04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Лех Валенса: Бид Лех Качинскийн хийсэн үйлдлийн горыг амсаж байна

Wirtualna Polska” сонины сэтгүүлч Йоанна Станиславска Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенсатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

-Ноён Ерөнхийлөгч өө, лхагва гаригт Улс хоорондын нисэхийн хорооноос (УХНХ) Лех Качинскийн онгоц осолдсон шалтгааны талаарх тайланг танилцууллаа. Оросуудын үзэж буйгаар, уг онгоцны нисэх багийнхны буруугаас болж осолдсон гэсэн. Нэг ёсондоо Польшийн талд бүх хариуцлагыг үүрүүллээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаад л хамаг учир байна. Үнэндээ хэн хэнийх нь зөв. Диспетчерүүд польшуудад газардахыг зөвшөөрөөгүй байж болох талтай. Тэр бүү хэл, онгоцыг буудаад унагаасан нь тэд ийм эрхтэй хүмүүс. Тухайн үед тэд Москвагийн эрх баригчдаас хэрхэх талаар асуусан юм билээ. Мэдээж хэрэг, тэд онгоцыг буулгахын тулд бүхнийг хийхийг тушаасан болов уу.

Буулгахгүй бол хэчнээн их хэл ам, шуугиан дэгдэхийг ойлгуулаа биз. Тэгэхээр нэг талаас оросууд уг онгоцыг буулгахгүй байх эрхтэй байсан. Нөгөө талаар, нисэх багийнхан ч гэсэн заавал тэнд газардах албагүй л байсан. Давтан хэлэхэд, хэн хэнийх нь зөв.

-Гэтэл УХНХ-ны тайланд диспетчерүүдийн талаар нэг ч үг дурьдаагүй байсан. Онгоц буулгах зааварчилгааг тэд л өгсөн байдаг. Тиймээс диспетчерүүд энэ хэрэгт бас л хамааралтай талаар Эдмунд Клих (Ослын шалтгааныг илрүүлэх комиссийн Польшийн талын төлөөлөгч) хэлж байсан шүү дээ?

-УХНХ-ны тайлан бол техник талаасаа осолд хүргэсэн шалтгааны талаарх мэдээлэл юм. Диспетчерүүдтэй холбоотой эсэхийг Прокурорын газрын мөрдөн байцаалтаар илрүүлнэ шүү дээ. Тиймээс энэ талаар надаас бус холбогдох газраас нь асуух хэрэгтэй.

-“Эрх ба шударга ёс” намын тэргүүн Ярослав Качински УХНХ-ны тайланд шүүмжлэлтэй хандаад байгаа. Польшийн Засгийн газрын нэр хүндийг унагах гэсэн оролдлого ч гэж нэрлэлээ?

-Ярослав Качински өөрөө олны итгэлийг нэлээд алдсан хүн. Түүний хэлсэн бүхний талаар хэлэлцээд байх шаардлага бүр ч байхгүй.

-Тэгвэл Оростой харьцахдаа илүү хатуу байр суурь баримтлах ёстой байсан юм болов уу?

-Оростой илүү хатуу байр сууринаас хандсан бол бид өдийд юу ч олж мэдэж чадахгүй байх байсан. Осол тэдний нутаг дэвсгэр дээр болсон учраас тэд хүссэнээ хийж болох байлаа. Ингэж хэлэх нь эвгүй байх л даа, гэвч тэд энэ хэрэг дээр хаа очиж сайн ажилласан. Оросуудыг муу хэлмээр л байна. Гэвч чадахгүй нь. Смоленск мужид болсон энэ хэрэг дээр ажилласныхаа хариуд оросууд хэрүүлийн үг биш чин сэтгэлийн талархлын үг сонсох гавьяатай хүмүүс.

-Тэгвэл таныг УХНХ-ны тайланд сэтгэл хангалуун байна гэж үзэж болох уу?

-Энэ хэрэг үүгээр дуусахгүй. Ах дүү Качинскийн хоорондоо ярилцсан яриа (Лех Качински онгоцонд байхдаа Ярослав руу утсаар ярьсан байдаг) хамгийн гол баримт. Энэ ярианы бичлэг хэнээс эсвэл юунаас болж осол гарсан талаарх бүх асуултад хариу өгөх учиртай. Гэтэл оросууд болон америкчууд бидэнд уг бичлэгтэй танилцах эрх олгох эсэх нь асуудал болоод байна. Хэрэв тэд зөвшөөрвөл бид аврагдлаа л гэсэн үг.

-Смоленскод болсон ослын “нууц”-ыг ах дүү Качинскийн ярианаас л мэдэж болно гэсэн үг үү?

-Зөвхөн тэр бичлэг ч биш. Угаас энэ нислэг хэрэгжих ёсгүй байсан гэдгээс асуудлыг эхлэх хэрэгтэй. Катыньд Ерөнхий сайд Дональд Тускийг урьсан байсан юм. Дональд тэнд очоод ард түмнээ төлөөлөн үг хэлэхээс гадна Ерөнхийлөгч Качинскийн үгийг ч дамжуулж болох байлаа. Үүнд ямар асуудал байна аа. Ингэж зохицуулахын оронд төлөвлөөгүй нислэг хийх ямар шаардлага байв. Ердөө л Лех Качинскийн амбицаар тайлбарлахаас арга алга. Урьдчилан төлөвлөөгүй сонгуулийн өмнөх үзүүлэн тоглолт байсан ч гэж дүгнэж болно. Харин энэ үзүүлэн тоглолт нь бидэнд маш их хохирол авчирлаа.

-Дональд Туск цаашид яаж ажиллах ёстой бол. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Туск өнөөдрийг хүртэл тун чамбай ажилласан. Өөрийгөө хамгаалж, ямар нэгэн алдаа гаргалгүй ажиллана гэдэгт найдаж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.