12 сарын 03, Баасан
°C
USD 2,849.32
USD 2,849.32
EUR 3,224.15
JPY 25.16
GBP 3,785.18
RUB 38.47
CNY 446.92
KRW 2.43

Адишаагийн амьдрал

Адишаагийн амьдрал August 11th, 2007 by admin 1987 онд Банчин ламыг даган аялж, Лхас орох нэг сайхан боломж надад гарч билээ. Лхасаас машинаар нэг цаг гаруй явж хүрэх Нитан хэмээх тосгонд миний үргэлж очихыг мөрөөддөг асан Нитан Дулмаа хэмээх хийд буй. Энэ бяцхан хийдийг бүх бурхадын эх Арьяа Дарьд зориулан босгосон юм. Мөн энд Арьяа Дарь эхийн хамгийн үнэнч шавь Адишаагийн чандар байдаг. Гяяг Ренбүчи, Чардонг Рэнбүчи хэмээх хоёр багш маань надад Лам Римийг зааж байхдаа Адишаа ламтаныг байнга дурддаг сан. Түүний цаглашгүй нигүүлсэл, Төвдийн шашинд оруулсан хэмжээлшгүй хувь нэмрийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Богд Зонховын Лам Рим нь Адишаагийн Бодь мөрийн тухай зохиолууд, ялангуяа Бодь мөрийн зул хэмээх бүтээл дээр нь үндэслэгдсэн юм.

Жэ Рэнбүчи, Адишаа хоёрын ном бүтээлийн уг мөн чанар яг адил байдаг. Багш нарынхаа сургаал нөлөөгөөр миний бие Адишааг ихэд шүтэн бишрэх болсон юм. Тиймээс Лхаст ирүүтээ л би Адишаагийн амьдарч байсан, жанч халсан тэр л газарт очих юм шүү хэмээн бодов. Нитан Дулмаа хийд Замбо голын урдах бяцхан толгой дээр оршино.

Жижиг боловч хуучны хийд агаад Соёлын хувьсгалын их сүйтгэлд өртөөгүй. Гандан, Дрэпүнг, Сэра зэрэг их хийдүүдтэй харьцуулахад чимээгүй, бас өвөрмөц. Агаар нь тунгалаг, шувууд жиргэхээс өөр аниргүй, амгалан. Хана, шал зэрэг нь яг л анх баригдсан үеийнхээрээ, тэр бүгдэд Адишаагийн мутар хүрч явсныг бодохул үнэхээр ариун дагшин газар бөлгөө. Хийдийн орчимд Энэтхэг маягийн, гурван хэмжээст Мандала байхаас гадна Төвд суварга олон байв.

Гол дацан дахь яг амьд мэт урласан бүтээлүүдийг харахуй, Адишаа өдгөө ч тэндээ амьдарсаар байгаа мэт сэтгэгдэл төрж, их бишрэл төрөн тэрхэн зуур тэндээ зогтусчихаж билээ. Нэг настай лам над руу аажуу алхаж ирээд мэндлэв. Тэрбээр надад тэр бүтээлүүдийг Адишаа өөрөө үйлдсэн болохыг хэлж өгсөн юм. Адишаа дөнгөж хорин нэгэн насандаа Бурханы шашны их таван ухааныг үзэж дуусгасан төдийгүй урлахуй ухаанд бас нэвтрээд байсан аж.

Тэрбээр нэн олон бурхан, урлал бүтээсэн лам. Настай лам намайг мөргөлчин гэдгийг мэдээд хамт яваа хүмүүстэй маань дацангийн дээд давхарт, жуулчдад нээдэггүй газраа үзүүлэв. Тэнд хүрэн улаан өнгийн нэг ваар байна. Ламын ярьснаар Адишааг 1052 онд 72 насандаа жанч халахад чадрыг нь тэр вааранд хийж хадгалжээ. Гэвч 1960 онд шинээр тусгаар тогтносон Бангладеш улсаас хүсэлт гарган, Адишаагийн чандрыг шилжүүлэн авсан бөгөөд ингэхдээ багаахан хэсгийг вааранд нь үлдээсэн байна. Тэр ваарыг хармагц Буддын шашин үүрд хадгалагдан үлдэж, хамаг амьтан жаргалыг олох нь дамжиггүй хэмээх бодол төрж, итгэлийн зул бадамласан бөлгөө.

Адишаа 982 онд өнөөгийн Бангладеш улсын нутагт сурвалжит гэр бүлд мэндэлжээ. Хамаг амьтныг жаргал хийгээд жаргалын шалтгаан лугаа учруулна хэмээн мөрөөддөг байсны улмаас 29 насандаа сурвалжит амьдрал, тансаг ордоноо орхин жирийн лам болсон юм. 31 насандаа тэрбээр “Алтан арлын багштан” хэмээн алдаршсан Бодьсадын сургаал номлогч Сэрлингпа багшид шавь орохоор Суматра арлыг зорьсон байна. Адишаа тэнд арван хоёр жил сууж, бодьсад болон бясалгалын аргыг эзэмшиж, жинхэнэ нигүүлслийг үүтгэж сурчээ.

Энэ үед Төвдөд Ландарм хааны засаг ноёлж, Буддын сургаал номлолын далаад жилийн турш дарангуйлж байлаа. Харин шинэ суусан Лам Ешэ Ө хэмээх хаан нь Бурханы номд итгэдэг нэгэн байжээ. Харамсалтай нь түүнийг дайснууд нь баривчилж шоронд хорьж, дараа нь амийг нь хөнөөсөн юм. Түүнийг залгамжлагч Жанчүв Од авга ах Ешэ Ө - гийнхөө захиасыг биелүүлэн, Энэтхэг рүү элч илгээж, Адишааг Төвдөд залан, ном айлдахыг хүсчээ.

Төвдөд ирээд Адишаа анх Аарий хотод гурван жил сууж, хамгийн чухал бүтээл болох Бодь мөрийн зул номоо айлдан дуусгажээ. Төвдийн ард түмэнд ихэд элэгтэй болсон тул Адишаа тэндээ үлдэн ном айлдахыг хүссэн боловч өөрийнх нь хийд зөвшөөрсөнгүй, буцаж ир хэмээсэн байна. Үргэлжид хүлцэнгүй Адишаа нутаг буцахаар бэлдэн атал Энэтхэг, Балбад улс төрийн байдал хурцдаж, явах аргагүй болжээ. Төвд улс юутай азтай вэ? Адишаа Төвдөд үлдсэнээр Нитан болон бусад нутгаар 14 жил ном сургаалаа айлдан, Бромтонба зэрэг олон алдарт мэргэн шавь төрүүлжээ. Адишаа 1052 онд таалал төгссөн бөгөөд чандрыг нь шавар вааранд хийн хадгалсныг барьж үзэх хувь надад тохиосон болохыг өмнө дурдсан билээ.

Төвдийн Соёлын Төвийн Тэргүүн Ажиа Рэнбүчи

Эх сурвалж: Шведийн идэвхтэн бичигч ирүүлэв

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.