04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ШВЕЙЦАРИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Хуучин атомын цахилгаан станцад аюулгүй байдлын арга хэмжээг хангалттай авч байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зөвшөөрөхөөр Швейцарийн Дээд шүүх шийдвэрлэв.

Берн хотын ойролцоо орших Мьюлберг атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохыг цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгч бүлгээс шаардаж байгаа билээ. Тус цахилгаан станц баригдсанаасаа хойш 40 гаруй жилийн хугацаанд аюулгүй байдлын асуудал гаргасаар ирсэн гэж тэд зарга мэдүүлсэн.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард зарга мэдүүлэгчдийн гомдлын дагуу Швейцарийн захиргааны шүүхээс цахилгаан станцын үйл ажиллагааг энэ оны зургадугаар сар хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн юм. Харин цахилгаан станц энэ шийдвэрийг давж заалдсан ажээ.

Лозанне дахь Дээд шүүх зарга мэдүүлэгч талын гомдлыг няцаасан байна. Цахилгаан станцын талаас аюулгүй байдлын арга хэмжээг хангалттай аван, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж Дээд шүүх дүгнэв. Түүнчлэн тус атомын цахилгаан станц нь газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх, реакторт цууралт үүсэхээс өөрийгөө хамгаалах чадвартайг шүүхээс батлан тодорхойлжээ.
Харин цахилгаан станцад Швейцарийн цөмийн аюулгүй байдлыг сахиулагчдын зааварчилгааг чандлан сахихыг үүрэг болголоо.
2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын улмаас Швейцарийн Засгийн газар 2034 он гэхэд улсынхаа таван атомын реакторыг хаахаар шийдээд байгаа билээ.
Мөн Швейцарь зэрэг улсад атомын цахилгаан станцыг эрчим хүчний өөр ямар эх үүсвэрээр орлуулж болох талаар хэлэлцэж эхлээд байгаа юм.
Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.