03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Багануур, Налайх дүүргийг дагуул хот болгохоор шийдвэрлэлээ

НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулсан. Санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм.

Хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “НИТХ-ын төлөөлөгчид бид Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах түүхэн шийдвэр гаргалаа. Хот байгуулахад иргэдийн хүсэн хүлээсэн тэр бүх үр дүн нэг дор хэрэгжинэ гэж байхгүй. Харин НИТХ, нийслэлийн Засаг дарга хотыг хот шиг болгож, хотын иргэд асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх хууль эрх зүйн үндэс, санхүү, өмч хөрөнгийн бололцоог хангаж, шаардлагатай хууль дүрэм, асуудлуудыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, хамтран ажиллах ёстой. Бид өнөөдөр уг асуудлыг баталж байгаа ч маргааш нь янз бүрийн үл ойлголцол, зөрчил гарна. Тэр бүгдийг НИТХ, нийслэлийн Засаг даргын хэмжээнд дор бүрт нь шийдвэрлэн ажиллаж чадвал магадгүй хэдэн жилийн дараа бидний тавьсан эхлэлийн үр дүн гарах бизээ. Хамгийн гол нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “УИХ-аас нийслэл дагуул хоттой байж болно гэдэг шийдвэр гаргачихсан. Нийслэл түүхэндээ анх удаа дагуул хот байгуулж, иргэдийнхээ хүсэл зорилгыг хэрэгжүүлэх гэж байна. Дагуул хот байгуулагдсанаар улс төрийн биш аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагаа хот руу шилжинэ. Өөрөөр хэлбэл хот бие даан шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг юм. 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 1994 онд энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй 21 жил болсон. Багануурчууд дээд шатны дарга нартаа үйлчилдэг биш иргэддээ үйлчилдэг даргаа өөрсдөө сонгодог болохыг 11 жил хүлээсэн. Тийм учраас энэ бол түүхэн шийдвэр юм” гэлээ.

Хот байгуулснаар хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломж нээгдэх, Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулж, хотын хөгжилд дэвшил гарах, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамааралгүйгээр асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэх, Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачилга нэмэгдэх, нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан дүрмээ батлан хэрэгжүүлэх ач холбогдолтой.

Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.