05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ДЭМБ-аас Туул голыг хамгийн их бохирдолтойд тооцов

Улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд төрөөс усны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт болон Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц, хэрэглээ, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор БОНХЯ, Туул голын сав газрын захиргаа (ТГСГЗ) хамтран өнөөдөр “Туул форум”-ыг зохион байгууллаа.

 

Монгол Улсын төв, хойд хэсгээр 704 км урт зам туулан урсаж, нийслэлийн сая гаруй иргэнийг ундны усаар хангадаг Туул голын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн их бохирдолтой 7 голын нэгэнд Туул голыг нэрлэжээ. ДЭМБ-аас уг жагсаалтыг гаргахдаа, “Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг Туул гол руу нийлүүлдэг. Голын дагуух бургас, модод нь устаж үгүй болсон. Улаанбаатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг бохирдож, ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна. Энэ голын загас жараахай ихээр үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүйлийн хорт ургамал хүртэл ургах болжээ" хэмээн онцолсон байна.

Туулын бохирдлыг судалж үзэхэд хар тугалга илэрсэн. Мөн ундны усанд байвал зохих хлормины хэмжээ 2,5 дахин ихэссэн. Одоогоос хэдэн жилийн өмнө Туул голын уснаас мөөгөнцөр илэрсэн, мөн олон арван мянган загас үхсэн тухай мэдээлэл ч гарч байв. Нийслэлийн иргэд Туул голын усанд автомашинаа угааж, эрэг дээр нь архидан согтуурч хог хаягдал их хаях болсон. Ундны эх үүсвэрээ “хогийн сав” мэт үзэх болсон энэ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэйг  форумд оролцогчид онцолж байлаа.

Форумын үеэр Туул голын бохирдол, ундны усны нөөцийн талаар албаны хүмүүстэй уулзаж тодруулсан юм.

ТГСГ-ын Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн П.Магсаржав, “Голын хамгаалалтын бүс бол 1995 онд баталсан “Усны тухай” хуулиар зохицуулагддаг. Нийслэлийн хэмжээнд Туул голын урсац бүрэлдэх хэсэг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн тэжээгдлийн гадаад, дотоод муж болон усны сав газрын энгийн гэсэн гурван хамгаалалтын бүсд байдаг. 2012 онд “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулгад голын сав газрыг онцгой болон энгийн гэсэн хамгаалалтын бүс байх ёстой гэж заасан. Онцгой хамгаалалтын бүс бол голын эргээс 50 метрийн дотор, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрт тогтоох ёстой. Гэхдээ одоогоор голын хамгаалалтын бүсийн аргачлалыг тогтоохоор Засгийн газар, БОНХЯ судалгаа хийж байна. Энэ хүрээнд хуульд заасан хамгаалалтын бүсүүдийг зөрчсөн газар ашиглалтын талаар судалж байгаа. Хуульд онцгой хамгаалалтын бүсэд хайрга, дайрга олборлох, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр байгуулахыг хориглох зэрэг заалт бий. Голын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг голын хамгаалалтын бүсэд орсон эсэхийг тодорхойлдог. Хэрэв хамгаалалтын бүсэд нэвтэрсэн бол үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлдэг. Гэхдээ бид тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх байдаггүй. Үүнийг МХЕГ болон холбогдох албад шийднэ. Туул голын эрэг дагуу бол 80 мянга гаруй газар олгогдсон байна. Бид НӨХГ-аас мэдээлэл авч байгаа ч мэдээллийн сан бүрэн бус байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна. Үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжээс дурьдвал. Жуулчны баазууд, “Номин констракшн”, “S development” зэрэг нэлээд аж ахуйн нэгж байдаг. Үүнд бид шаардлага хүргүүлээд, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх бүхий байгууллагад  хандаад байгаа”

БОНХЯ-ны Усны мониторинг, зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, “Ундны усыг хамгаалах чиглэл бий. Нэгдүгээрт компаниудын усны төлбөрийг нэмсэн. Өмнө нь уул уурхай, барилга зэрэг үйлдвэрлэлийн салбарт тонн тутамд 150 төгрөг байсан. Одоо бол тонн тутмаас 900-1300 төгрөг авч байгаа. Энэ бол усыг хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хөшүүрэг болж байгаа юм. Хэрэв байгууллагууд ашигласан усаа дахин ашиглаж байвал тэр хэмжээгээр  төлбөрийг нь  хөнгөлөх бодлого баримталж байна. Хоёрдугаарт ус бохирдуулсан этгээдийн төлбөрийн асуудал бий. Энэ бол бохирдуулагч нь хохирлыг төлөгч байх ёстой юм. Хаягдал ус гаргаж байгаа бүх аж ахуйн нэгж төлбөр төлнө. Тэгэхээр ямар ч аж ахуйн нэгж өндөр төлбөр төлөхгүйн тулд хаягдал ус аль болох бага гаргах сэтгэлгээ суух юм. Гуравдугаарт, ашигласан дахин ашиглах технологитой аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг. Усны хомдсол, бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсээс ангижрах хэрэгтэй. Монгол орны нутаг дэвсгэр дахь гол мөрнөөс хамгийн их бохирдолтой нь Туул гол. Энэ гол Сонгины булангаас эхлээд Багануур хүртэл 140 км орчим бохирдсон.  Тиймээс бид энэ онд Азийн хөгжлийн банктай хамтран Туул голын бохирдлын хэмжээг нарийвчлан тогтоож бохирдлыг хэрхэн цэвэрлэх талаар судалгаа хийнэ. Тэгээд 5 жилийн дотор цэвэрлэхээр төлөвлөж байна. Үүний тулд цэвэрлэх байгууламжаа шинэчлэх шаардлагатай. Улсын хэмжээнд нийт 64 цэвэрлэх байгууламж байдаг. Үүнээс байнгын үйл ажиллагаа явуулж буй 28 байгууллага байна. Улаанбаатар хотод байгаа цэвэрлэх байгууламж бол ачааллаа дийлэхээ больсон. Өнөөдөр тус газарт үйлдвэрийн, ахуйн гээд бүх хаягдал очиж байгаа. Ер нь хүчин чадал нь бүрэн цэвэрлэж хүрэхгүй байна. Тиймээс Засгийн газрын концессын гэрээгээр хэрэгжих ажлын жагсаалтад оруулсан. Тэгэхээр энэ онд концессынхоо ТЭЗҮ-г гаргаад гүйцэтгэгч байгууллагаа сонгох ажил эхэлсэн. Мөн голыг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийг хязгаарлах асуудал бий. Үүний дагуу түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг голын хамгаалалтын бүс, хүн ам хэт төвлөрсөн газраас гаргах хэрэгтэй гэдэг асуудлыг ярьж байна".

Геоэкологийн судалгааны хүрээлэнгийн доктор Н.Жадамба, “Улаанбаатар хот цэвэр усны нөөцөө тодорхойлох ажлыг олон жилийн өмнөөс  эхэлсэн. Тухайлбал, 1933 онд тухайн үеийн ЗХУ-ын судлаачид судалж байсан байдаг. Үүнээс хойш 1994 онд Японы Жайка байгууллага томоохон судалгаа хийсэн. Энэ бүх судалгааны материал одоог хүртэл хадгалагдаж байгаа. Мөн Монголын судлаачид 2000 оноос хойш усны нөөцийн судалгаа хийж байгаа. Энэ судалгаануудаас харахад нийслэлийн ундны усны хэрэгцээ гүйцэд хангагддагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс одоо ундны усны нөөцийг өргөтгөх судалгаа хийж байна. Илэрсэн нөөцөө тодорхойлоод хэрэгцээгээ зөв тооцоолох юм бол хэрэглэгчдийг бүрэн хангах боломж бий.  Ундны цэвэр усны нөөц  Хүй долоон худагт жижиг , Гачууртад бас нэг бий.  Энэ бүх жижиг эх үүсвэрүүдээ нэгтгэх инженерийн байгууламж барихаас эхлээд хөрөнгө шаардлагатай.  Гэхдээ энэ бол тийм ч хүндрэлтэй асуудал биш . Бид байнга гадрагын ус ашигладаг. Учир нь өвөл гадаргын ус 2 метрээс доошоо хөлддөг. Тиймээс цахилгаан станц, үйлдэрийн газрууд болон хүн амын хэрэгцээг газрын гадаргын усаар хангадаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хотын төвтэй ойр орших цооногуудын усны химийн найрлагад өөрчлөлт ороод байна.  Өмнө нь нэг литр усанд 100 грамм орчим эрдэсжилттэй байсан бол одоо 150-200 грамм болж өссөн. Энэ нь ашиглалт ихтэй байгаагаас шалтгаалан усны нөлөөлөх, уусгах процесс хурдацтай явж байгаатай холбоотой. Уулын чулуулгаа хүртэл уусгаж байна. Энэ нь  төвлөрсөн нэгдсэн системтэй манай нийслэлд томоохон асуудал үүсч  болно”.

УСУГ-ын Техникийн бодлогын хэлтсийн дарга Б.Батсүх, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулж эхлээд 50 гаруй жил болж байна. Удаан хугацаанд ажилласан төв цэвэрлэх байгууламжийн технологийг цэвэрлэх, шинэчлэх ажил хийгээгүйн улмаас Туул голыг бохирдуулах нэг эх үүсвэр болсон. Стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж бол нийт усны 90-95 хувийг цэвэрлэж, хэрэглээнд нийцсэн усыг голд нийлүүлж байх ёстой. Харин нийслэлийн цэвэрлэх байгууламж нийт усны 65-70 хувийг л цэвэрлэж байна. Энэ бол их хэмжээний бохирдолтой ус Туул голд цутгаж байна гэсэн үг. Үүнээс болж Туул гол бохирдлын улмаас экологийн хүнд нөхцөлд орж, ширгэх аюул нүүрлэнэ. Тиймээс хоногт 250 метр куб цэвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн дэвшилтэт технологийн шаардлагыг хангасан шинэ цэвэрлэх байгууламж барих талаар ярилцаж байна. Үүнийг Японы Жайка олон улсын байгууллагын хөнгөлттэй зээлээр хийхээр ярьж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас зээл зогсонги байдалд орсны улмаас шинэ цэвэрлэх байгууламж барих ажил хойшилсон. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, Монгол Улсын хүн амын тэн хагасыг ундны усаар хангадаг Туул голоо аврах хэрэгтэй байна” гэлээ.

Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын эрхлэгч Л.Жанчивдорж, “Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 3.2 хувийг эзэлдэг. Гэтэл энэ жаахан газарт хүн амын 60 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байна. Тийм учраас хүн амыг усаар хангах асуудал бол Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудал боллоо. Нийслэл усны хомсдолд орсон. Нэг хүн өдөрт дор хаяж 25-40 литр ус хэрэглэх ёстой. Гэтэл гэр хороололд амьдарч буй иргэд өдөрт 7-10 литр ус хэрэглэдэг. Тиймээс үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сүүлийн үед Хараа гол, Хэрлэн голоос 130-150 км-ын цаанаас усаа татах асуудал ярих боллоо. Гэтэл энэ бол Улаанбаатар хотын төвлөрлийг улам бүр нэмэгдүүлнэ гэсэн үг.  Усны эх үүсвэрийг нэмэх талаар ярьж байгаа нь зөв ч аргачлал нь буруу байна. Миний хувьд энэ асуудлыг шийдэх хоёр арга байна. Нэг бол бохир усаа хэрэглэ, эсвэл цэвэр устай хэсэгт нь усан сан байгуул. Боомт байгуулах санхүү, эдийн засгийн боломж нөхцөл хангалттай бий гэж үзэж байна”

Ч.Ариунболд

Гэрэл зургийг П.Төгөлдөр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.