03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

Ховд аймгийн Зэрэг сум “Улсын тэргүүний сум”-ын шагналаа гардлаа

Баруун  бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сумын “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд гардууллаа.

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон. 2014-2015 оны ажлаараа Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн юм. Зэрэг суманд болсон шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо.

Бүс нутаг дахь аймгийн удирдлагууд буюу бүсийн зөвлөл тухайн бүсээсээ шилдэг сумаа шалгаруулж, Засгийн газарт санал болгодог. Дөрвөн бүсээс шалгарч ирсэн сумдын үйл ажиллагаатай Засгийн газар танилцаж ажлыг нь 20 орчим үзүүлэлтээр шалгаруулдаг. Ховд аймгийн Зэрэг сум гол үзүүлэлтүүдээ иж бүрэн хангасан, эдийн засгийн өсөлт сайн, малын тоо толгой тогтвортой өссөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж ажилласнаар иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдсэн. Малжуулах хөтөлбөр сайн хэрэгжсэн сум юм гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэлээд аймгийн иргэд, удирдлагуудад улам өндөр амжилт хүслээ.

Ховд аймгийн Зэрэг сум эмэгтэй удирдлагатай цөөхөн сумын нэг. Нийгмийн чиглэлийн ажлууд илүү сайн хийгддэг, эрүүл мэнд, боловсрол болон ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад түлхүү анхаарч ажилладаг гэж аймгийн удирдлагууд хэлж байлаа.

Тухайлбал, тус сумын хүүхэд, залуучууд элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцэж байгаа байдлаараа аймагтаа төдийгүй улсад дээгүүрт ордог байна.

Нутгийнхаа хүн ардын хөдөлмөрч зан үйл, өв уламжлалд тулгуурлан, хүний хөгжлийг хангах, бизнесийн орчныг нэмэгдүүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж аймгийнхаа зүүн бүсийн төв, “Улсын тэргүүний сум”  болох  зорилт тавин ажиллаж ирлээ, цаашид улам илүү хичээж ажиллах болно гэж Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Ж.Октябрь хэллээ.

Манай сум  800 орчим өрх, 3000 гаруй иргэнтэй. Өнгөрсөн онд сумын хүн ам  өмнөх оныхоос 70 гаруй  хүнээр нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтийн гол хэмжүүр болох хүн амын дундаж наслалт 72.4-д хүрч, улсын дунджаас 2.4 пунктээр дээгүүр насалж байна. Нийт хүн амын 60.4  хувийг хөдөлмөрийн насны хүн ам, 39.6 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам эзэлж байна гэж тэрээр танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.