04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Хайрламаар сайхан дуучин төрүүлсэн танай ард түмэнд талархал дэвшүүлье

Олон улсын П.И.Чайковскийн уралдааны 2016 оны Гран-при шагналтан, МУГЖ, Буриад улсын гавъяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар өнгөрсөн бямба гаригт Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит  хөгжмийн дээд сургуулийн бага танхимд концертын тайзыг хийв.

Концертын хөтөлбөрт Г.Ф.Гендель, П.И.Чайковский, С.Рахманинов, Ж.Бизе, Ж.Верди, Ж.Россини,  Э.Григ, А.Пахмутова, М.Магомаев,  Н.Жанцанноров болон А.Андреевын уран бүтээлээс нийт 20 орчим бүтээлээс дуулсан бөгөөд түүний багш Орос улсын Ардын жүжигчин, Буриадын ардын жүжигчин Дариймаа Линховоин төгөлдөр хуур тоглов.

Г.Ариунбаатарын концертыг Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа гэр бүлийн хамт үзэж, алдарт баритонд болон түүний багш Дариймаа Линховоинд цэцэг барьж, хүндэтгэл үзүүлэв.

Концертыг үзэхээр оросын иргэд, манай элчин сайдын яамны дипломатууд, тэдний  гэр бүлийнхэн, Москвад ажиллаж, сурдаг монголын иргэд хүрэлцэн ирсэн байв. Тоглолтын дараа манай сурвалжлагч нэгэн Оросын гэр бүлтэй уулзаж ярилцжээ.  

-Танд манай дуучны тоглолт ямар сэтгэгдэл төрүүлэв, хуваалцахгүй юу?

-Намайг Владимир Анатольевич гэдэг. Би инженер мэргэжилтэй. Москвагийн иргэн. Би  өнөөдөр их сайхан тоглолт үзсэндээ сэтгэл өндөр байна. Би анх удаагаа монгол дуу хөгжим  сонслоо. Аялгуу төгөлдөр сайхан дуунууд байдаг юм байна. Монгол хэл дуунд их сайхан дуулагддаг болохыг мэдэж авлаа. Энэ залуугийн хоолойн чадал хязгааргүй, тэр дээд, доод, дунд өнгийг маш сайхан холбож чадаж  байна. Энэ бол гайхамшиг!  

-Та нар  энэ тоглолтын зарыг хаанаас  мэдсэн бэ?

Гэргий:Бид Ариунбаатарыг Чайковскийн уралдааны Гран-при шагнал авсан тэр үеэс мэдэх болсон. Түүний энэ тоглолтыг аль 9 дүгээр сараас хүлээсэн. Бид байнга интернэтээр концертыг  нь үздэг. Бас нэг нууц задлахад манай энэ Аня /дэргэдэх хоёр  залуу бүсгүйн нэг рүү харж/  маргааш түүний Карменыг үзэх гэж байгаа.

-Аня, тэгэхээр та Санкт-Петербург хот руу явах гэж байгаа хэрэг үү?

Аня:Тийм ээ. Би түүний “Кармен” дуурийг үзэхээр интернэтээр тийз худалдаж авсан,  өнөө орой Санкт-Петербург рүү галт тэргээр гарах гэж байна.

-Ямар сайхан мэдээ вэ! Та нарт баярлалаа.

-Сайхан тоглолт зохион байгуулсан  болон ийм хайрламаар  сайхан дуучин төрүүлсэн танай ард түмэнд амжилт хүсье! Бид цаашид танай дуучдын тоглолтыг байнга үзэж байх болно гэснээр энэхүү  ярилцлага өндөрлөв.

П.И.Чайковскийн нэрэмжит XV уралдааны Гран-при шагналын эзэн Г.Ариунбаатар одоо Орос улсын Санкт-Петербург хотын Марийнский театрын гоцлол дуучнаар уригдан  ажиллаж буй юм. Түүнтэй хамт Дариймаа Линховоин багш хамт ажиллаж байна.Тэдний Орос улсад  болон гадаадын  улс орнуудаар  хийх тоглолтын  график энэ оныг дуустал зайгүй  дүүрчээ.  Г.Ариунбаатар болон  түүний багш Дариймаа Линховоин нарт уран бүтээлийн оргилуун амжилтыг хүсье!  


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.