага, хэрэгцээ хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь асуудлын зөвхөн нэг тал юм.

Нөгөө талаар сүүлийн жилүүдэд дэлхий дахин дахь даяарчлалын явцын үр дүнд үндэстэн хоорондын эдийн засгийн харилцаа өргөжиж, шинжлэх ухаан, технологийн ололтын тархалт эрчимжиж, мэдээллийн сүлжээ асар хурдтай тэлж байна. Түүний хэрээр үндэстэн бүрийн өмнө өөрсдийн нийгмийн хөгжлийг түргэтгэх өргөн боломж нээгдэхийн зэрэгцээ өөрийн амьдрах орон зай болох байгалиа, оршин тогтнох үндэс болсон эх хэл, бичиг үсэг, үндэсний соёл урлаг, зан заншил, уламжлалаа хэрхэн хамгаалах асуудал товчоор хэлбэл даяарчлалын нөхцөлд хэрхэн зохицон үлдэх асуудал хурцаар тавигдаж байна. Энэ нөхцөлд улс үндэстэн бүр өөрийн хэл, түүх соёл, уламжлалыг залуу үедээ өвлүүлэх, суралцуулах төдийгүй түүнийг бусад үндэстэн, ард түмэнд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Харин хүрч буй үр дүн нь харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь тухайн улс орон бүрийн төрийн бодлого, авхаалж самбаа, ард иргэдийн санал санаачилга, хүчин зүтгэлээс хамаарч байна. Монгол Улсын хувьд энэхүү төрийн бодлого, хувь хүмүүсийн санал санаачилга үндсэндээ харилцан уялдаа холбоо, нэгдсэн бодлогогүй явж ирсэн гэж хэлж болохоор байна. Энэ байдлыг халах нэг зам нь Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий дэлхийн томоохон хотуудад Монголын соёл, эдийн засгийн төвийг байгуулж, төрөөс нэгдсэн бодлогоор хангаж, үйл ажиллагааг нь дэмжих явдал юм хэмээн үзэж байна.

Монголын соёл, эдийн засгийн төвийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл

Бусад улс орны хувьд өөрийн хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаад сурталчилгааг эрхлэх, мэдээлэл хурдан шуурхай дамжуулах, эрх зүйн болон бизнесийн үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн байгууллагуудыг дэлхийн томоохон хотуудад нээн ажиллуулж байна. Монгол Улсын хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас бүгдийг нэгэн зэрэг эхлүүлэх боломжгүй нөхцөлд “Монголын соёл, эдийн засгийн төв” хэмээх нэг нэгээс цогц үйлчилгээ үзүүлэх байгууллагыг байгуулах нь тохиромжтой хэмээн үзэж байна. Нэгэнт зөвхөн соёлын салбарыг бус эдийн засгийн асуудлыг хариуцах учир аж ахуй нэгжийн статустай байж, өмчлөл болон үйл ажиллагааны хувьд дараах хоёр хувилбартай байж болох юм.

-Хувь хүмүүсийн хөрнгө оруулалтаар байгуулагдсан хувийн компани байх бөгөөд ЭСЯ-тай буюу Засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан төр – хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн түншлэлийн зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах,

-Төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттай Компани байх бөгөөд хамтын удирдлага буюу Удирдах Зөвлөлтэй байх. Ямар ч хэлбэртэй байсан гадаад харилцааны нэг цонхны зарчмаар Засгийн газраас тодорхой хэлбэл Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, түүний Ажлын албанаас нэгдсэн бодлогоор хангагдаж, харилцан уялдсан үйл ажиллагаа явуулах нь туйлын чухал юм. МСЭТ нь дараах бүтэцтэй байж болох юм.

• Соёл, мэдээллийн хэлтэс
• Эдийн засаг, үйлчилгээний хэлтэс

Соёл, мэдээллийн хэлтэс

Бодит хамтын ажиллагаан дээр суурилсан соёлын харилцаа нь улс хоорондын харилцан итгэлцсэн, нөхөрсөг харилцаа болон улс төрийн өндөр түвшний, эдийн засгийн өргөн хэмжээний харилцааны чухал хөрс дэвсгэр болдог билээ. Итгэлцэл байж гэмээ нь л бүх төрлийн, урт удаан хугацааны, үр ашигтай хамтын ажиллагаа хөгждөг билээ. Иймээс Монгол Улсаас бусад улстай тогтоосон соёлын харилцааг бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлэхийн тулд түүнийг бие биеэ баяжуулсан, бие биедээ нөлөөлсөн байнгын хөдөлгөөнт хэлбэрт оруулах хэрэгтэй байна. Үүний тулд:
• Соёлын солилцоо: Ард түмнүүд харилцан бие биенийхээ зан заншил, соёлын үнэт зүйлсээс суралцах боломжийг олгох нь чухал байна. Жишээлбэл, цаг баримтлах, аливаад эмх цэгцтэй, няхуур нямбай ханддаг байдал, шинжлэх ухааны тодорхой мэдлэг, техниктэй харьцах чадвар зэрэг германчуудын бусад үндэстнээс ялгарах онцлог нь монголчуудын хувьд чухал бол эх дэлхийгээ хайрлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, ахмад настнаа асран хүндлэх монголын уламжлалт соёл германчуудын хувьд чухал байж болох юм. Тэгвэл энэхүү соёлын солилцооны нэг гол гүүр нь байнгын ажиллагаа бүхий Соёл, эдийн засгийн Төв байх боломжтой юм.
• Гадаад сурталчилгаа: Төрөл бүрийн урлагийн тоглолт, үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, соёл урлагийн бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах нь жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах нэг хөшүүрэг болж өгнө. Түүгээр ч зогсохгүй ийнхүү Монголын түүх, нүүдлийн соёл, уламжлалыг гадаад дахинд сурталчлан танилцуулах нь Монголын соёлын үнэт зүйлс цаашлаад тусгаар тогтносон Монгол Улсыг хамгаалах наад захын “сэтгэл зүйн” сонирхлыг дэлхийн олон нийтэд төрүүлэх ач холбогдолтой билээ.
• Гадаадад амьдарч буй иргэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа: Монгол иргэд гадаад иргэдтэй гэр бүл болох эсхүл гадаадад суурьших болсноор эх орноо гэх дархлаа нь төлөвшөөгүй монгол болон монгол гаралтай хүүхэд залуучууд дэлхийн олон оронд амьдрах болжээ. Гэтэл тэдэнд эх хэл, бичиг үсгээ мартахгүй суралцах, үндэстнийхээ түүх соёл, ёс заншилтай танилцах боломж дутмаг байна. Хэрэв тэдэнд дээрх боломжийг нь ханган өгч, багаас нь монголоо гэсэн хүмүүжлийг олгож чадвал гадаадад сурч төгссөн монгол иргэдээ эх орондоо очиж ажиллах, хэдийгээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа ч эх оронтойгоо байнга холбоотой байх, өөрийн мэргэжил салбарынхаа чиглэлээр монголын мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад түлхэх нэг хүчин зүйл болж өгнө. Түүнээс гадна тэд ирээдүйд Монголын хөгжилд төдийгүй гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
• Мэдээллээр хангах: Өнөөдөр аливаа амжилтын нэг гол үндэс нь мэдээллийг хэр хурдан авч, түүнийг мэдлэг болгон хувиргаж чадаж байгаагаар тодорхойлогдож байна. Үүнээс бид мэдээллийн ач холбогдлыг харж байна. Өнөөдөр хэдийгээр цахим сүлжээ хурдтай нэвтэрч, дэлхий хавтгайрч байгаа гэдэг ч гэсэн тухайн цаг хугацаа, орон зайнд нь мэдээллийг хүлээн авч, үнэн зөв мэдээллийг хүргэх асуудал чухал ач холбогдолтой хэвээр байна. Аливаа хоёр тал бие биеэ сайн мэдэхгүй байгаагаас хамтын ажиллагааны олон боломжийг огт ашиглахгүй байгаа эсхүл тэрхүү боломжийг үр ашигтай ашиглаж чадахгүй явдал байсаар байна. Тэгвэл мэдээлэл хурдан шуурхай дамжуулах, тухайн хэрэглэгчид шууд хүргэх үүргийг Монголын соёл, эдийн засгийн төв өөртөө авч болох юм.
• Оюутан сурагчид, залуусын солилцоо: Энэ асуудал ирээдүйтэй шууд холбогддог гэдэг утгаараа Монгол Улсын хувьд туйлын ач холбогдолтой асуудал юм. Гэтэл ихэвчлэн хувь хүмүүсийн асуудал гэсэн байдлаар орхигдуулснаар олон зуун хүүхэд залуус, тэдний эцэг эх санхүүгийн болон хамгийн гол нь цаг хугацааны хувьд маш их хохирол амссаны эцэст зарим нь сая нэг зорилгодоо хүрч байна. Тэгвэл тухайн улсад байнгын үйл ажиллагаа явуулах энэ Төв нь зуучлагч, зөвлөгч, гүүрийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой юм. Ингэснээр бид санхүү, цаг хугацааны хувьд маш их хэмнэлт гаргах төдийгүй ямар мэргэжлээр аль улсад хүүхэд залуусаа ямар хугацаанд сурган бэлтгэх нэгдсэн бодлогоо ч тодорхойлох бүрэн боломжтой болох билээ.
• Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн бүртгэл: Өнөөдөр хилийн чанадад хоёр аймгийн хүн амтай дүйцэхүйц хэмжээний Монгол Улсын иргэд амьдарч байна. Гэтэл тэдний талаарх нэгдсэн мэдээлэл, бүртгэлгүйн улмаас үндсэндээ тэд төрийн үйлчилгээ, төрийн бодлогын гадна үлдэж байгаа билээ. Нөгөө талаар энэхүү иргэдийнхээ боловсрол, мэдлэг чадвар, нөөц боломжийг улс орныхоо хөгжилд ашиглах механизм алга. Иймээс юуны өмнө хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ талаар мэдээллийн нэгдсэн сан үүсгэх хэрэгтэй юм. Ингэснээр тэднийг төрийн үйлчилгээнд хамруулах, хүч боломжийг нь ашиглах нөхцөл бүрдэнэ. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой байгууллага нь тэдэнд чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг буюу үзүүлэх соёл, эдийн засгийн төв билээ.

Эдийн засаг, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны чиглэл

• Аж ахуйн нэгж болон боловсрол, судалгааны байгууллагуудын түншлэл: Монголын үйлдвэр, аж ахуйн нэгж ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжийн гадаад хэлхээ холбоо, харилцаа чамлалттай хэвээр байна. Өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ гадаадад сурталчлан танилцуулах боломж бололцоо нь ч хомс байна. Тэр хэрээр нэг талаар Монголын үндэсний бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах цаг хугацаа хойшилсоор байна. Эдийн засгийн хэлтэс нь Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийг сурталчлах уулзалт, өдөрлөгийг зохион байгуулах, үзэсгэлэн-худалдаа гаргах зэргээр дэмжин ажиллах нь үндсэн үйл ажиллагааны нэг чухал чиглэл байж болох юм. Нөгөө талаар шинэ технологи, шинэ үйлдвэрлэлийг цаг алдалгүй Монголд нэвтрүүлэх, тэр хэрээр Монголын жижиг дунд аж ахуйн нэгж дэлхийн томоохон үйлдвэр фирмээс захиалга авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх боломж бололцоо бүрдэнэ. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхамыг хийх үүргийг тус төвд даалгаж болох юм. Түүнчлэн гадаадад боловсрол эзэмшиж буй болон тодорхой чиглэлээр ажиллаж, дадлагажиж байгаа оюутан, ажилтнуудыг дээрх төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй шууд холбоо тогтооход туслах боломжтой юм.
• Үйлчилгээний чиглэл: хууль, санхүү, даатгалын зөвлөгөө өгөх, орчуулга, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэх, монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, дуу, бүжгийн хичээл болон шатар, уран зургийн зэрэг курс дугуйлан бүхий монгол сургууль, номын сан, хүүхдийн зуны зуслан ажиллуулах, Монгол хоол, уламжлалт идээ ундаагаар үйлчлэх, зочид төлөөлөгчдийг дамжин өнгөрөх, үдлэн хоноглох, төрөл бүрийн үзэсгэлэн яармагт оролцох, техник технологи, багаж тоног төхөөрөмж сонгон худалдан авахад ч өөрсдийн үйлчилгээгээр хангах асуудал чухал хэрэгцээтэй байна.
• Үндэсний бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, тодорхой бизнес төсөл боловсруулан хэрэгжүүлэх, тухайн улс орнуудаас жуулчдыг Монгол руу илгээх зэргээр зуучлалын үүрэг гүйцэтгэх боломж бас нээлттэй байна. Монголын соёл, эдийн засгийн төв нь дээрх зорилгоо хэрэгжүүлэх үүднээс хоёр улсын холбогдох яам, газар зэрэг улсын байгууллагууд, музей, номын сан, хүрээлэн, сургууль зэрэг соёл, шинжлэх ухааны байгууллагууд, нийгэмлэг, холбоо, клуб зэрэг олон нийтийн байгууллагууд, тухайн улс, хот дахь бусад орны соёл, эдийн засгийн хүрээлэн, төвүүд мөн үйлдвэр-худалдааны танхим, аялал жуулчлалын холбоод болон сонирхсон хэн бүхэнтэй нягт хамтран ажиллана.

Гадаад дахь Монголын соёл, эдийн засгийн төвийн өнөөгийн байдал

Өнөөдрийн байдлаар АНУ-ын Виржиниа муж улсын Арлингтон хот болон ХБНГУ-ын Берлин хотноо Монгол соёлын төв, Лондон хотноо Монголын соёлын төв гэсэн нэртэй байгууллагууд ашгийн бус, төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний үндсэн үйл ажиллагаа нь тухайн оронд монгол хэл, соёл, зан заншил, урлагийг сурталчлах, тухайн оронд амьдарч буй хүүхэд залууст эх хэл, соёлыг нь өвлүүлэх, монгол судлалыг дэмжих явдлаар хязгаарлагдаж байна. Түүнчлэн монголчуудын холбоо болон бусад төрийн бус байгууллага, ардын урлагийн хамтлаг, зураач, хөгжимчин зэрэг чөлөөт уран бүтээлчид тус тусдаа өөрсдийн хүрээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Түүнчлэн тухайн улсын хувь хүмүүсийн санаачилгаар байгуулагдсан соёл, найрамдал, анд нөхдийн холбоо, нийгэмлэгүүд мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал Герман улсад гэхэд Монгол төв нэртэй хоёр ч байгууллага Фрейбург, Бонн хотуудад байна. Энэ нь Монголын соёл эдийн засгийн төв байгуулагдах хэрэгцээ шаардлага байгааг бэлээхэн харуулж байгаа бөгөөд тодорхой нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоогүй урсгал байдлаар явагдаж байгаагийн илрэл юм.

Эцэст нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөгийн Үүр” хөтөлбөрийн зарим зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нэг гол хэрэгжүүлэгч байгууллага нь энэхүү Монголын соёл эдийн засгийн төв байх бүрэн боломжтой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.