05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Х.Тэмүүжин л хайран байна

Намуудын нэр дэвшигчид тодорч эхэллээ. Эцэслэн бат­лаагүй ч, дүрмээ дагадаг, дарга нь амласандаа хүрдэг л бол АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Тус намын дүрмийн заалт, удирдлагуудын амласнаар бол АН-ын нэр дэвшигчдийг эхлээд анхан шатны байгууллагууд тод­руулна. Тэндээс олонхийн санал авсныг нь ҮЗХ батлам­жилна. 2008 оны сонгуулийн нэр дэвшигчдийг ч ингэж тод­руулж байсан АН-ын энэ дүрэм, зарчим нь энгийн ойлгомжтой, бас дотоод ардчилалтай.

Тус намын энэхүү шүүлтүүрээр УИХ-ын зарим гишүүн гоожиж, нэр дэвших эрхээ анхан шатны нэгж дээрээ алджээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт Х.Тэмүүжин, Чингэлтэйд Г.Баярсайхан, Дорнодод П.Алтангэрэл нар намын жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадсангүй.

Гэсэн ч тэдний зарим нь тахимаа өгөлгүй анхан шатны “ түрүү бөх”-ийн нэрийг татуул­на, дээд дарга нартаа найдаж байна, унасан, шороотой бөх туг тойрдоггүй нь сонгуульд хамаагүй гэж луу унжиж яваа бололтой. Х.Тэмүүжин бүр анхнаасаа нэрээ ч дэв­шүүлээгүй байна. Үүнийгээ тэрээр “унагахыг нь мэдэж байсан учраас “хор”-нд нь орохыг хүсээгүй” гэж тайлбар­лав. Одоо ямар ч шал­таг, шалтгаан тоочоод унасан УИХ-ын гишүүдийн хувьд той­рогт нэр дэвших “галт тэрэг” нь нэгэнт хөдлөв бололтой. Яагаад гэвэл АН-ын дүрэм нь тийм, өмнөх сонгуулиудын нэр дэвшигчдийг тодруулсан жишиг ч ийм.Дээр нь АН бол МАН биш. АН дарга шүтдэггүй, дарга харин сонсох ёстой гэж үздэг нам.

Энэ бүхэн мэргэжлийн хуульчид тогтоох ёстой хууль хэмээх чимхлүүр ажлыг сайн дурынхан хийснээс үүдэлтэй алдаанууд юм. Хэрвээ хууль тогтоодог газар нь хуульчид олон байсан бол савлагаатай сонгуулийн хууль гарах уу, Засгийн газрын танхимын зарчмыг задлах уу, албан тушаалтнууд өршөөгдөж, Их хурлын дарга нь орондоо хуулиа засах уу. Үгүй шүү дээ. Парламентад “ТМС”-ийн хуульчид орж ирчихээд бидний хэдэн мэргэжлийн хуульчдыг шар махтай минь хатааж байна гэх Ц.Нямдоржийн үг үнэн бөгөөд төрийн хүний зовлон, туршлагатай парла­ментчийн зовнил байх.

Үнэхээр УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч байгаа. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүмжилдэг ч, үүний нөгөө талд мэргэжлийн хууль­чид цөөрч байгаад хэн ч харамсахгүй юм. Энэ нь хууль тогтоож, хууль баталдаг УИХ-ыг бизнес, төсөв хуваадаг тү­шиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизне­сээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хү­лээн зөвшөөрөгдөж буйтай холбоотой бололтой.

Парламент хуульчийн хомсдолд орсны улмаас Хуульзүй дотоод хэргийн салбарын сайдаар малын эмч хүнийг томилж, УИХ-ын Хуульзүйн, байнгын хороог хилийн цэргийн генералаар удирдуулж байсан тохиолдол саяхных шүү дээ. Удахгүй бүрэн эрх нь дуусах өнөөгийн УИХ-д л гэхэд 76 гишүүний дөнгөж найм нь буюу Ц.Ням­дорж, Д.Лүндээ­жанцан, Д.Од­баяр, Ц.Мөнх-Оргил, С.Баяр, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүх­баатар нар л мэргэжлийн хуульчид байна. Тэд үнэхээр цөөдсөн учраас л Ц.Нямдорж сайд “бидний хэдэн мэргэжлийн хуульчид шар махтайгаа хатаж байна” гэж хэлсэн хэрэг. Эдгээр цөөхний нэг Х.Тэмүү­жин тойрогт нэр дэвших эрхгүй болсон нь хууль тогтоох засаглалаа сонгох гэж буй олон түмэнд үнэхээр харамсалтай. Одоо түүнд жагсаалтад орж намын­хаа авсан саналаар УИХ-д орж ирэх боломж бий. Гэхдээ Х.Тэмжүүжинг жагсаалтын хэдэд эрэмбэлэх юм, урдуур орж чадах уу, нам нь түүний жагссан эрэмбэд дүйх хэмжээний саналыг авах уу, үгүй юү гээд эргэлзээ их л дээ. Нөгөө, буу байгаа ч уу, үгүй ч үү, байлаа гэхэд сум нь бай­гаа ч уу, үгүй ч үү. Сум байлаа гэхэд оноо ч бил үү, үгүй ч бил үү гэдэг шиг л бөөрөнхий бөгөөд бүрхэг дээ. Буу сумтай жишсэн харьцуулал­тыг муу ёр, муухай талаас нь авсангүй. Бас нэг иймэрхүү харьцуу­лалтаар үзвэл үлдэж байгаа долоон хуульч ч эргэлзээтэй. Миний нутгийн шувууд хүний нутгийн нуурыг зорилоо, хэд нь буцаж ирэхийг мэдэхгүй гэдэг шиг үлдэж буй долоон хуульч-гишүүд нэр дэвшлээ гэхэд хэд нь буцаж сонгогдохыг зөвхөн ард түмэн л мэднэ. Яг энэ өнцгөөс харж сонгодог, УИХ-ыг хууль тогтоох газар гэдэг жинхэнэ утгаар нь ойлгодог гэвэл Ц.Нямдоржийг дөрөв, Д.Лүндээ­жанцанг таван удаа сонгосон Увс, Өвөрхан­гайнхан, Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр, Д.Одбаярыг хоёр удаа УИХ-д илгээсэн Хэнтий, Дорнодынхны сонголт арай илүү ухаалаг гэмээр. Эдгээр аймгууд болон мэргэжлийн найман хуульчийн тойргийнхон сонголтоороо Монголын парламентын нүүрийг тахалж, нэр хүндийг нь аварсан, бүрэн эрхийн хугацааны туршид гишүүддээ ачааны хүндийг үүрүүлснийх нь төлөө тэдэнд талархан мэхийе.

2012 оны сонгуулиар хуульчгүй хууль тогтоох засаглалаас мэргэж­лийн хуульчид голлосон мэргэшсэн парламент бүрдэнэ гэдэгт олон хүн найдаж горьдож буй. Х.Тэмүүжингийн хуульч мэргэжил парламентын гадна үлдэх вий гэдэгт харамсахын учир энэ билээ.

 

http://otgonbayar.niitlelch.mn/content/4112.shtml


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.