05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

II ЕЛИЗАВЕТА ӨӨРИЙНХӨӨ ХӨРГИЙГ ХУДАЛДАН АВЧЭЭ

    Их Британийн хатан хаан II Елизавета Америкийн зураач Энди Уорхолын бүтээсэн дөрвөн хөргийг худалдан авчээ.

    "Алмаазан үртсээр" бүрэн чимэглэсэн хатан хааны эдгээр хөрөг зургийг арваннэгдүгээр сарын 23-нд Виндзорын шилтгээнд нээгдэх үзэсгэлэнд тавих юм. Уг үзэсгэлэнг хатан хааны хаан ширээнд заларсны "алмаазан ойд" зориулан нээж байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.

    Хөрөг зургуудыг энэ жил тохиож байгаа их ойд зориулан худалдан авсан байна. Хурц тод өнгөөр зурсан зургуудыг үзэгчдэд жижигхэн алмаазаар гэрэлтэж байгаа мэтээр харагдуулахын тулд хагархай шилний маш өчүүхэн хэсгүүдээр бүрсэн ажээ.

    Зурган дээр хатан хаан Елизаветаг өмнө нь Оросын эзэн хаан Романовныхны гэр бүлд харъяалагддаг байсан Владимирийн титэм зүүснээр дүрсэлсэн байна. Алмааз, сувдан шигтгээтэй энэ титмийг вангийн авхай Елена Владимировна Английн хатан хаан Марияд 1921 онд худалджээ.

    Хатан хаан II Елизаветагийн цуврал хөргийг зургийг бүтээхдээ Америкийн зураач Питер Гружены 1975 онд авсан гэрэл зургийг харан зурсан байна. Уг гэрэл зургийг 1977 онд хаан ширээнд заларсны 25 жилийн ой буюу "мөнгөн ойд" зориулан авахуулж байжээ.

    Хатан хааны худалдан авсан дээрх зургууд нь 30 цуврал зургаас 14 дэх нь ажээ. Эдгээр гоёмсог зургийг чухам ямар үнээр худалдан авсныг хааны ордныхон мэдээлсэнгүй. Гэхдээ саяхан энэ цувралын хэсэг болох зургуудыг дуудлага худалдааны "Сотбис" ордонд 243 мянган доллароор үнэлснийг шинжээчид дурджээ.

    Виндзорын шилтгээнд нээгдэх "Хатан хааны хөрөг зургууд" үзэсгэлэн 2013 оны зургадугаар сарын 9 хүртэл үзэгчдэд нээлттэй байх ажээ.
Д.Жаргал

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.