05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

СОГТУУ ЖОЛООЧ 7 ХҮНИЙГ ДАЙРАН ХӨНӨӨЖЭЭ

 Өнгөрсөн бямба гарагт Москва хотод нийтийн тээврийн буудал дээр байсан 7 хүнийг дайран хөнөөсөн жолоочийг баривчлаад байна. Жолооч Максимов нь жолооны ард суухаасаа өмнөхөн дор хаяж нэг литр архи уусан байсан нь тогтоогджээ. "Богинохон хугацаанд тэрбээр нэг литр архи ууснаас гадна бусад согтууруулах ундааг уусан ч байж болзошгүй" хэмээн хуулийн байгууллагын эх сурвалж мэдээлж байна. Тэгээд ч Максимов нь ослын өмнө хоёр өдрийн турш архидсанаа хүлээжээ. Энэ ноцтой гэмт хэрэг нь архидан согтуурсан үедээ машин жолоодсон тохиолдолд оноох шийтгэлийг улам чангатгах шаардлагатай байгааг дахин санууллаа. Иймээс Улсын Думд согтуугаар машин жолоодсон тохиолдолд оноох шийтгэлийг эрс чангатгах асуудал яригдаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков согтуу үедээ жолооны ард сууж байгаа хүмүүст оногдуулах шийтгэлийг чангатгахыг Кремль дэмжиж байгаа гэдгийг нотлоод "Сүүлийн долоо хоногуудад гарсан аваар ослууд нь энэ хурц асуудлыг хэлэлцэн, хатуу арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна" гэлээ. Үүний өмнө Оросын ерөнхий сайд ч  согтуугаар зам тээврийн осол гаргаж буй хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар бодох хэрэгтэй байна гэдгийг анхааруулсан байна.

Даваа гарагт Нэгдмэл Орос намын Дум дахь бүлгийн дарга А.Воробьев "манай нам согтуугаар машин жолоодсон тохиолдолд оноох торгуулийг олон дахин нэмэгдүүлэх, нэг бус удаа согтуугаар машин жолоодох аваас эрүүгийн хэрэг үүсгэдэг болгох талаар хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн байна. "Торгуулийг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд одоогийн 5 мянган рублийн шийтгэлийг нэмэгдүүлж дор хаяж 100 мянган рублиэр торгох хэрэгтэй" гэж тэрбээр нэмж хэллээ.

Машин жолоодох эрхийг нь хасахаас гадна согтуугаар баригдсан жолоочдод ихээхэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулах нь маш зөв санаа юм. Миний бодлоор бол ийм торгуулийн хэмжээ 250 мянган рубль байх нь зүйтэй" гэж "Хөх хувин" нийгэмлэгийн зохицуулагч П.Шкуматов "Интерфакс" сонинд өгүүлжээ. "Ингэх аваас ууж хөлчүүрхсэн ганцхан үдэш л та хэдэн жилийн санхүүгээ алдана гэдгээ хүмүүс ойлгон эрүүлжих болно" хэмээн тэрбээр ярьжээ.
Согтуу Максимовын цусан дахь спиртийн хэмжээ 1,55 промиль байсан гэнэ.

"Түүнээс гадна  манайд зам дээр гарсан аваар осолд замын цагдаагийн зохицуулагч ажилтны хүлээх хариуцлага гэсэн ойлголт өнөө хэр алга байна. Бид зам дээр гарсан ослын улмаас хүний амь хохирсон тохиолдол бүрийг мөрдөн шалгаснаар тухайн замын цагдаагийн ажилд үнэлэлт өгдөг болно" хэмээн Оросын автомашин эзэмшигчдийн холбооны тэргүүн А.Канаваев үзэж байгаа аж.

Оросын Эрүүл мэндийн яамны наркологийн ерөнхий эмч Евгений Брюн "эрхээ хасуулсан жолооч нар нь наркологийн эмчилгээнд орох ёстой бөгөөд машин жолоодох эрхийг тухайн хүнийг архи уухаа больсон хойно нь л олгох хэрэгтэй. Манайд архи уучихаад жолооны ард суудаг жолооч үй түм. Шүүхээр машин жолоодох эрхээ хасуулаад тэд хоёр жил архидсаар яваад дахиад жолооны ард суухдаа бүүр дордсон байдаг" хэмээн ярьж байна. "Наркологийн эмч тухайн хүнийг хоёр  жил архи уугаагүй гэдгийг нотолсон тохиолдолд л машин жолоодох эрхийг дахин олгох хэрэгтэй" гэж тэрбээр онцлон дурдлаа.

Оросын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онишенко "Миний бодлоор бол улам цаашаа явах хэрэгтэй. Зөвхөн торгуулиар тогтож болохгүй. Одоо машинаар явж байгаа хүмүүс бол ядуу хүмүүс биш тул хахууль өгөөд л гарчихна. Тэдний хувьд 100 мянган рубль юу юм бэ? Тиймээс эрүүгийн маш хатуу хариуцлага хүлээлгэж, машин жолоодох эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй" хэмээн үзэж байгаа аж.

"Долоон хүний амь насыг хөнөөсөн этгээд дээд тал нь есөн жилийн ял авна. Хэрвээ хүний амь хөнөөсөн зам тээврийн ослын хэрэг хийсэн бол одоогийнх шиг 5-9 жилээр биш харин хүндрүүлэх шалтгаантайгаар 20 жил шоронд хорих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд согтуугаар машин жолоодсон хэрэгт ногдуулах ялыг чангатгаснаар энэ төрлийн хэргийн тоо буурсан байгаа. 90-ээд оны эхээр дөрвөн жолооч тутмын нэг нь согтуугаар машин жолооддог байсан бол одоо харин арван жолооч тутмын нэг нь болж буурсан" гэж Холбооны зөвлөлийн гишүүн Владимир Федоров үзэж байгаа аж.

Түүнчлэн Дани улсад зөрчил гарган эрхээ хасуулсан этгээд улсынхаа Вангийн шүүүхэд хандан дахин машин жолоодох эрхээ авах боломжтой бөгөөд энэ үед эцсийн шийдвэрийг эмч нар л гаргадаг аж.
Дээрх аймшигтай осол өнгөрсөн бямба гарагт 15:30-ийн үед "Алтан түлхүүр" орон сууцны хорооллын эсрэг талын Минскийн гудамжинд гарсан байна. Автобусны буудал дээр автобус хүлээн зогсож байсан хүмүүс рүү "Toyota" машин асар хурдтай дайран орсноор долоон хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ. Нийтдээ дөрвөн хүүхэд амиа алдсаны дотор 14 ба 15 настай охид, 16 настай хөвгүүн байна. "Toyota" машиныг ойролцоогоор 200 милийн хурдтай явсан бололтой.
С.Амар

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.