04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

БОЛИВИ ДАХЬ АМЕРИКИЙН ХУЙВАЛДААНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

СУКРЕ. /Франс Пресс/. АНУ-ын Элчин сайдын яам нь Ерөнхийлөгч Эво Моралесын Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулахын тулд идэвхтэй ажиллаж байна гэж Боливи улс мэдэгдлээ. Манай дотоод хэрэгт оролцож буйн "маргашгүй нотлох баримтуудыг" Ерөнхийлөгч Барак Обамад танилцуулна гэж Боливын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Хуан Рамон Кинтана хэлсэн байна.
АНУ нь тус улсын "нийгмийн шударга байдал, ардчилсан эрх, эдийн засгийн дахин хуваарилалт, мансууруулах бодис наймаалахтай тэмцэх" салбарт олж буй ололт амжилтыг хүлээн зөвшөөрөхийг огт хүсэхгүй байна гэж Боливийн удирдлага мэдэгдэж байна.

Терроризм болон хар тамхины наймаатай хийж буй тэмцэл болон хүний эрхийн байдлын талаарх Америкийн тайлангаас ийм дүгнэлт хийж болохоор байгаа юм.
Боливид мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад буй Америкийн бизнесмэн Жейкоб Остричерийн хэргийг АНУ нь "улс төрийн түрэмгийллийнхээ" шалтаг болгон ашиглаж байна хэмээн хэд хоногийг өмнө Ерөнхийлөгч Моралес өөрөө мэдэгдсэн байдаг. Дээрх бизнесмэн нь баривчлагдаад хагас жил болж байгаа бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард дэнчингээр суллагдан, гэрийн хорионд байгаа аж. Харин тэрбээр энэ бүхэн нь түүний мөнгийг хураан авах гэсэн зорилготой үйлдэл гэж үзэж байгаа юм.
Моралес нь 2006 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрбээр зүүний үзэл баримтлалтай бөгөөд хувийн компаниудыг улсын өмч болгох талаар улс орондоо ихээхэн ажил хийсэн байна.
Тэрбээр 2008 онд Барак Обаматай биечлэн уулзахдаа Америкийн тусгай алба түүний амь насанд халдах ажиллагааг бэлтгэж байна хэмээн ярьсан байдаг. Хожуухан тэр ондоо Америкийн Элчин сайд Филип Голдбергийг засгийн газрын эсрэг ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутган нутаг буцааж ч байв.
Элчин сайдын яамны түвшинд дипломат харилцаагаа сэргээх шийдвэрийг 2011 оны сүүлчээр гаргасан хэдий ч одоо хүртэл Боливид АНУ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түвшинд л харилцаатай байгаа аж.
С.Амар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.