05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ОХУ-Д АЛМААЗНЫ АСАР ТОМ ОРД БАЙДГИЙГ ЗАРЛАЖЭЭ

ВАШИНГТОН./VOA/. ОХУ асар том алмаазны /очир-эрдэнэ/ орд тус улсын нутагт байдаг гэдгийг зарлалаа. Энэ орд нь үнэт чулууны дэлхийн зах зээлийг бүхэлд нь донсолгож магадгүй юм.
Геологчдийн судалснаар, ордын нөөц "хэдэн их наяд карат"-аар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь манай дэлхийн алмаазны хэрэгцээг 3000 жилийн турш хангахад элбэг хүрэлцэх гэнэ. Асар баян орд уг орд Якут болон Красноярскийн нутгийн зааг дээр, 40 сая жилийн өмнө солир унаснаас үүссэн 100 км голчтой тогоо бүхий Попигай гэдэг бүсэд оршдог ажээ.
Тус ордыг 1970-аад оны үед Зөвлөлтийн эрдэмтэд нээсэн боловч эрх баригчид хэд хэдэн шалтгаанаар нийтэд зарлаагүй байна. Учир нь тухайн үед өөр нэгэн том ордоос алмааз олборлон асар их ашиг олж байсны дээр нийлэг алмааз ихээр үйлдвэрлэж байжээ.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын ШУА-ын Геологи, эрдэс судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ нууцыг олон нийтэд ил болголоо. Тэдний ярьснаар, асар том солир унасны дүнд алмааз үүссэн байна. Энэ ордын алмааз нь өвөрмөц бүтэцтэй бөгөөд ердийн болон хиймэл алмаазтай харьцуулахад зүлгэх чанараараа хоёр дахин давуу ажээ.
Гэсэн хэдий ч дэлхийн алмаазын зах зээлд удахгүй "хувьсгал" гарна гэж ярих нь дэндүү эрт байна хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь Попигай бүс нь хүрч очиход тун бэрх газарт орших бөгөөд тэнд ямар ч дэд бүтэц байхгүй ажээ.
Б.Адъяахүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.