04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

СИРИЙН БОСОГЧИД АЛЕППО ХОТООС УХАРЧ БАЙНА

     Сирийн армийн өгсөн хүчтэй цохилтын улмаас босогчдын зэвсэгт бүлэглэлүүд тус улсын умард нийслэл болох Алеппо хотын зүүн дүүргүүдээс ухарч байна. Бямба гарагт тус хотын Саххур болон Шаар дүүргүүдээс хэдэн арван жип машинтай босогчид орчин тойрны тосгодод байгуулсан баазуудын зүгт дайжин гарчээ. Сирийн армийн давшилтанд онхолдуулан хаяж замын бартаа болгон ашиглаж буй автобус, ачааны машинууд садаа болж байна. Түүнчлэн мэргэн буучид байшингуудын дээврээс цэргийнхэн рүү галласаар.

    Мөн хотын эртний хэсэгт ч харилцан буудалцах явдал хэвээр гэнэ. Тухайлбал Омейядын их сүм болон Антиохын хаалга, дундад зууны үеийн зах дээр босогчид эсэргүүцлээ үзүүлсээр байна.

Алеппогийн захад Сирийн арми Анадан, Харейтан, Телль-Рифаате зэгэн газруудад "Сирийн чөлөөлөх арми"-ийнхан руу довтолж байна.

    Аж үйлдвэрийн төв Хомс хотын Халиди дүүрэгт зэвсэгт босогчдын сүүлчийн цэг устгагдсанаар 160 босогч бямба гарагт жагсаалаас гарчээ. Дамаск-Алеппогийн машин зам дээр орших Растанд 40 босогч устгагдсан гэж  "Аль-Ватан" сонин мэдээллээ. Хомс хотоос баруун зүгт 30 км-т орших Эль-Кусейрт Ливантай хиллэсэн газар нутагт байгаа босогчдын баазыг устгах томоохон ажиллагаа явагдаж буй. Энд хуягт техник, артиллерийг татан авчирснаас гадна агаараас Сирийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэрэгнүүд довтолсоор байгаа аж.

    Түүнчлэн Иордантай хил залгасан нутгаас нийслэл рүү босогчдыг нэвтрэхээс сэргийлэх зорилгоор засгийн газар цэргийн томоохон хүчийг өмнөд чиглэлд илгээжээ.  Дамаск хотын оролцоо орших Дорнод Гута бүс нутаг дахь Шейфуни, Отая, Нашаби суурингуудад Сирийн агаарын нисэх хүчин цохилт өгчээ. Мөн Кудси, Эль-Хамма, Жамрая гэсэн гурван хотод цэвэрлэгээ явуулах үеэр Ливи, Тунис, Афганистанаас нэвтэрч ирсэн хөлсний цэргийн хэд хэдэн бүлгийг бүслэн авч устгасан гэнэ.
    Арабын Сири улсын Батлан хамгаалахын сайд Фахд Жасем аль-Фрейж бямба гарагт Израильтай хийсэн 10 дугаар сарын дайны 39 жилийн ойг тохиолдуулан манай улсын зэвсэгт хүчин "Сирийн өнцөг булан бүрт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох шийдвэр бүрэн төгс байна" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Террортой хийж буй дайны замын талыг нь нэгэнт туулаад буй бөгөөд манай эрэлхэг зоригт дайчид удалгүй улс орноо гадаадын хөлсний цэргүүд, "Аль-Кайда"-гийн террористууд, ваххабитууд болон бусад экстремист бүлэглэлүүдээс бүрэн цэвэрлэнэ" гэжээ. Түүнчлэн хэн сайн дураараа зэвсгээ хураалгасан этгээдэд өршөөл үзүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна. "Сири улс өөрийнхөө бүх хөвгүүдийг түүний дотор алдаа гарган эх орныхоо эсрэг зэвсэг барьсан хэдий ч өдгөө үүндээ гэмшиж буй хөвгүүдээ ч эргүүлэн авахад бэлэн байна" хэмээн сайд өгүүлжээ.
С.Амар

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.