05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Шотландад Өргөмжит консулын газар нээгдлээ

2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Шотландын Эдинбург хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг нээв. Өргөмжит Консулаар томилогдсон Д.Скоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Өргөмжит консулын тамга, патентыг гардуулав.  Д.Скотт нь Шотландын  “Сандбаггерс” аялал жуулчлалын компанийн захирал бөгөөд 10 гаруй жил Шотландын жуулчдыг Монголд аялуулж, манай улстай танилцуулж буй бизнес эрхлэгч юм. Тэрбээр мөн Шотландын “Ямаа траст” буяны байгууллагын шугамаар Монголд Өмнөговь аймагт эмзэг давхаргын иргэдэд туслах, өнчин хүүхдүүдийг асрах төв байгуулан, Өмнөговь аймгийн иргэдэд сайн санааны тусламж үзүүлэн ажиллаж ирсэн Монголд элэгтэй хүн юм.

Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Шотландын нийслэл Эдинбург хотод нээн ажиллуулснаар Шотланд-Монголын эдийн засаг, бизнес, соёл, боловсролын харилцааг хөгжүүлэхэд шинэ таатай нөхцлийг бүрдүүлэх, Шотланд дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой боллоо. Өргөмжит консулын газрын үйл ажиллагаа цаашид улам өргөжих бөгөөд 2012 оны 4 дүгээр сард ЭСЯ-тай хамтран Шотландад Монголын урлагийн өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 2012 оноос Өргөмжит консулын газар виз олгох эрхтэй болох бөгөөд ингэснээр Монголыг сонирхсон бизнесийн төлөөлөгчид, жуулчид Эдинбургээс виз авдаг болох нь тэдний үйл ажиллагааг дэмжсэн, виз олгох үйлчилгээг түргэн шуурхай болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн энэ үеэр Элчин сайд Б.Алтангэрэл Шотланд-Монголын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан Монголыг сурталчлах өдөрлөгт оролцов. Арга хэмжээний үеэр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Үндэсний брэндийг сурталчлах төв, Шотландын Ямаа траст буяны байгууллага, Британи-Монголын Худалдааны танхимын төлөөлөгчид илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Уг арга хэмжээнд монголыг сонирхсон, монголтой хамтран ажилладаг Шотландын бизнес, аялал жуулчлал, соёл урлаг, буяны байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцов. Британи-Монголын худалдааны танхим Шотландад өөрийн салбарыг нээн ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байгаа нь Монгол-Британийн харилцааг өргөжүүлэх, бизнесийн агуулгаар баяжуулах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох өргөн боломжийг олгоно гэж үзэж байна.  
Эдинбургт ажиллах үеэрээ Элчин сайд Б.Алтангэрэл Шотландад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдтэй уулзан, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хийгдэж буй ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй хариулт өгөв.

 

Шотланд дахь Монгол Улсын Өргөмжит Консулын Газар
Өргөмжит Консул: Дэвид Скотт /David Scott/
Хаяг : 21 Melville street, Edinburgh EH3 7PE
И-мейл: David@sand-baggers.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.