04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Польш улс дипломат төлөөлөгчийн газраа дахин Улаанбаатарт нээнэ

 Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 29-нд Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Польш Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог байв.

Айлчлалын эхэнд сайд Л.Болд Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорскистэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад харилцааны сайд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж ирсэн, ялангуяа өнгөрсөн онд хоёр орны Ерөнхийлөгч харилцан айлчлал хийж хамтран ажиллах олон чиглэлийг ярилцаж тохиролцоод байсныг тэмдэглэв. Эдгээр ярьж тохирсон асуудлыг бодит ажил болгох, тэр дундаа хоёр талын эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Польш Улсад айлчилж буйгаа тэрээр мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Польшийн тал Улаанбаатар дахь Дипломат төлөөллөө дахин нээж ажиллуулах чиглэлээр үе шаттай ажиллаж байгаагаа мэдэгдэж энэ онд багтаан Улаанбаатарт дипломат төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах гэж байгаагаа сайд Р.Шикорски мэдээллээ. Польшийн тал санхүүгийн асуудлын улмаас Улаанбаатар дахь ЭСЯ-аа 2009 оноос хаагаад байсан юм. Энэ нь монгол иргэд виз авах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хүндрэл учруулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд элчин сайдын яамыг дахин нээлгэх чиглэлээр манай Гадаад харилцааны яамны зүгээс  ажилласны дүнд энэ оны эхнээс Польшийн визийг Монголдоо авах боломжтой болоод байсан нь анхны алхам байлаа.       
Мөн талууд батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцааг гүнзгийрүүлэх, Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж ажиллах талаар тохиролцсоны зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тухайлбал Польшийн тал НҮБ-ын 2015 оны  Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг дэмжихээ мэдэгдэв. Уулзалтын эцэст сайд нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн Протокол”-д гарын үсэг зурав. Чингэснээр 2011 оноос визгүй зорчиж ирсэн дипломат паспорт эзэмшигчдийн нэгэн адил манай албан паспорттой иргэд Польш Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болов.
Уулзалтын дараагаар сайд Л.Болд Польшийн нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхад цэцэг өргөв.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Польш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Януш Пехочиньскитэй уулзаж худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Сайд Я.Пехочиньски энэ асуудлыг урагшлуулахад онцгойлон анхаарахаа мэдэгдэв. 2013 онд хоёр талын худалдааны эргэлт 60 сая ам.долларын хэмжээнд байсан нь хоёр орны хоорондын хамтын ажиллагааны нөөц бололцооноос доогуур байгааг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөв.
Тиймээс ч сайд нар Польшийн Эдийн засгийн яаманд зохион байгуулагдсан Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинг танилцуулах арга хэмжээнд хамт оролцож, Польшийн тэргүүлэх салбарын 40 орчим компанийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр Польшийн компаниуд Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох, хамтын ажиллагааг эрэлхийлж байгаагаа мэдэгдэж, хүнс, барилга, байгаль орчин хамгаалал, бохир ус, хог хаягдлын менежмент, эм, эмнэлэгийн хэрэгслэл зэрэг салбаруудад тодорхой төслүүдийг санал болгож байв.

АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ УЛАМЖЛАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИНӨ

Түүнчлэн сайд Л.Болд Польшийн Сенат (Парламентын дээд танхим)-ын Маршал Богдан Борусевич, Сейм (Парламентын доод танхим)-ийн Дэд Маршал Ежи Вендерлих нартай тус тус уулзлаа. Тэрээр эдгээр уулзалтын үеэр Польшийн Эв санааны нэгдлийн домогт удирдагчдын нэг, Монголын ард түмний дотны анд, Сенатын Маршал Б.Борусевичийн 2013 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаанаас гадна Монгол, Польшийн харилцаанд чухал үйл явдал байсныг онцлов. Энэхүү айлчлалын хариуд УИХ-ын дарга З.Энхболд энэ оны 9 дүгээр сард Польш Улсад айлчлах гэж байгааг мэдээлж, айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа сайд Л.Болд тэмдэглэлээ. Мөн тэрээр Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход гишүүн орны хувьд дотоодын процедуураа шуурхайлахыг хүсэлт болгов.
Мөн Гадаад харилцааны сайд Польшийн Олон улсын Эв санааны нэгдлийн сангийн Ерөнхийлөгч Кшиштоф Становскитэй уулзаж, ардчиллын боловсрол, ардчиллын нийтлэг үзэл санааг бүс нутагт түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллахаар боллоо. Өнгөрсөн онд Монгол Улс Варшав хотноо үүсгэн байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай тэргүүлсэн бөгөөд энэхүү байгууллагын хүрээнд манай хоёр орон ардчиллын боловсролын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн болно. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилсан Ардчиллын боловсролын асуудлаарх Нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолыг амжилттай батлуулахад Польш Улс манай талтай идэвхтэй хамтран ажиллаж байсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал Улаанбаатарт олон улсын бага хурал зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцов.
Гадаад харилцааны сайд Л.Болд мөн айлчлалынхаа хүрээнд Варшав дахь ЭСЯ-нд ажиллаж, иргэдэд консулын үйлчилгээг шуурхай бөгөөд тав тухтай орчинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийгдсэн ЭСЯ-ны өргөтгөлтэй танилцав.
Энэхүү айлчлал ЕХ, НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй, геополитикийн байршил, түүхэн хөгжлийн явцын хувьд ижил төстэй Польш Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлэх талаар ярилцахаас гадна хоёр орон дахь ардчилсан өөрчлөлтүүдийн ололт амжилт, ардчиллын асуудлаар олон улсын тавцан дахь хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.