05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

"САЯ САЯ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛ" ЗОХИОН БАЙГУУЛАХАА МЭДЭГДЭВ

МОСКВА./ИТАР-ТАСС/. Оросын сөрөг хүчнийхэн "Сая сая хүмүүсийн жагсаал" зохион байгуулах гэж байгаагаа Москвагийн эрх баригчдад мэдэгджээ. Энэ тухай "Зүүний фронт"-ын зохицуулагч Сергей Удальцов Твиттер дэх хуудсандаа мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагт Тверийн гудамжнаас Боровицкийн талбай хүртэл зохион байгуулах жагсаалд 50 мянга орчим хүн оролцоно гэсэн мэдэгдлийг өнөөдөр өглөө Москва хотын захирагчид өгчээ. Харин хотын эрх баригчид гурав хоногийн дотор үүнд хариу өгөх ёстой юм.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид сонгуулийг хугацаанаас нь өмнө нэн даруй явуулж, хямралыг зогсоохыг шаардана гэж Удальцов мэдэгджээ.

Жагсаал болох маршрутыг энэ оны тавдугаар сарын 1-нд үйлдвэрчний эвлэлүүд болон "Нэгдмэл Орос" намын жагсаал зохион байгуулж байсан чиглэлээр явуулахаар сонгосон учраас Москва хотын эрх баригчид үүнийг боломжгүй хэмээн татгалзаж чадахгүй гэж Удальцов ярьжээ.

Есдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөсөн "Сая сая хүмүүсийн жагсаалыг" Оросын бусад хотуудад ч явуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Санкт-Петербург хотод хоёр ч эсэргүүцлийн ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд тэдгээрийг "Яблоко", "Эв санааны нэгдэл", "Ард түмний эрх чөлөөний нам", "Өөр Орос" намууд мөн "РОТ-Фронт" болон "Зүүний эвсэл" хөдөлгөөнөөс зохион байгуулах ажээ. Мөн Екатеринбург, Новосибирск хотуудад "Сая сая хүмүүсийн жагсаал" болно.

Есдүгээр сарын 15-нд болох жагсаал цуглаан нь сөрөг хүчнээс зохион байгуулж байгаа эсэргүүцлийн ажиллагаануудын гурав дахь нь болох юм. Өмнөх жагсаалуудыг тавдугаар сарын 6, зургадугаар сарын 12-нд зохион байгуулж байв. Тавдугаар сарын жагсаалыг Москвагийн эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр явуулсан бөгөөд жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаар дууссан юм. Мөрдөн байцаах хороо эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Нийт 16 хүн хэрэгт холбогдсоноос 12 нь саатуулагдаад  байгаа юм.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.