04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Путин ба Оросын удирдлагатай ардчилал

Ноён В.Путин дахиад Оросын төрийн тэргүүн болохоор өрсөлдөх гэж байна. Энэ бол “Нэгдсэн Орос” намын их хурал дээр өнөөгийн Ерөнхийлөгч Д.Медведевийн дэвшүүлж, бусад нөхөд нь алга ташин хүлээж авсан санал. В.Путин гурван жил хагасын өмнө Ерөнхийлөгчийн албаа Д.Медведевт шилжүүлэхдээ түүнд энэ суудлыг дөрвөн жил “хадгалуулаад” эргээд ирнэ гэдгээ ил тод хэлчихээд Ерөнхий сайд болсон. Тэр ёсоор үйл явдал өрнөж буй тул гадаад, дотоодод цочирдож гайхаад байгаа зүйл бараг алга. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурвантаа улирааж болдоггүй хуулиас шалтгаалж Д.Медведевт ажлаа түр ацагласан болохоос В.Путин Оросын төрийг жолоодсон хэвээр өнгөрсөн дөрвөн жилийг үдлээ. Ерөнхий сайд боллоо гээд ноён В.Путин аж ахуйн ажилтай зууралдаж,  улс төрөөс хөндийрсөнгүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг зургаа болгоод сунгуулчихсан, төрийн тэргүүний албыг  “эчнээгээр” зохицуулж яваа зайтай эр. Оросын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр нэмсэн хуулийг 2012 оноос мөрдөнө. Ирэх 2012 оны гуравдугаар сард бэлгэ тэмдгийн чанартай сонгууль явуулж, хуучин суудалдаа эргэж очихоороо В.Путин “ажлын байр”-ыг нь найдвартай хадгалсан Димадаа Ерөнхий сайдын албаа шилжүүлнэ гэж байгаа.

Социалист тогтолцооны үеийн тагнуулч, чекист, зүүн Германд энэ чиглэлийн албыг онц гүйцэтгэж явсан  В.Путинд иймэрхүү “махинац” явуулах нь хурууны үзүүр төдийгөөр хөдөлгөх ажил биз. Түүний нэрийг дэвшүүлэх саналтай зэрэгцэн В.Путин 2024 он хүртэл Ерөнхийлөгчийн зургаан жилийн бүрэн эрхийг хоёр дараалан эдэлнэ гэсэн мэдээлэл Оросын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Өдгөө 60 насны босго алхаж яваа тэрбээр 70 гартлаа Оросын төрийг жолоодох прогнозыг улс төрийн хүрээнийхэн гаргаад эхэлжээ. Өмнө Ерөнхийлөгч байсан найман жилтэй нь хамтатгаж үзвэл хойд хөршийн нам, төрийн жолоог 30 шахам жил атгасан И.Сталин, Л.Брежнев хоёртой бараг эгнэх нь л дээ. Үүнээсээ болж “гурав дахь тоталитар удирдагч” гэсэн алдрыг ч хүртээд эхэллээ. В.Путиныг эрх дархтай байсан цагт ОХУ-д хэзээ ч чөлөөт ардчилал хөгжихгүй, Орос ямагт удирдлагатай ардчиллын хүлээсэнд байх болно гэж хойд хөршийн төдийгүй бусад орны судлаачид хэлж байна.

Америкчууд ноён В.Путиныг ойрын өдрүүдэд багагүй сонжжээ. Барак Обамагийн засаг захиргааныхан В.Путиныг эргэж сэнтийдээ залрахад санаа зовоод байх зүйлгүй гэж үзсэн байна.  “Вашингтон пост” сонинд бичсэнээр В.Путин Ерөнхийлөгч болсноор Оросын гадаад бодлого сүүлийн арваад жилийнхээс огт өөрчлөгдөхгүй бөгөөд дотоод талдаа олон жилийн турш авторитат  тогтолцоотой хэвээр үлдэнэ хэмээжээ. Д.Медведев эдийн засгийн шинэчлэлтийг зохистой дэмжиж чадаагүй нь В.Путин төрийн эрхэнд эргэж гарахад дэм болно гэсэн дүгнэлт ч харагдаж байна. 

Оросын нийгэмд В.Путиныг төрийн тэргүүнд дахин залахад таагүй хандах хэсэг ч  байгаа. Жирийн иргэд бол “Нэгдсэн Орос” намынхан шиг юу юугүй нэг зэрэг алга ташихгүй л дээ. Үндэстэн хоорондын үл зохицол, алан хядагчдын үйлдэл, нийгэмд үүссэн ядуурал, ажилгүйдэл, ар араасаа үргэлжлэх аваар осол, социалист үеийнхээс нэг их дээрдэхгүй төрийн хүнд суртал, өөр үзэлтнүүдийг хавчин гадуурхалт, хэвлэлийн эрх чөлөө хумигдмал гээд ноён В.Путины нэр дээрх “хар данс”-ыг иргэд сөхөхдөө сөхнө. Оросын томоохон хотуудад үе үе дэгддэг жагсаал, цуглаан дээр үүнийг цухас цухасхан дэлгэдэг. Гэхдээ л Орос хэмээх их гүрний нүсэр төрийн тогтолцоог нурааж дөнгөх хүч өнөөдөртөө тэдэнд алга.

В.Путин Монголд ч нөлөөгөө тусгадаг улстөрч. Түүний алсын хараатай, бас тооцоотойн жишээг Монгол-Оросын шинэ цагийн харилцаанаас харж болно. Тэрбээр 2000 оны хавар ОХУ-ын Ерөнхийлөгч болж, тэр жилийнхээ арваннэгдүгээр сард Монголд айлчилсан. Хорь шахам жил хойд хөршийн төрийн тэргүүн Монголд айлчлаагүй байсныг залгуулсан хүн бол В.Путин. Өмнөх нийгмийн үед Монголыг “ЗХУ-ын 16 дахь Бүгд найрамдах улс” гэж гоочилдог байхад С.Хрущев 1960-аад оны эхээр, хожим Л.И.Брежнев ганц ирснээс өөрөөр зөвлөлт төрийн нэгдүгээр хүн хөл гишгээгүй гэдэг. 2000 он бол ОХУ нэгэн цагийн сайн анд, “дүү” Монголыг мартаад арван жил болж байсан үе. Өөрсдөө ч дотооддоо шинэ нийгэмд дасч ядан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасаар 10 жил болсон хэрэг. Тийм цагт В.Путин өмнө талд нь оршдог Монгол орныг санаж, байдлыг тандахаар айлчилсан нь ганзага хоосон буцаагаагүй. Аль социализмын үед ЗХУ найрсаг гараа сунган тусалж байсан цагийн өр ширийг дарчих чөмөг “ядарсан” хөршид нь байгааг мэдэж жил хагасын дараа Ерөнхий сайд, “өрийн мастер” хочит  М.Касьяновыг Монголд ирүүлэн мартагнаад байсан их өрийг нэхүүлж, улмаар тодорхой хувийг нь төлүүлж чадсан чанга гар. Монгол ашигт малтмал, ялангуяа өөрсдийнх нь сонирхдог ураны ихээхэн нөөцтэйг мэдэх хуучин орос хүний хувьд  түүнээс нь ОХУ гарцаагүй хуваалцах болно гэдгийг тооцоолж чадсан. Түүнээс хойш нэгэн цагт мартагдсан буурайхан хөрш рүүгээ Оросын томчууд цувж “Шилэн хүзүүн дээр чинь Иван ах нь бий шүү” гэдгийг байнга сануулан хааяа хааяа шатахууныхаа крантаар оролдох болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайдын хувиар Монголд ирэхдээ алсын стратеги сайтай В.Путин нэг гэнэдсэн. Тухайн цагийн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр улирна гэж хатуу тооцоод Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой гар барилгүй харьсны дараа байдал эсрэгээр эргэхэд Монгол бол Орос биш гэдгийг сая санасан. Тиймдээ ч өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д айлчилж В.Путинтай Ерөнхий сайдынх нь хувиар уулзан бензин, шатахууныхаа крантыг хаахгүй байхыг хүсэхэд В.Путин их л найрсаг зөөлөн хүлээн авч цаг сунган ярилцсан юм. В.Путин бол ямар ч гэсэн шинэ нийгмийн нүүрэн дээр Монгол руу Оросын сонирхлыг дахин хөтөлсөн хүн. Бас нэгэн цагт жаахан буурсан Орос их гүрний нөлөөг дэлхийд тэлэх гэж тоталитар нударга зангаж суугаа дэлхийн том улстөрч билээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ / world.news.mn /

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.