04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Даруухан гарьд Б.Гантогтоход даруйхан цолыг олгоё

Их спортын цөөнгүй тамирчид, зарим бөхчүүд нэгэнт үзүүлсэн амжилтаа бусдын адил зохих ёсоор үнэлүүлж чадаагүй, биеийн тамир спортын удирдлагадаа сэтгэл дундуур гундуухан явдгийг спорт сонирхогчид, ард түмэн мэднэ. Ямархуу их хөлс дуслуулан ядран байж, хэрхэн шүд зуун зориг тэвчээрээ шавхан байж Монгол улсынхаа нэрийг дуурсгаж алтан соёмбот далбааг өргүүлээ бол, тэд. Яаж ид хаваа гайхуулан барилдаж наадамчин олноо баярлуулсан билээ, тэд.
 

Үнэндээ тэдний ажил нь, яг нарийн хэлбэл, хамгийн хүнд хэмээгдэх газар шорооны хар ажлын хажууд жинхэнэ биеийн шандасыг сорьсон илүү хар ажил. Тэдний хөдөлмөр зүтгэл урьд өмнө хэн ч гаргаж үзүүлээгүй амжилтаар илэрч харагддаг туйлын хүнд хөдөлмөр. Эдгээрийн нэг бол Монгол улсын гарьд Б.Гантогтох гэдэгтэй маргах хүн олдохгүй л болов уу.

Энэ тамирчин дэлхийн аварга хэмээгдэх хэн дуртай нь хүрч шүүрч чаддаггүй эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирсан мөртлөө өдгөө 13 жил ор тас мартагдсан байх юм. Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 оны арванхоёрдугаар сард Японд болоход 32 орны бөх хүч үзжээ.

Манай сүмоч Б.Гантогтох Солонгос, Парагвайн бөхчүүдийг цувруулан ялж, шөвгийн наймд ОХУ-ын бөх Рафхат Шафееваас бяр хүчээр илүүгээ харуулж, хагас шигшээд Японы аварга Шина Огавуг дийлэн, шигшээ барилдаанд Шведийн бөх, сонгомол барилдааны дэлхийн аварга Мартин Линдбергийг давж дэлхийн аварга болсон. Энэ бол сүмогоор анх удаа Японоос өөр орны бөх дэлхийн аварга болсон дуулиант мэдээ байсан. Уг нь спортын ямар ч төрлөөр хэн нэгэн тамирчин дэлхийн аваргын алтан медаль авчирсан тохиолдолд төрөөс гавьяат тамирчин цолоор шагнадаг биш бил үү. Биеийн тамир спортын байгууллага, сүмо бөхийн холбооноос ядаж баярлалаа гэж ч хэлээгүй өдий хүрэв.

Гэтэл дэлхийн аварга болоогүй сүмоч гавьяатын тэмдэг зүүгээд л яваад байх нь шударга ёсонд нийцэхгүй хэрэг. Б.Гантогтох чөлөөт барилдаанаар улс, олон улс, тивийн тэмцээнээс олон удаа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байснаас гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцож, 3-т нь шагналт байрт шалгарч байсан амжилтыг бас мартах хэрэггүй юм. Тэр өөрөө тун ч даруухан залуу учраас одоо хүртэл хэл ам хийхгүй л явна.

Түүнд Монгол Улсын гавьяат тамирчин цолыг даруйхан олговол ард түмэн нүдээ олсон шагнал гэж талархан хүлээж авах нь гарцаагүй. Б.Гантогтохыг үндэсний бөхийнхөө хувьд мөн л “хэлмэгдэж” яваа гарьд гэхэд болно. Тэр улсын их баяр наадамд гурвантаа үзүүрлээд байгаа юм. Гэхдээ гурвууланд нь заан цолтой үзүүрлэжээ. Эрт дээр үеэс улсын заан цолтой бөх үзүүрлэхэд арслан цол өгч байсан уламжлал бий. Нийт 45 арслангийн тал хувь нь түрүүлээгүй арслан буюу заан цолтойгоор үзүүрлэж арслан болсон байдаг. Тэднээс олон арслан наадамд ганц ч болов үзүүрлэх нь байтугай зөвхөн шөвгийн дөрөвт үлдэж л арслан болсон байдаг. Гэтэл мань хүн гурав үзүүрлээд ч арслан цол байдаггүй. Түүний хэтэрхий даруу дуугай зан төрхөнд бөх сонирхогч бид дуртай байдаг ч өөрт нь энэ зан тус болдоггүй бололтой.

Бөх сонирхогч, Швед улсад суугаа Хархираа овогт Уртнасангийн Энхбат, Утас: +46739154055, E-mail: u.enkhbat@hotmail.com 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.