05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Улаанбаатар бид хоёрын асуудлууд 1

Заримдаа энэ нийгэмд маргинал байдалд орсон мэт санагдах юм. Хүн өөрөө нийгмийн амьтан болохоор маугли болж ч бас болохгүй. Өглөө гараад л асуудлууд. Замын түгжрэл шинэ өдрийн минь эхний бухимдал. Хоёр зээрдээрээ алхчихдаг ч гэсэн үе үе унаанд суух хэрэг гаралгүй яахав. Явган явсан ч уур хүрмээр...Ганцаараа ч гарч чадахгүй үес олон.Авто зам дээрх асуудал дуусашгүй юм аа. Гэхдээ л алхах нь хамгийн зөв шийдэл.


Өнөөдөр би автобусанд суулаа. Ангиараа болов уу гэлтэй шуугилдсан олон оюутнууд надтай нэг тэргээр зорчив. Хэдэн залуус нь оюутны визагаа нэг нэгэндээ дамжуулж амьхандаа туулайчлах гэж оролдоод баригдах нь тэр. Автобусны үйлчлэгч нарыг ааштай аягтай, ууртай уцаартай гэж олонтой сонсож, өөрөө ч мэдэрч байсны хувьд үүнийг нотлоно. Урагшаа ахиж хөдлөх байтугай байрандаа эргэх ч зайгүй байхад чихих гээд чичрээд байдгийг нь яана гээч... За тэгээд болоогүй орлогогүй хэдэн сургуулийн хүүхдийг чимхэж, базалж байж хэдэн зуун төгрөгийг нь салгана. Загнуулж зүхүүлсэн хэдэн хүүхдүүд магадгүй ижий аавдаа ч цохиулж үзээгүй хүүхэд байх юм бил үү? Хөөрхөн жижигхэн гартаа хөлсөнд норсон хэдэн мөнгөө кондуктарт хураалгаагүй үлдвэл чихэр жимсгэнэ болгоод баярлана. Үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй өнөөгийн нийгэмд ганц удаа тэр жаахан амьтныг үнэгүй явуулчихад хэцүү юм юу байхав дээ. Билетээ ч тасалж өгөхгүй өөртөө баахан завшдаг хойно. Харин эдгээр бяцхан иргэдийн хажууд оюутнууд бол харин ч мөнгөтэй улс. Оюутан шиг ядуу хүн алга гэдэг мөртлөө хаа газраас баар саванд оюутнууд л байдаг. Оюутнууд харин ч сурлаа гэж төрөөс 70 мянган төгрөг, эцэг эхээсээ хэдэн төгрөг авдаг улс байгаа. Бас оюутан гэж хөнгөлүүлээд виза гэгч эдээр явчихна. Энэ мэдээж хэрэгтэй хүндээ хэрэгтэй л эд.

Одоо билет таслагчийн үүднээс авч үзье. Хэн ч харсан 10 жилийн хүүхэдтэй барьцахааргүй улсууд мөнгөө өгөхгүй, визагаа үзүүлэхгүй байхаар уур уцаар нь хүрнэ. Би энэ нөхцөл байдлыг ажиж байсны хувьд нэг их зөв явдал шиг харагдсангүй. Яагаад ангиараа шахам олуулаа явж байж визагүй нэгэндээ унааны мөнгийг нь зээлээр ч болов өгчихөж болохгүй гэж. Бүр визагаа хуураалгасан нэг рүүгээ маасайтал инээлдээд байх юм. Нэг ангийн найз нөхөд гээд байгаа шүү. За бүр бүгд мөнгөгүй байж. Тэгвэл автобусанд суух визагүй, билет авах мөнгөгүй байдаг бол ойрхон зуураа алхаж сурмаар юм. Ядаж л эрүүл мэндэд тустай, хэрүүл уруул хулгай зэлгийгээс хол.

Хулгай гэснээс сэрийтэл нь чихсэн автобус бол хулгайчдын хувьд жинхэнэ амттай зоог. Энэ автобусанд суух үед хэдэн нөхдүүд өөдөөс гүйх шахам гарсан нь хайчин гартнууд байжээ. “Чиний цүнх ямар азаар ингэж онгойдоггүй байсан юм” гээд л хоёр хүүхэн ярьж байна. Өмд цамц, цүнх сав юу ч байлаа ухна шүү дээ. Сүүлийн үед хэн ч харсан анзаарахгүй, өнгө зүс сайтай нөхдүүд халаас тэмтэрдэг болжээ. Бидний чулуу гэж нэрлэсэн 3310 мэтийн зүйл байвал бараг хэрэггүй гээд буцаагаад хийчихдэг гэж байгаа. Зорчигчийн тоо их бага огт хамаагүй. А, Б, В гээд дугаарласан олон төлөвлөгөөтэй байдаг бололтой. Хэрвээ заавал нийтийн унаанд суух ажил гарвал цүнх, хэтэвчээ энгэртээ тэврээд явбал зохино. Халаасанд чинь сул юм юу ч байж болохгүй. Энэ бол таны автобусанд үйлчлүүлэх гол дүрмүүдийн нэг.

Ингээд л түгжрэл, дөрвөн зүг найман зовхисоос тачигнан дуут дохио, хараал урсгаж тамхи зуусан жолооч. Тэгэхээр дулаан орсон энэ сайхан цагт ойр газар алхах нь зүйтэй сонголт болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.