04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ МОСКВА ХОТНОО БОЛОВ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Москва хотноо болов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн үг хэлэв.

Тэрбээр мянган жилийн уламжлалтай, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэлгэдсэн наадмаа манай ард түмэн Их Монгол Улсаа төвхнүүлж мандан бадарч байх 13 дугаар зуунд ч, тусгаар тогтнолоо сэргээж, нийгэм, эдийн засгийн шинэ байгуулалтыг  бүтээж ирсэн 20 дугаар зуунд ч, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж хүнлэг, энэрэнгүй иргэний ардчилсан нийгмийг цогцлоож буй 21 дүгээр зуунд ч төрт ёсны их баяр болгон тэмдэглэж ирсэн билээ гээд эдүгээ Монгол Улс мөнхийн хөрш, уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай 20 дугаар зуунд хамтдаа хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаагаа орчин цагийн агуулга, хэмнэлээр улам бүр батжуулан өргөжүүлж байна хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны хооронд тогтоосон стратегийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж байгааг Элчин сайд Д.Идэвхтэн дурдаад өнөөдрийн энэхүү арга хэмжээнд Монгол Улстай ажил, амьдралынхаа хувь заяагаар нягт холбогдсон хүмүүс хуран цуглажээ. Та бүхэнтэй тогтоосон ажил хэрэгч  харилцаагаа 90 жилийн тэртээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх чин эрмэлзлэлтэй байгааг илэрхийлэхийн хамт бидэнтэй хамт Үндэсний их баярыг маань тэмдэглэж байгаад талархал илэрхийлье гэж хэлэв.

Арга хэмжээнд уригдсан зочдыг төлөөлж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик үг хэлэв. Тэрбээр төрт ёсны баярынхаа хүндэтгэлийн арга хэмжээнд урьсанд Элчин сайд Д.Идэвхтэн, Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлээд орос, монголын ард түмэн сайн хөршийн төдийгүй сэтгэл санааны ойр дотны харилцаатай билээ. Манай хоёр орны ард түмэн Халхын гол, Эх орны аугаа их дайнд хамтдаа ялалт байгуулж, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалт, сансарын уудамд ч мөн л хамтдаа их үйлийг бүтээж ирсэн. Хоёр орны хооронд тогтоосон найрсаг харилцаа тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаагаар улам бүр батжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэв.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсын хөгжил, монгол түмний соёл, өөрийн орны байгалийн өвөрмөц сайхан тогтоцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, хүндэтгэлийн зоог өргөн барив.

Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд ОХУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, Москва хотноо үйл ажиллагаа явуулж буй гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, монгол судлаачид, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн гишүүд оролцов гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.