05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫГ ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ

Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр Батлан хамгаалахын салбар Чингисийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнах ёслолын үйл ажиллагаа болов.

Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөг 11.40 цагт нээлтээ хийсэн бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын анги салбарын удирдлагууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зэрэг албаны хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

Энэхүү өдөрлөгийг Олон улсын болон Монголын энхийг сахиулагчдын өдөртэй хамтатган зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Афганистан улсад явуулж буй АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн, Африкийн баруун Сахар улс дахь НҮБ-ын мандаттай “Минурсо” ажиллагаа, Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагчаар ажилласан бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн одон, медаль гардуулав. Тэдэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ, ЗХЖШ-ын удирдах хүмүүс шагналыг гардуулан өгөв.

Тодруулбал Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн А.Балжиннямыг, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тагнуулын офицер М.Эрдэнэ-Очир, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дайчилгааны офицер Э.Сэрээтэр, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тагнуулын дарга Э.Ганзориг, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн техникч П.Энхзаяа, Зэвсэгт хүчний материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цог-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171-Е нисдэг тэрэгний үйлчилгээний бүлгийн дарга Ж.Цогтдорж нарыг, Энхийн төлөө медалиар ТЕГ-ын ажилтан Б.Ундрах, ЗХЖШ-ын цэргийн хангалт үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Батням, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн оператив тасгийн офицер Б.Гантулга нарын зэрэг нийт бие бүрэлдэхүүнийг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Энхийг сахиулагчдад баяр хүргэж үг хэлэхдээ “Даян дэлхийн улс орнуудтай хаяа дэрлэн энх тайвнаар зэрэгцэн оршиж буй манай улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг үлэмж их билээ. Арван жилийн өмнөөс Монголын цэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Чад, Өмнөд Судан зэрэг орнуудад манай энхийг сахиулагчид Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлсээр ирснийг тэмдэглэхэд сэтгэл нэн өндөр байна.

Арван жилийн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй шилдэг залуус маань Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна. Монголын төр, түмэн олон та нараараа болон та бүгдийн гэр бүлээр, хайртай дотнын хүмүүсээр тань бахархаж байна” гэлээ.

Мөн тэрбээр Энхийг сахиулагчдын гэр бүлийг Монголын төр улам бүр дэмжих ёстой гэдгийг тодотгоод Энхийг сахиулагчдын гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийг нь эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээнд нэн тэргүүнд хамруулж дэмжих, бодит туслалцаа үзүүлэх тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч улам бүр анхаарч, энэ талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах гэж байгааг тодотгосон юм.

Батлан хамгаалах яамны нээлттэй өдөрлөгийн үеэр мөн Зэвсэгт хүчний ангиуд зэвсэг хэрэгслээрээ үзэсгэлэн дэлгэж, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиудын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтууд зохион явууллаа.

Мөн цэргийн насны эрчүүд, оюутан болохоор шийдсэн ч мэргэжлээ хараахан сонгож амжаагүй залууст зориулан Цэргийн штабуудын байр, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулиуд танилцуулга мэдээлэл хийж, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн ажилласан жилийн болон хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг Батлан хамгаалах төв архивынхан шууд олгож, 2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн асар их баялаг сан хөмрөгтэй “Монгол цэргийн музей”, цэргийн болоод ажлын хувцас үйлдвэрлэх олон жилийн туршлагатай “Бөртэ” ТӨҮГазар зэрэг Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцууллаа.

Н.Гантуяа

http://www.youtube.com/watch?v=QE5K5fB7Pq8


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.