05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Ж.Ганбат: Би ч нэг хөдөлвөл зоригтой дайрдаг хүн дээ

Швед улсын нийслэл Стокгольм хотод эхнэр 3 хүүхдийн хамт ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч Жамбалдорж овогтой Ганбаттай уулзаж түүний шинэ уран бүтээлийн талаар ярилцлаа. Мөн түүний бодол эргэцүүлэл, сургамжаас хүүрнэхийг хичээлээ.

Уран бүтээлийн замнал
1995 он- ”Гоё залуу”  тоглолтыг оюутан байхдаа ангийн 7 андын хамт, Багануур хот
Оюутан байхдаа тоглож байсан энэ тоглолт нь бүтээлч талаасаа илүү хамт олонч, урлагийн сэтгэхүйг суулгаж өгчээ.
1998 он - ”Шинэ үсгийн багш” киноны туслах
Түүний аав Б.Жамбалдорж зохиолыг бичиж, Б.Бадрууган найруулагч, Төрийн соёрхолт Л.Шаравдорж гуай зураглаач, Төрийн соёрхолт Ц.Нацагдорж гуай хөгжмийн зохиолч, зураач Т.Гоош гээд урлагийн том хүмүүс хамт ажиллаж байсан нь түүнд маш том сургууль болжээ.
1999 он- ”Диваажингаас амьдралд хүрэх зам” киноны зургийн дарга
Найз Ж.Сэнгэдорж нь зохиолыг бичиж, найруулсан кинонд зургийн даргаар ажиллаж бие дааж ажиллах ажлын гараагаа эхэлжээ.
2002 он- ”Мөрөөдлийн хөлөг онгоц ” киноны зохиол, зургийн дарга
Ч.Батбаяр, Ж.Сэнгэдорж 2-той хамтран зохиолыг бичиж, зургийн даргаар ажиллаж байжээ.

2009 он- ”Гурав дахь хүсэл” жүжиг найруулагч

Жүжгийг бичиж, найруулж Стокгольм хотод тавьжээ.

2011 он- ”Цэлмэг тэнгэр” киноны зохиолыг бичиж, найруулагчаар ажиллаж байна.

Энэхүү кино нь 90 оноос хойш зураг авалтаа дан гадаадад авсан анхны кино болох юм.

 

1. Хувийн амьдрал

Асуулт: Таны аав Жамбалдорж гуайг Монголчууд маань
“Шинэ үсгийн багш” киногоор нь сайн танина. Таныг найруулагч болоход таны аав нөлөө үзүүлсэн байх. Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу.

Ж.Ганбат: - Манай аав Сүхбаатарын эвлэлийн хороо, хотын эвлэлийн хороо, Төмөр замын намын хороо, хотын намын хороо гээд насаараа намын байгууллагад ажилласан хүн. Гэхдээ манай аав намын ажил хийхийн сацуу дандаа уран бүтээл туурвиж явсан зохиолч хүн. Ард түмэнд хамгийн ойр сонсогдох уран бүтээл нь “Шинэ үсгийн багш” киноны зохиолыг бичсэн. 1999 онд тэр зохиолоороо “Гоо марал”-ын шагнал хүртсэн. Манай гэрт манай аавын найзууд, үеийн андууд нь цугларч ярилцдаг түүнийг нь би  чагнаж суудаг байсан л даа. Энэ нь намайг урлагийн мэргэжил сонгоход нөлөөлсөн байх. Хүүхдийн багын мөрөөдөл, хүсэл зориг нь амьдралын зам мөрийг сонгоход нөлөөлж чиглүүлж өгдөг юм шиг санагддаг. Миний хувьд санаандгүй явж байгаад урлагийн сургуульд шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд л урлагийн тогоонд буцалж яваа хүн гэхүү дээ. Пионерын бүч зүүгээд явдаг их идэвхитэй эвлэлийн гишүүн байсан болохоор намайг хүмүүс улс төр, хууль, тоо, эрдэм шинжилгээний ажилтан болно доо гэж төсөөлдөг байсан чинь гэнэт урлагийн хүн болсонд гайхдаг гэж ярьж байсан.  Гэхдээ энэ бол хүний зам төөрөг хувь тавилан юм болов уу даа гэж боддог. Дээр нь мэдээж манай аавын уран бүтээлч сэтгэлгээ нилээн нөлөөлсөн.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Ж.Ганбат: - Надад “Өөртөө хүсэхгүй байгаа юмаа хүнд битгий хий” гэсэн нэг зарчим байдаг. Чи цохиулмааргүй байгаа бол хүн битгий цохи, хүнд загнуулмааргүй байвал битгий загна, хүнд муулуулмааргүй байвал битгий муул. Хүн өөрөө өөртөө үнэнч байж, өөрөө өөртөө хяналттай байх нь зөв байдаг юм болов уу даа. Хүн чанар хүний мөсийг л эрхэмлэж явдаг да.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу.

Ж.Ганбат: - Манай гэр бүлийн хүнийг Ванданцэрэнгийн Гэрэлцэцэг гэдэг жүжигчин мэргэжилтэй. Манайх Мөнхтөгөлдөр, Үлэмжтөгөлдөр, Төгөлдөргоо гээд гурван охинтой. Манай гэр бүлийн хүн Монгол Телевизэд дуу оруулагч хийдэг байсан. Мөн Х-түц хамтлагт дагалдах жүжигчнээр ажиллаж байсан. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүрд тоглосон мөн шинэ киноны маань гол дүрийн нэгт тоглоно.

2. Шинэ уран бүтээл “ Цэлмэг Тэнгэр” уран сайхны кино

- Таны уран бүтээл рүү яриагаа хандуулая. Стокгольмд таны тавьсан “ 3 дахь хүсэл ” жүжгийг үзсэн. Маш гоё болсон, энэ жүжгээ дахин тавих бодолтой байгаа юу?

Ж.Ганбат: - Аливаа уран бүтээл гэдэг ганцхан хүний ажил биш болохоор амар зүйл биш. Жүжиг маань 6 жүжигчин, зураач, гэрэлтүүлэгч, туслах гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй. Дахин тавихын тулд би энэ бүх хүмүүсээ цуглуулж дахиж жүжгээ давтаж, өмнө нь гаргасан алдаагаа засах гээд бүтэн сарын ажил болно. Би жүжгээ хувиараа тавьсан учир дахин тавина гэвэл спонсор байгууллага, продюссер санал тавих тохиолдолд  татгалзахгүй тавина.

-Швед улсад хийж байгаа ”Цэлмэг тэнгэр” уран сайхны киноныхоо талаар уншигчидтайгаа хуваалцахгүй юу.

Ж.Ганбат: - “Цэлмэг тэнгэр” уран сайхны кино нь Швед улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудийн фонон дээр өрнөж байгаа жирийн нэг хайр дурлал, хүмүүсийн харилцааны түүхийг харуулна. Энэ нь Америкт ч, Монголд ч, хаана ч байж болох л түүх. Гол онцлог нь яг одоо Шведэд амьдарч байгаа бидний хүрээнд болж байгаа үйл явдал гэдгээрээ онцлог байх болов уу.

Аливаа уран бүтээлийг ялангуяа тайз дэлгэцийн бүтээлийг хамт олон бүтээдэг тийм ч учраас киноныхоо баг бүрэлдэхүүнийг чадварлаг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхийг их эрмэлзэл болгосон. Уран бүтээлийн цөм маань 9 хүний бүрэлдэхүүнтэй Монголоос ирнэ. Зураглаачаар 2011 оны “Академи Авардас”-ын шилдэг оператор Х.Баяраа, хөгжмийн зохиолчоор Г.Баярбилэг, туслах найруулагчаар найруулагч Ч.Батбаяр, дууны найруулагчаар 2011 оны “Академи Авардас”-ын шилдэг дууны найруулагч С.Нэргүй (Нэско), нүүр хувиргагчаар 2011 оны “Академи Авардас”-ын шилдэг нүүр хувиргагч  М.Одончимэг болон би өөрөө зохиолч, найруулагчаар ажиллана. Жүжигчдийн баг бүрэлдэхүүнд жүжигчин В.Гэрэлцэцэг, СТА Д.Бямбацогт, X-түц хамтлагийн жүжигчин СТА Д.Баттөмөр (Батаа), X-түц хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин (Тэмка), “Тусгай салаа” киноны голд дүрд тоглосон жүжигчин Б.Гэрэлчулуун, Драмын эрдмийн театрын жүжигчин Г.Алтаншагай нар тоглоно. Ч.Батбаяр маань Шведийн тухай болон “Цэлмэг тэнгэр” киноны группын талаар баримтат кино хийх давхар ажилтай ирнэ. Өөр дүрүүд маань Шведээс бүрдэнэ. Кинондоо ер нь гадаадад байгаа Монголчууд Монголдоо очицгооё гэсэн нэг далд санааг шигтгэх гэж хичээсэн. Эх оронч сэтгэлгээний үүднээс хандаж хэлж байгаа юм.

-Тэгэхээр олон хүний бүрэлдэхүүн Монголоос ирэх юм байна. Санхүүгийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

Ж.Ганбат: - Би чинь нэг хөдлөхөөрөө их зоригтой үздэг хүн дээ. Өөрийн хүчээр зүтгэж байна даа. Unitel, Univision бас ивээн тэтгэж, дэмжиж байгаа, түүнчлэн ямар нэг хэмжээгээр тусалж байгаа хувь хүмүүс байгаа. “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны зургийн даргаар ажиллаж, санхүүг барьж байсан туршлагаас ерөнхий төсвийн талаар төсөөлөл байгаа. Гэхдээ одоо тэр үеийнхтэй харьцуулалтгүй, жүжигчдийн уран чадвар дээшлэхийн сацуу хөлс ч өндөр болж, уран бүтээл хийх үнэ ч өссөн байна. Түүнээс гадна гадаадад зураг авч байгаа учраас ирж, очих онгоцны зардлаас авахуулаад энд байрлах зардал гээд зардал их өндөр гарч байна. Нэгэнт эхэлсэн болохоор буцах замгүй, ямар нэгэн аргаар дуусгана.

-Ер нь энэ кино гадаадад хийж байгаа анхны Монгол кино гэж ойлгож байна?

Ж.Ганбат: - Сүүлийн жилүүдэд бүх зураг авалтаа гадаадад хийсэн анхны кино байж магадгүй. Өмнө нь кино үйлдвэр гэж том байгууллага байхад дан гадаадад юмуу гадаадын байгууллагатай хамтраад кино хийж байсан байх, тодорхой мэдэхгүй байна. Зах зээл эхэлснээс хойш бүх зураг авалтаа дан гадаадад хийсэн кино байхгүй. Сая 2006 онд О.Бат-Өлзий ах зураг авалтын талыг Солонгос улсад авсан “Чиний эзгүйд” гэж сайхан кино бий. Гэхдээ “Чиний эзгүйд” гээд кино миний хийх гэж байгаа энэ киноноос жанар, санаа гээд бүх юмаараа өөр кинонууд гэж хэлж болно.

-Монгол киног Шведэд хийнэ гэдэг амаргүй л байгаа байх.

Ж.Ганбат: - Хөөцөлдөх ажил нилээн гарна. Мэдээж гадаад дотоодын жүжигчдийг уриж тоглуулна. Киноны зураг авах зөвшөөрөл жишээлбэл цагдаагийн газраас байнга авч байх, ямар нэг байгууллага дээр зураг авалт хийх бол тэр байгууллагаасаа зөвшөөрөл авах гээд  олон хүндрэл гарна. Хүндрэлгүй юм гэж байхгүй болохоор давж туулахаас аргагүй. Алийн болгон юмнаас ухарч айж суух вэ, нэгэнт галт тэрэг хөдөлсөн зогсоох аргагүй. Би Шведэд ирээд 6,7 жил болчлоо, киноны зураг авалтанд оролцож өгөөч гэвэл жишээлбэл Шведүүдийн зүгээс зан харицааны юмуу ямар нэгэн байдлаар эсэргүүцэлтэй тулгарахгүй гэж бодож байна. Шведийн ард түмэн бусдын соёл, шашин шүтлэгийг их хүндэлдэг бас эелдэг хүмүүс шүү дэ. Түүнээс гадна Шведэд байгаа Монголчуудын туслалцаа дэмжлэг, оролцоог их хүлээж байгаа.

-Шведэд хийх гэж байгаа кинонд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж тусалъя, оролцоё гэсэн хүмүүс та бүхэнтэй холбогдож болох уу?

Ж.Ганбат: - Бололгүй яахав. Энэ бол маш чөлөөтэй, нээлттэй. Уг киноны зургийн даргаар Г.Мандах гэж хүн ажиллаж байгаа. Түүнтэй холбогдож санал бодлоо солилцоод би энэ ажилд чинь тусалъя, зурганд чинь оръё гэвэл чөлөөтэй. Гол дүрийн 5 жүжигчнээс гадна олны хэсэг массок, 2-р чанарын дүр гэсэн маш олон дүр байгаа. Энд оролцох боломж бүрэн бий, цааргалах юм байхгүй. Мэдээж би киноны зураг авалтын өмнө киноны проб хийж жүжигчдээ тодруулж авна. Шведэд байгаа Монголчуудын жил бүр уламжлан зохион байгуулдаг Монгол наадам дээр очиж бас зураг авна. Тэрний нийтийн хэсэгт оролцох ч юмуу, өөр нийтийн хэсгийн зураг авалтуудад оролцож болно. Түүнчлэн өөрийн сонирхлоор арын албанд ажиллаж болно. Тогооч, жижиг хэрэглэлийн эрхлэгч, гэрэлтүүлэгч, туслах ажилтан гээд арын албанд ажиллах хүмүүс бас чухал. Ер нь бол кино бүрэлдэхүүнээрээ зураач гэхэд 2, 3 туслахтай, найруулагч 3, 4 туслахтай, зургийн дарга гэхэд 2, 3 зохион байгуулагчтай гээд 50-иад хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тийм болохоор ажил маш их бий.

Кино маань эхлээд Монголын кино театруудаар тоглогдоно. Дараа нь орон нутгуудаар явж тоглогдоно. Тэгээд гадаадад байгаа Монголчууддаа тойроод үзүүлэх санаа байгаа.  Монголын телевизүүдээр гарахын сацуу интернэтэд тавигдана. Тийм болохоор ажил хэргийн бас санал байж болно. Манай байгууллага эсвэл хувь хүн ийм туслалцаа дэмжлэг үзүүлье тэгээд киноны хойд талд ивээн тэтгэсэн байгууллага эсвэл хамтарч ажилласан байгууллага, гүн талархал илэхийлье гэсэн хэлбэрээр хувь хүн, албан байгууллагын нэрийг логотой нь байрлуулах байж болно. Тэгээд өөр бас янз бүрийн саналд бид нээлттэй байгаа. Энэ талаар манай гүйцэтгэгч продюссер, хуучин бидний хэлж сурснаар зургийн дарга Г.Мандахтай холбоо барьж ярилцаж болно. Г. Мандахын утас +46(0)73-919-5498.

-Шведэд байгаа урлагт сонирхолтой, авъяастай хүмүүс энэ пробд оръё гэвэл ямар шалгуур тавигдах вэ ?

Ж.Ганбат: - Шалгуур тавина гэдэг хэцүү. Би зохиолын дагуу ямар дүрд ямар хүн тохирохыг харж байгаад пробд орсон хүмүүсээс тэр дүрд тохирсон хүнийг гаднах төрх, яриа, тоглолт хийх чадварыг харж сонгож авна.  Түүнээс гадна 4 сар гаргаад жүжигчний уран чадвар эзэмшүүлэх дугуйлан хичээллүүлэх гэж байгаа. Энд нас, хүйс хамаарахгүй, ямар нэгэн шалгуур тавигдахгүй, хүссэн бүх хүн хичээллэж болно. Энэ дугуйлангаар мэргэжлийн бус хүнд тайзны урлагийн талаар ойлголт өгөх зорилготой. Энэ нь зураг авалтанд оролцох хүмүүст зайлшгүй шаардлагатай мэдэгдэхүүнийг өгнө гэсэн үг. Ач холбогдол нь гэвэл юун түрүүнд биеэ авч явах соёлд суралцана. Хүнтэй ярихдаа үг хэлээ цэгнэх гэх мэт хүний гадаад болон дотоод гоо сайханд нөлөөлөх мэргэжил болох жүжигчний уран чадвараас цухас суралцаж, мэргэжлийн хэллэг зааж, ойлголт өгнө. Түүнчлэн Шведэд байгаа урлагийн хүмүүс бидэнтэй холбоо барьж хамтран ажиллахыг хүсч байна.

3. Үзэл бодол, зөвлөмж

-Кино зохиолын санаа яаж урган гардаг вэ? Олон дүрүүд, зан чанарууд, үзэл бодлууд, гээд их олон зүйлийг нэг нэгэнгүй бодох хэрэгтэй байдаг байх.

Ж.Ганбат: - За, би “Мөрөөдлийн хөлөг онгоц” киног яаж бичсэн талаар эхлэлийг нь яръя л даа. Найруулагч Сэнгэдорж, манай найз Хүүхэд залуучуудын театрт ажилладаг байхад нь ажил дээр нь яваад орлоо.  Тэгсэн мань хүн яг хийж байгаа уран бүтээл байхгүй эвшээлгээд, уйдаад сууж байна. Тэгснээ “Ганбаа 2-уулаа ингэж хийх юмгүй сууснаас нэг кино хийвэл яасан юм” гэдэг юм байна. Би “Тэгья л даа,  юу бичих вэ?”, “Олон ангит бичье” гээд л эхэлсэн. Энэ бол нэг мундаг санаа олчоод бичсэн биш уйдаж байсан хоёр кино бичье гээд эхэлсэн. Би оюутан байхаасаа авахуулаад кино зохиол, жүжгийн зохиол, тууж, өгүүллэг гээд байнгын нэг юм эхлүүлээд, бичээд, тэмдэлээд явдаг байсан. Ингэж байгаад би “Цэлмэг тэнгэр” гэж зохиол бичиж эхэлж байснаа орхисон байсан саяханаас ер нь энийг ажил хэрэг болговол яасан юм гэж бодоод эхэлсэн.

Хүний амьдралаас санаа авч, хүмүүсийг ажиглаад, яриа чагнаад явж байгаад сүүлд нь дүрүүдэд чимэг, детайл болоод явах жишээтэй. Амьдралаас л зохиол урган гарна гэхээс зүгээр сууж байгаад зохиол бичье гээд бичих тохиолдол бараг байхгүй байх. Амьдралын туршлага, үзсэн явсан газар, танилцсан хүмүүс гээд олон юмнаас л зохиолын дүрүүд гарч ирнэ. Гэхдээ хэдий чинээ их туршлага хуримтлуулна төдий чинээ сайн зохиол туурвина гэсэн үг бас биш. Хөдөлмөрч чанар, авъяас, шинэ соргогоор хүлээн авах чадвар хэрэгтэй. Дэлхийн том зохиолчид 25 наснаас 40-ийн хооронд бодитой дорвитой бүтээл туурвиж байсан гэж уншиж байсан. Тэрнээс өмнөх нь гэнэндүү тэрнээс хойших нь шинийг сэтгэж, санаачлах чадвар нь муудсан байдаг юм шиг байна л даа.

-Яаж шинийг санаачилдаг болж сэтгэж сурах вэ?

Ж.Ганбат: - Манай нэг найз “Галзуу хүн шиг сэтгэж, ухаалгаар шийдэж бай” гэж хэлдэг, би энэ үгийг хэлмээр байна. Боломжгүй зүйл байхгүй гэдэг үүднээс нь сэтгэж, түүнд таарсан боломжит хариултыг хайгаад олчихвол тэр нь шинийг санаачилсан болох байх.

-Урлагийнхан болон жирийн хүмүүсийн сэтгэхүй юугаараа ялгаатай байдаг вэ?
Ж.Ганбат:
- Угаасаа өөрөө урлагт их элэгтэй, сонирхолтой хүмүүс байгалиас л заяах байх, дээр нь бас авъяас гэж нэг жаахан юм шаардагдах байх. Өөрт байгаа энэ авъяасаа хөгжүүлээд эхлэхээр, бодит амьдарлаас хөндийрөөд, өөрөө өөртөө бий болгосон энэ ертөнц рүү хазайгаад ирдэг. Тэр нь бусад хүмүүст содон, өөр сэтгэхүйтэй мэт санагддаг байх.

Авъяасыг их хөдөлмөрлөж, хөгжүүлж байж амжилтанд хүрнэ. Ний нуугүй хэлэхэд манай урлагийнхан жаахан залхуу, яг тэр авъяасаа хөгжүүлж, мэргэжил руугаа давшлагатай явах тал дээр дулимаг байдаг. Мэдээж өнөөгийн нийгэм, эдийн засаг үүнд их нөлөөлж байгаа. Гэхдээ урлаг гэдэг бол өөрийгөө их золиосолсон мэргэжил. Монголын театр, драмын урлаг, уран нугаралт, үеэлзүүр бүжиг гэх мэт урлагийн дэлхийд тэргүүлэх салбарууд байдаг. Үүн дээр төр засгаас жаахан хяналт, дэмжлэг тавиад өгвөл урлагийн салбар улам хөгжиж, дэлхийд хувь нэмрээ бас их оруулах байх гэж боддог. Тайз дэлгэцийн урлагт гэвэл баримтат кино сая Оскарын шагналд дэвшсэн. Тэр нь Монгол хүний оюуны потенциалыг харуулж байна. Манай тайз дэлгэцийн урлагт байдаг давуу тал гэвэл барууны школтай гэхдээ дорнын гүн ухааныг шингээсэн бүтээл гарах хандлагатай байдаг. Энэ бол бараг биеэ даагаад гараад ирэх шинэ урсгал байж болох талтай. Монголчууд дэлхийд өөрийн гэсэн өнгө аясыг гаргадаг гэж боддог.

-Би хөгжмийн академид сурдаг оюутнуудтай уулзаад ярилцаж байхад тэд өдөр бүр хөгжмөө давтахгүй бол урьд өдрийн бэлтгэл нь алдагдчихсан байдаг тэгээд өдөр бүр тогтмол цагаар бэлтгэл хийдэг гэж байсан. Урлагийнхан тэгж их бэлтгэл хийдэгийг тэгж мэдсэн.

Ж.Ганбат: - Тэгэлгүй яах вэ, урлагийнхан дунд нэг зэвэрнэ гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл  дадлага туршлага алдагдана, хийж чаддаг байсан юмаа хийж чадахгүй болно гэсэн үг. Зохиолч хүн мөн адил, зохиол бичихгүй байж байгаад гэнэт зохиол бичих гэхээр орж ирдэггүй байх жишээтэй. Тамирчид, урлагийнхан гээд бүгдээрээ л байнгын бэлтгэл, давталт шаарддаг мэргэжил. Байнга шинийг эрэлхийлж байж тэр мэргэжилдээ ахиж, дэвшдэг.

-Ер нь урлагийнхан, зохиолчид нэг уран бүтээл хийхэд маш их хөдөлмөр зарцуулдаг, тэр оюуны хөдөлмөр нь хэр үнэлэгддэг юм бол доо?

Ж.Ганбат: - Монголд нэг үеэ бодоход оюуны хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нилээд дээшилжээ. Сая би нэг сар Монгол яваад ирэхэд ажигласан юм бол их олон номын дэлгүүрүүдтэй болж, шинэ ном их хэвлэгдэн гарч, мөн дэлхийн шилдэг сор бүтээлүүдийг орчуулж эх хэл дээрээ хөрвүүлэн олны хүртээл болгосон байна. Энийг нь хэрэглэгчид их худалдан авдаг болсон байна. Энэ чинь оюуны хөдөлмөрт оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт л даа. Жүжигчид тайзан дээр гарахдаа, кинонд тоглохдоо урьдынхыг бодвол харьцангуй өндөр шан харамж авдаг болсон байна. Яагаад гэвэл, тэдний тоглосон жүжиг, киног буцаад үзэгчид маань үздэг болсон байна. Энэ нь Монголчуудын соёлын түвшин дээшилж байгааг харуулж байна.

-Европууд урлагийн өндөр боловсролтой байдаг. Айл бүрд нэг төгөлдөр хуур байх жишээтэй. Урлагийн хүний хувьд эднээс сурах зүйл юу байна вэ?

Ж.Ганбат: - Урлагийн боловролыг өндөрт тавина гэдэг тухайн улс үндэстний нэг хэмжүүр. Гэхдээ Монгол соёл, Орос, Герман, Энэтхэг соёл гээд өөр өөр соёлууд байна. Монгол соёл бидний амьдралын хэв маяг болсон байдаг болохоор мэддэггүй. Европын соёл ч гэсэн үүний адил маш өөр. Энэ соёлуудыг хооронд нь харьцуулж дүгнэхэд хэцүү. Харин урлагийн боловсрол гэдэг бол өөр. Монголчууд ч гэсэн дуунд дуртай, урлагийн соёлтой ард түмэн. Гэхдээ аль ч нийгмийн элитүүд хөгжмийн өндөр мэдрэмжтэй, соёлтой байдаг.

-Та 10 жилээ орос сургуульд төгссөн, оросоор ном их уншдаг. Одооны хүүхдүүдэд хандаж номын ач тусын талаар юу гэж хэлэх вэ.

Ж.Ганбат: - Тийм ээ, би орос сургууль төгссөн орос школтой хүн. Би ном их уншдаг. Орос хэл дээр ном олж унших, мэдээлэл, мэдлэг олж авах илүү нээлттэй байсан, одоо ч тийм байх шиг байна. Орос дэлхийн бүх сонгодгуудыг заавал эх хэлнээ хөрвүүлсэн, өөрсдөө ч бас их мундаг зохиолчидтой том гүрэн. Одоо бол мэдээллийг англи, хятад, герман, франц гээд бүх хэлнээс авах мэдээллийн сувгууд нээлттэй болсон байна. Гэхдээ миний бодлоор мэдээллийг интернэт, радио, телевизээс авч болно харин мэдлэгийг номоос л олж авна. Тийм учраас ном бол зайлшгүй унших шаардлагатай. Янз бүрийн хэлнээс дэлхийн сонгодог зохиолчдын номыг унших хэрэгтэй. Сүүлийн үеийн залуучууд ном уншихгүй байна гэдэг муу л даа. Ном унших сонирхол, суурийг дунд сургуулийн багш нар тавьж өгдөг юм шиг санагддаг. Манай багш жишээлбэл зохиолуудыг нүдэнд харагдтал сайхан ярьж өгдөг байсан тэгээд тэр зохиолыг нэг олоод уншчих юмсан гэж бодсоор, олж уншина. 1, 2, 3 ном уншаад ирэхээр аяндаа амтанд нь ороод, эрэлхийлээд уншаад эхэлнэ. Багш нар тэгж хүүхдийн хорхойг хөдөлгөж өгч чадахгүй бол хүүхдүүд дүн тавиулахын тулд л нэг өнгөцхөн л уншиж өөрсдийгөө хөгжүүлж, илүү нээж чадахгүй.

-Би Шведэд ирснээс хойш өөрийгөө янз бүрээр хөгжүүлэх хүсэлтэй болсон. Шведийн нийгэм нөлөөлсөн байх. Энд сурахад нас хамаардаггүй гэж үздэг таны хувьд хувь хүний хөгжлийн талаар ярихгүй юу?

Ж.Ганбат: - Хүн өөрөө л мэдэхгүй болохоос, өдөр бүр шинэ дадал туршлага сууж хөгжиж байдаг. Эсвэл өмнө нь сурсан байснаа мартаж, байнгын эргэлтэнд явж байдаг. Бид нар жишээ нь гудамжинд явж байхад хэдэн үг сонсоно, орой телевиз үзэхэд хэдэн үг ороод ирнэ, тэднийг юу гэж байна гээд оролдоод ирэхээр хэл сурч хэлний боловсрол нь дээшлээд байна. Хэлнээс гадна хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх олон зам байна.  Эрүүл агаарт гарах, биеийн тамираар хичээллэх, бассейнд очоод сэлээд сурах гэх мэт өөрийгөө янз бүрээр хөгжүүлэх талаар Швед орон их нээлттэй улс байна билээ. Хүүхдүүдийг ялангуяа багаас нь хүмүүжүүлэхдээ ийм ийм юм байдаг юм шүү гээд зах захаас нь үзүүлээд сонирхолыг нь татаад тухайн хүн өөрөө нэг сонирхсон чиглэлээ сонгоод, тэрийгээ хөөгөөд явах боломжийг нь сайн хангаж өгдөг. Дуулах сонирхолтой хүүхдийг багаас нь дуулуулсаар байгаад дуучин болчмоор ч юм шиг дэмжиж өгдөг. Энд цэцэрлэгт жишээ нь 6 хүүхдэд нэг багш оногдож байдаг. Тэр талаасаа хүүхэд тус бүртэй сайн харьцаж ажилладаг. Авъяасыг нээж, чадварыг хөгжүүлэх тал дээр их анхаарч ажилладаг.

Хүн өөрийгөө зөвхөн бие бялдраас гадна оюуны тал дээр хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр мөнөөх л юм унших хэрэгтэй гэдэг маань сөхөгдөөд ирж байгаа юм. Уран зохиолын ном бол унших дадал суулгаж байгаа юм. Түүнээс гадна философи, танин мэдэхүйг хөгжүүлэх талын номыг уншиж, түүгээр ч барахгүй түүнийгээ бодож, боловсруулж сурвал өөрийгөө нэг ёсны хөгжүүлж байгаа хэлбэр юм. Зүгээр нэг лекцэнд, курсэнд суугаад би боловсорчлоо гэж ойлгож болохгүй. Харин түүнийгээ дараа нь бодож, боловсруулж, хамгийн гол нь амьдралдаа хэрэгжүүлж байж л мэдлэг болно шүү дээ.

-Олон залуус гадагшаа гарч сурч, амьдрах болж түүнийг дагаад гадаадад өсч байгаа Монгол хүүхдүүд олширсон. Тэдэнд Монгол ёс заншил, соёл уламжлал гээд их олон зүйл сургах хэрэгтэй. Харин тэр талаар хийж байгаа уран бүтээл бага байгаа юм шиг надад санагддаг. Монголоо гадаадад сурталчлах, өв уламжлалаа хамгаалан үлдээх уран бүтээл миний хувьд их үгүйлэгддэг.

Ж.Ганбат: - Гадаадад сурч боловсрох, ажиллаж амьдрахад илүү нөхцөл боломж байгаа учраас л Монголчууд гадагшаа гарч амьдраад байна, тэгээд болж өгвөл тэндээ үлдчих санаатай байгаад байна. Гэхдээ Монгол хүн л юм чинь хэзээ нэгэн цагт эх орон руугаа буцах л байх гэж боддог. Тэр үед энэ дундаас нэг завсрын үе үлдэж байгаа нь гадаадад төрж өссөн тухайн улс орондоо идээшсэн хүүхдүүд байгаа юм. Энэ хүүхдүүд чинь гэхдээ заавал Монголдоо очиж тэр ёс заншил, соёлоо яс махандаа шингээнэ гэхээс  энд хичнээн сургалт, семинар зохион байгуулаад нэг их үр дүнд хүрэхгүй болов уу гэж бодож байна. Чухам эцэг эхээс юу шаардлагатай вэ гэхээр аль болох Монгол хэлийг мартуулахгүй, гэр орондоо нийтлэг Монгол ёс заншилыг ягштал баримталж байх хэрэгтэй байх. Тийм гэр бүл бол тухайн хүүхдэд нөлөө үзүүлэх болов уу.

Яг Монгол соёлыг харуулсан кино гэхээр Монголын хуучны кинонуудыг үзүүлээд байхад хангалттай. Жишээ нь, Хүргэн хүү, Мандухай Сэцэн Хатан, Үер, Тунгалаг Тамир, Хөдөөгийн баясгалан гээд энд чинь Монголын ёс жаяг тэр чигээрээ шингэсэн байдаг. 90- ээд оноос хойш бараг Монгол ёс заншлаа харуулсан кино хийгдээгүй байна. Шинэ Үсгийн багш л бараг сүүлд гарсан Монголын тэр үеийн байдлыг харуулсан кино юм уу даа. Монгол соёл, уламжлалыг судлаад хадгалж байх Соёлын төвүүд байх ёстой болов уу.

-Өнөөгийн Монголын нийгэмийг та киногoор төсөөлье гэвэл ямар кино хийх вэ?

Ж.Ганбат: - Тэгвэл би Энэтхэг кино хийнэ. (инээв) Дуутай бүжигтэй, баянтай ядуутай, зодоон самуунтай тийм л юм надад төсөөлөгдөж байна.

-Гадаадад байгаа Монголчууддаа хэлье гэсэн үг байдаг л байх.

Ж.Ганбат: - Дайчин бай, ажлаас бүү шантар, ажил битгий гол. Дэндүү үрэлгэн байна, энд ирсэн зорилгоо биелүүлээд, цаг хугацаагаа хэмнээд хурдхан шиг л эх орон руугаа буцах хэрэгтэй байна. Бидний байх газар чинь эх орон минь шүү дээ. Эх орондоо хэрэггүй хүн гэж байдаггүй юм.

-Сүүлийн асуултыг таньд үлдээе.

Ж.Ганбат: - Бүгдээрээ эв нэгдэлтэй байж хамгийн гол нь бие биедээ их тэвчээртэй хандах хэрэгтэй л дээ. Нэг хүн нэг юм хийх гээд сар ч болоогүй байхад нь чи чадахгүй, болохгүй байна гээд муулахдаа биш тэвчээртэй хандаж, ажлын үр дүнг үзэж байж муулах сайлахаа бодох хэрэгтэй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны уран бүтээлд ажлын амжилт хүсч, амьдралд тань аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Ж.Ганбат: - Баярлалаа.

 

Та бүхэн киноны багийнхантай холбоо барихыг хүсвэл доорхи утас, мейлээр холбогдоорой.

G&G studio

Г.Мандах: Mobil: 073-919 5498

E-post: mandah0318@yahoo.com

Ж.Ганбат:  Mobil: 073-561 4799 (Ажлын өдөр 17:00 цагаас хойш залгана уу! Баярлалаа)

E-post: jambaldorjganbat@yahoo.se

 

 

Ярилцсан А.Дэлгэрцэцэг, Г.Жаргалан

Стокгольм хот 2011-04-18

 

www.swemon.info


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.