05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ГХЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нээлттэй өдөрлөг дээр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлын талаар товч мэдээлэл хийснийг тоймлон танилцуулбал:

Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Гадаад бодлогын зорилт, чиглэлүүдийг харгалзан 2009 онд Швед, Кувейтэд 2011 онд Италид шинээр ЭСЯ, 2011 онд АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Гонконг хотуудад Ерөнхий консулын газар нээн ажиллууллаа.  Хилийн чанадад байгаа Иргэдэд туслах санг байгуулан, үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байна. Тус сангаас нийт  350 гаруй сая төгрөгийн тусламжийг иргэдэд  үзүүлсэн байна. Хилийн чанадад амьдарч буй иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэлээ.
Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах ажлыг анх удаа хилийн чанадад зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.

“ГХЯ гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалан, үндэсний хөгжлийн зорилгод нийцсэн, энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын чиг шугамаа тууштай баримталж, гадаад харилцааны үр өгөөжийг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн идэвхтэй ажиллаж ирлээ.

1994 онд батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг XXI зуунд олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлтүүд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө болон эрчимтэй хөгжлийнхээ гараан дээр ирээд буй манай улсын өмнө тулгарч буй сорилт болон зорилтуудтай уялдуулан, гадаад бодлогын гол зарчим, зорилтуудаа тодотгох хэлбэрээр энэ онд шинэчлэн найруулж, 2011 оны 2 дугаар сард УИХ-аар  батлуулав.  

Дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний тоо, давтамж нэмэгдэж, амжилттай хэрэгжиж байгаа нь  манай улсын хоёр талын харилцаа өргөжин хөгжихөд  чухал үүрэг гүйцэтгэж  байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ болон Япон Улстай хөгжүүлж буй харилцааг  “стратегийн түншлэл”-ийн түвшинд, БНСУ болон Энэтхэгтэй Улстай харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр тохиролцсон. Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэх зорилтын хүрээнд шинээр 13 оронтой дипломат харилцаа тогтоож, нийт дипломат харилцаатай орнуудын тоо 162-т хүрэв. Эдгээрээс гадна 3 улстай дипломат харилцаа тогтоосныг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалах үүргийг энэ онд хүлээн авсан нь дэлхий нийтийн ардчиллыг бэхжүүлэх үйлст хувь нэмрээ оруулах, улмаар улс орны нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өргөх чухал ач холбогдолтой болов.

Монгол Улсын гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 онд 5.8 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 11.3 тэрбум ам.долларт хүрч, 2 дахин өссөн байна. Манай улсад 2011 онд нийт 1,1 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь 2008 онтой харьцуулахад 60 орчим хувиар өсөв. Монгол Улсын гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, гадаад харилцааны арга хэрэгслээр дамжуулан улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаад харилцааны салбарын дунд хугацаанд баримтлах чиглэл болох “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.  
Худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр идэвх чармайлт гарган ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ оны 3 дугаар сард  Япон Улсад айлчлах үер тус улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон нь чөлөөт худалдааны хэлэлцээргүй манай улсын хувьд түүхэн чухал ач холбогдолтой шийдвэр юм. Бид ирэх 6 дугаар сарын эхээр хэлэлцээг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.   

Өнгөрсөн жил Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын гадаад харилцааны 100 жилийн түүхийг эмхэтгэн бичиж нийтлүүллээ” гэв.

“Ардын засаг-ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Гадаад харилцааны яамны  нээлттэй өдөрлөгийг 2012 оны 5 дугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулж, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тус яамнаас хийж гүйцэтгэсэн ажлыг иргэдэд танилцуулав.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны салбарт Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийсэн тоймтой ажил, амжилтын талаар ГХЯ-ны газар хэлтсүүд дэлгэрэнгүй танилцуулга хийв. Түүнчлэн ГХЯ-ны Консулын газар гадаадад зорчихдоо эрх ашгаа хамгаалуулах, виз мэдүүлэх, консулын туслалцаа авах талаар иргэдэд заавар зөвлөмж өгч, консулын баталгааг өдөрт нь олгох үйлчилгээг үзүүллээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Нээлттэй өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар болон Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Архивын байгууллага, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг хууль зүйн салбарын байгууллагууд, түүнчлэн Бөртэ төрийн өмчийн үйлдвэрийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Монгол цэргийн музей зэрэг албан байгууллагууд тус тусын буурал түүхийг илтгэх ховор нандин үзвэрүүд болон өнөөгийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах зүйлүүдийг хийж байлаа.

 

{gallery}fotomedee/udurlug5_24_2012{/gallery}

“Ардын засаг-ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.