05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

1000 тэмээний баяр болов

ХХААЯ, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ хамтран “Их говийн тэмээний баяр 2015” тэмцээнийг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгууллаа.

Энэхүү наадам нь хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлсэн бөгөөд сайхан тэмээтэй ганган хос, үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулалт, буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн бухиа зэрэг тэмцээн явагдсан юм.

“Сайхан тэмээтэй ганган хос”-ын тэмцээнд 25 хос оролцсоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг, Эрдэнэ сумын Ж.Банзрагч, Л.Бүрэнтуяа, Шарга сумын Ш.Болдбаатар, Долгоржав нар шилдгээр шалгарлаа. Наадмын "Шилмэл буур" шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцож, Нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн 7 настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын 6 настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын 7 настай улаан, тусгай байранд Бигэр сумын Д.Мөнхдалайн 8 настай хүрэн, Чандмань сумын А.Эрдэнэбатын 8 настай шар буур тус тус шалгарав.

“Их говийн тэмээний баяр”-ын үеэр Тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байгаа тэмээчин Ж.Төмөрбат, Б.Занданхүү, Д.Батчулуун, Ю.Тогтох, В.Хадбаатар нарыг Хүнс, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр, тэмээчин Н.Гомбыг хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсныг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд нар гардуулан өглөө. Түүнчлэн “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа тэмцээний үеэр зохион байгуулагдав.

Тус үзэсгэлэнд Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Ховд, Увс, аймгаас ирсэн 88 аж ахуй нэгж, иргэд 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцууллаа. “1000 тэмээний баяр”-аар Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн 124 ат 12 километрт уралдаж шилдгүүд тодорсон юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.