04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Швед орныг санан дурсахуй-Бээжин дэх зам зуурын хөгтэй явдлаас

Удалгүй сургуулийн урилга, бусад танилцах материалууд, хичээлийн урьдчилсан хуваарь, Швед дахь гадаад оюутны амьдрал, оюутны визийг хаанаас хэрхэн авах, Стокгольмийн их сургуулийн талаар бүхэл бүтэн багц материал хүлээж авлаа. Оюутны байрны хөлс тохижилт гээд бүх зүйлийг нэгд нэгэнгүй тайлбарласан байх нь шведүүд бүх зүйлийг нягт нямбай маш эртнээс төлөвлөж хийдэг нь илэрхий харагдаж байлаа.

Оюутны виз авахад Бээжин дэхь Royal Embassy of Sweden-д визний өргөдлөө 2-3 сарын өмнөөс хүргүүлэх ёстой байдаг бөгөөд энэ нь хайрт залуу дээрээ шууд нисээд л оччихмоор байсан надад тун их урт бөгөөд түгшүүртэй хугацаа байлаа.

Хэдэн сар хүлээсний эцэст виз гарсан тухай элчингээс хариу хүлээж аваад бөөн баяр болсон хүн замдаа визаа даруулаад цааш Стокгольм нисэхээр Бээжин рүү аян замдаа гарлаа. Бээжинд ч яахав ямар байдгыг уншигчид маань мэдэхгүй биш энд нуршаад яахав. Онгоцны буудлаас таксидахад арай хэл нэвтрэлцэхэд дөхөмтэй байсан тул Монголын Элчин сайдын яам дээр буучихлаа. Тэгээд буудлыг нь тохижилт гэж авах юмгүй гэж сонсож байсан ч үнэ нь хямдхан сонсогдсон тул юу ч гэсэн шагайж үзтэл биш юмаа. Хир даг болсон орны бүтээлэг, яйжгий ор дэр гээд энд хэчнээн удахгүй ч гэсэн өөрийгөө хүндэлдэг хүн бол хонож өнжинө гэхэд арай л хэцүүхэн санагдсан тул өөр буудал явахаар шийдлээ. Элчингээс ачаа бараагаа чирсээр гарч иртэл үүдээр нь эргэлдэж байсан хэдэн Өвөрмонголчууд доогтой нь аргагүй танд муухай гэж хэлээд байхад сонсохгүй байсан шүү дээ манай буудалд оч манай буудалд оч гэж ам амандаа шулганалдаж байлаа. Би дотроо бүхэл бүтэн улсын элчин сайдын яам байж бохир заваанаараа энэ муу хэдэн Өвөрмонголчуудаар хүртэл дуудуулах ч гэж дээ гэж бодохоор дэлхийн бараг хамгийн хямд өртөгтэй юм элбэгтэй газар сууж байгаа Монголын элчингийн ажилтнуудын санаачлагагүй арчаагүй байдалд ихэд бухимдал төрж билээ.

Элчин дээр тааралдсан Германаас ирсэн оюутан гэх нэг охинтой хамт өөр буудал хөлслөхөөр тохиролцоод үе тэнгийн үг хэл нийлэх хүн шиг санагдсан тул аян замын хань болгож нэг өрөөнд орчихлоо. Гэтэл өөрийгөө Германд сурдаг гэж танилцуулсан бүсгүй нэг л биш ээ. Орчин тойронтойгоо танилцахаар гарах замд л буудлын цахилгаан шатанд тааралдсан хэдэн оросуудтай нүд ирмэлцээд аальгүйтээд болдоггүй. Оросын уулынхан бололтой хэдэн “багууд” Монгол охидуудаа танилцъя барья гээд үг хэл сугалах гээд төвөгтэй байсан тул би оросоор ярьж чадахгүй гэчихлээ. Тэгсэн чинь бүр гай болж чи оросоор тун цэвэрхэн ярьж байна ярьдаг л байх гэж нэг нөхөр бүүр маасайтлаа инээгээд болдоггүй. Ядаж шинэ танил маань чи оросоор ярьдаг байж битгий үнэрхээд бай гэх ухааны юм яриад байхаар нь дөнгөж танилцсан өрөөний найзаа гомдоогоод яахав дээ гэж бодоод тэдэнтэй хэд гурван үг сольсон биш нэг мэдсэн нөгөө хүүхний үнэгүй орчуулагч нь болох шахсан шүү. Хоёр хоноход нөгөө хүүхэн оросуудтай “дотно” танилцаад бүүр би мөнгө муутай байгаа буудлын мөнгөө хэмнэнэ гээд нэгнийх нь өрөө рүү нүүчихлээ. Хожим нь бодоод байхад тэр охин Германд сурдаг оюутан ч биш зүгээр л Бээжинд түм бумаараа байх хэцүү нэртэнгүүдийн нэг байсан бололтой.

Шведийн элчин дээр визээ даруулах гэж бас л хөглөлөө. Уг нь Донг Жин Минг Вэй гудамжинд байрлах Шведийн элчингийн хаягийг найз залуугийнхаа ангийн хужаа оюутнаар ханзаар бичүүлээд авчихсан байсан тул таксиний жолоочид бичгээ үзүүлсэн чинь жолооч нь урдаас баахан хятадаар яриад бараг Бээжинг бүтэн тойрчих шахдаг байгаа. Тэгж тэгж нүдэнд танил нь аргагүй 3 титмэний дүрс бүхий Шведийн сүлд харагдахаар нь сэтгэл хөдөлсөндөө монголоороо “одоо энд зогсоорой” гэж хашгираад бараг машин зогсоогүй байхад үсрээд буучихлаа.
Элчингийн харуултай хэл нэвтрэлцэх гэж хэрэндээ хөөрхөн пантомимоо тоглоод арай гэж элчинд нэвтрэн ороод уртаар амьсгаа авч билээ. Элчингийн ажилтан бүсгүй хужаа аялгатай ч англиар овоо ярих юм. Орой 4 цагаас ирээд паспортоо ав гэж хэлэхээр нь би маргааш өглөө эрт ниснэ буудал маш хол дахин ирмээргүй байна одоо дараад өгөөч гэж баахан зовлон тоочсон ч амжилтанд хүрсэнгүй. Нээрээ орой 4 цагаас ирэхэд ажиллаж байна биз дээ гэж дахин лавлаад урамгүйхнээр эргэтэл аз болж шар толгойтой европ хүн өөр цонхны цаанаас цухалзахаар нь гүйж очоод хамаг зовлонгоо тоочтол ашгүй нөгөө хүн чинь уриалгахнаар паспортыг минь авч цааш эргээд визийг минь даруулаад ирдэг байгаа. Тэр хүн бол миний амьдралдаа хамгийн анх тааралдсан шав шаргал үстэй цэв цэнхэр нүдтэй швед хүн байсан юм. Миний баярласан ч гэж жигтэйхэн дахин дахин нөгөө шведэд талархаснаа илэрхийлээд гарах замд намайг нөгөө цонхны хужаа хүүхэн их л янзгүйгээр тас ширвэж байнаа.

Үргэлжлэл бий.....
Эх сурвалж: http://erkhembayar.blogspot.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.